Sat11252017

Үйл явдлын тойм

“МИНИЙ МЭДЭХ АРХИВ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

“МИНИЙ МЭДЭХ АРХИВ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

Монгол Улсад архивын салбар үүсч хөгжсөний 90 жили...

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ДУУ, ДҮРС БИЧЛЭГИЙН ӨВИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ДУУ, ДҮРС БИЧЛЭГИЙН ӨВИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

Монгол улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгж...

“МИНИЙ МЭДЭХ АРХИВ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА

“МИНИЙ МЭДЭХ АРХИВ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА

Монгол улсад Архивын салбар үүсч хөгжсөний 90 жили...

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС УУЛЫН ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС УУЛЫН ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсө...

Back Хувцас хэмээгч нэгэн эдийн тухайд

Хувцас хэмээгч нэгэн эдийн тухайд

  • PDF

Хойш Байгаль нуур, урагш Цагаан хэрэм, зүүнш Солонгос, баруунш Дундад Ази хүртэлх өргөн уудам нутагт нүүдэлчдийн соёл бүрэлдэн бий болж,  нүүдлийн сонгодог мал аж ахуйн соёлыг дагаад байгаль, цаг уур, дөрвөн улирал, аж ахуйн онцлогт тохирсон хувцас нь  олон мянган жилийн тэртээгээс эдүгээ хүртэл хөгжсөөр ирсэн нь хүн төрөлхтний соёлд оруулсан биеэ даасан  томоохон эдийн соёл болж чадсан юм. Хүн төрөлхтөн үүсэж, дэвшин соёлжихын хамт  хувцас хунараа гоё сайхан, бөх бат болгосоор ирсэн  түүхтэй.
Үүнийг археологийн олдвор, эд өлөг, хөрөг болон гэрэл зургийн дурсгалуудаас мэдэж болно. Тухайлбал, хадны сүг зургаас шинэ чулуун зэвсгийн үеийн нэвсгэр хормойтой хувцастай бүжиглэж буй хүн, хүрлийн үеийн дуулга малгай өмсөж, хутга зүүсэн тулаанч, анчин эр, Түрэгийн үе, Монголын үеийн хүн чулуунаас тухайн үеийн хүмүүсийн дээл малгайны хийц, Монголын үеийн оршуулгаас ноён хүний малгай, дээл, гутал, Юан гүрний үеийн хөрөг зургаас Монголын хаад, хатдын малгай,  дээл өмсгөл зүүлт, ХIХ-ХХ зууны эхэн үеийн Монголоор дайран өнгөрсөн жуулчид, Монголд ажиллаж байсан гэрэл зургийн газарт сүүдэрлүүлсэн гэрэл зургуудаас монголчууд бидний хувцасны соёлын гайхамшигт түүхийг харж болно.
Манжийн ноёрхлын үед монголчуудын хувцсанд нилээд өөрчлөлт гарч  ноёд нь хан, ван, бэйл, бэйс, гүн гэх мэт зэрэг дэвээр ялгарч, тайж нар 1-4 зэрэг, бичгийн болон цэргийн түшмэд 1-9 зэрэгтэй болж, хоорондоо малгай, жинс, дээл хүрэм, фүс, эрих, дэвсгэрийн өнгө зэргээр ялгагдах болжээ. ХХ зууны эхэн үед монгол дээлийг босоо захтай, дөрвөлжин зөв энгэртэй, нударга бүхий урт ханцуйтай хийх болж зах, энгэр, ханцуйны ирмэгийг өөр өнгийн бөс, даавуугаар эмжих болсон. Мөн эрэгтэй хүний дээл, эмэгтэй хүний дээл нь эмжээр, товч, зах, энгэр гэх мэт олон зүйлээрээ ялгаатай. Олон ястангуудын дээл, хувцас нь эмжээр, хийцээрээ өөр өөрийн онцлогтой. Жишээ нь, баруун монголд эрэгтэй хүний дээлний зах, энгэр, сум хормой өргөн эмжээртэй байхад, буриад, дархад дээлний энгэр нь олон өнгийн эмжээртэй, торгууд дээл нь өргөн хар эмжээртэй, халх, буриад, дарьганга эхнэр хүний өмсдөг ууж нь  өөр хоорондоо бас л загвар хийцээрээ ялгаатай. Монголын ястангуудын хувцас гоёлын гол ялгаа нь малгай, дээлийн энгэр, эмжээр, тоног, нударга, уужны мөр, гутал, үсний хэв маяг, чимэг зүүлтээсээ тод харагддаг гэх мэт олон нарийн зүйлийг цааш дурдаж болох юм... 
Дээл, хувцас, хавар, зун, намар, өвлийн гээд олон янз байдаг. Хүйтэн сэрүүний улиралд ишгэн дээл, хурган дээл, сэгсүүргэн дээл, азарган нэхий дээл, дулааны улиралд тэрлэг, хөвөнтэй дээл, дан богино монгол цамц өмсөх жишээтэй. Дээлийн гадуур өмсдөг хүрэм, ууж, цэмбэн цув, хошмогтой хантааз, дах зэргийг янз бүрийн амьтны арьс, торго, бөс даавуу, даалимбаар хийдэг аж. Монгол дээл хувцасны ялгаа, түүхэн хөгжийг бид Үндэсний түүхийн музей, Богд хааны музей гэх зэрэг газруудаас бодитойгоор харж болох юм.
Монголчууд бидний хувцас нь уламжлалт соёл, зан заншил, угсаатан, ястны өвөрмөц онцлогийг тод харуулсан биет соёлын томоохон элемент болохын дээр сайхан морь, мөнгөн эмээл, хазаар, малгай, дээл, хөөрөг, хэт хутга тэргүүтэнг монгол эр хүнээс салангид ойлгож болохгүй шиг,  төгс сайхан бүсгүйг толгойн гоёл, хосолж жигдэрсэн уран хийцтэй монгол үндэсний хувцас чимэглэлгүйгээр төсөөлөхөд туйлын бэрх гэлтэй. Дархан хүний бурхан ухаанаар хийсэн алт, мөнгөн чимэглэлүүд, үйлэнд урнаа илчэлсэн монгол загвар, донж, маягийг шингээсэн хувцаснууд бүгд нийлэн нэгэн иж болж,  монгол гэсэн  үндэстэний хувцасны соёлыг бүрдүүлсэн нь жуулчдын нүдийг хужирлан, зургийн хальсанд нь шингээгдэн, аялалын тэмдэглэлийг нь чимсээр иржээ.Монголчууд
Мандах төрийн малгай
Дэвжих төрийн дээл
Хан төрийн ханжаар
Тулах төрийн гутал хэмээн хэлэлцдэг нь учиртай биз. Тиймээс ч манай ард түмэн хэзээнээс төр ёсны хувцсыг машид эрхэмлэн, дээдлэн хүндэтгэж төр ёсны арга хэмжээ, төрийн орд яамлах, орох зэрэгт нарийн дэг журмыг баримталдаг байсан аж.
Архивын баримтаас үзэхүл: 1912 оны 3 сарын 26 нд Дотоод яаманд Сэцэн хан аймгийн бэйлийн зэрэг түшээ гүн Цэрэнням ирэхдээ хятад янзын оноотой нударгагүй дээл, бүс, хүрэм өмсөж ирснийг тус яамнаас  энэ мэт ихээхэн түшмэл хүмүүс ийнхүү төв ёсны хувцас хэрэглэхгүй, бус улсын худалдааны хүний хувцас хэрэглэн явах нь даруй өөр учир   хэмээн Богд хаанд буруушаан айлтгаж, Зарлигаар шийтгүүлж байжээ.
Энэ тухай архивын баримтанд дурдахдаа  << Энэ болбоос ёсыг мэдэх, журмыг эрхэмлэх хэрэг өнгөрүүлсэн ихээхэн тушаалын хүн мөн. Улс төрийн яамнаа чухал хэргээр одоход чингэж зохис бус хувцас хэрэглэн явсан нь даруй нийлэлцсэнгүй, энэ мэтийг энгийн болгон өнгөрүүлбээс хойч өдрийн дууриан явах муу суртлыг арилган үл чадах тул боолчууд бусад яамтай зөвлөлдөж, цөм санаа нийлэлцсэн бөгөөд энэ хэргийн бэйлийн зэрэг түшээ гүн Цэрэннямыг зохисыг нь үзэж зургаан сарын засгийн пүнлүү хасаж энэ нэгэн удаа хөнгөн цээрлэл үзүүлэн дүрэм үзэмж илэрхийлж, харьяат зохих газруудад тодорхойлон тушааж, үүнээс урагш аливаа их, бага түшмэл жинхэнэ албаны хэргээр яамны газар ирэхэд ийнхүү зохис бус хувцас хэрэглэн явахыг цаазлан зогсоож, цөм төв ёст хувцас хэрэглүүлэн дагаж шийтгүүлбээс нийлэлцэх ба үл нийлэлцэх явдлыг зүй нь хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад Зарлигийг гуйн дагаж явуулбаас зохихын тулд гуйх нь, Богд эзэн гэгээнээр толилж заалхийлэн сургах ажааму. Үүний тул хичээнгүйлэн айлтгав. Зарлигийг гуймуй хэмээн айлтгасанд, мөнхүү сарын арванд хүлээн авсан уг нугалбарт Улаан бийрээр цохсон Зарлиг, Гуйсан ёсоор болгогтун нийтээр зарла, хожим ийм явах нь буй аваас хүнд цээрлэл үзүүлэгтүн >> хэмээжээ.

МУҮТА, Х-7, Д-1, ХН-120, Б-5

Мөн манай улсын төрийн зүтгэлтэнгүүд эдүгээгээс зуугаад жилийн тэртээ монгол хувцасны хэрэглээ, дархлаа, ёс заншил, уламжлалаа хадгалан үлдээхэд ихээхэн анхаарал тавьж байсныг гэрчлэх 1919 оны өөр нэгэн баримтыг толилуулбал:
<< Шавь боол Бадамдорж, Пунцагцэрэн, Пунцагдорж, Жамъяндорж, Пунцагравдан, сөгдөж хичээнүйлэн айлтгах нь, Цагдан сэргийлэх албаны газрын эрхэлсэн түшмэлээс Монголчууд хуучнаас өөр янзын малгай, хувцас хэрэглэхийг цаазлах санаа гаргаж өргөсөн явдлыг хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад, Богд эзэн гэгэээнээр айлдаж дагаж явуулахыг гуйхын учир. Эдүгээ Нийслэл Хүрээний Цагдан сэргийлэх албаны эрхэлсэн түшмэл гүн Цэвэлжигмэддорж манай Дотоод, Цэргийн хоёр яамнаа нэр хамт өргөсөн бичгийн дотроо ойрноос олон хороо харчууд, Маймаа хотын зэрэг газрын энгийн эмс, охид хятад хувцасыг хэрэглэх болсон ба жич, жинс үгүй хавтгай малгай, шар эсгий малгай хэрэглэгчид бүхий нь монголчуудын хуучин суртал ёсонд  нийлэлцэх үгүй болох тул хэрхэн дагаж явуулахыг тогтоон заан тушаахыг эрсүгэй хэмээн өргөжээ. Шавь, боолчууд хянаваас монголчууд угаас хэрэглэж явсан монгол дүрмийн хувцас хунар хэргэлбээс зохих нь бөгөөд эдүгээ Цагдан сэргийлэх албаны газрын эрхэлсэн түшмэлээс монголчуудыг хуучинаас өөр янзын малгай, хувцас хэрэглэхийг цаазлах санал гаргаж өргөснийг зүй нь, айлтгаж тогтоовоос зохихын тулд, хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад гуйх нь, Богд эзэн гэгээнээр айлдаж дагаж явуулах ажааму. Үүний тул хичээнгүйлэн айлтгав, Зарлигийг гуймуй, Шинэ өөр янзын малгай, хувцас хэрэглэхийг нарийвчлан цаазлаж зогсоогтун >>
/Богд хаан Зарлигийн энэ үгийг шунхан бийрээр цохож, мутрын тэмдгээ дарж баталгаажуулжээ Б.А./

Олноо өргөгдсөний есдүгээр он зуны илүү думдад сарын арван гурван

МУҮТА, Х-173, Д-1, ХН-118, Б-1

Өргөн уудам нутагт тархан суусан цөөхөн нүүдэлчдэд хэдэн мал, малаас олох  ашиг шимээс гадна орох өөр орлого нь гар урлал байв. Эрчүүд нь гадуур мал ахуйгаа хариулах зуур эмс, охид нь малгай, дээл, гутал хийх нь өрхийн үйлдвэрлэл байсан аж.  Үйлэнд уран эхнэртэй эр бол гаарлаа гэсэн үг, хавь ойрын чинээлэг хүмүүс дээл, хувцас хийлгэх захиалга тасрахгүй байна гэдэг нь тухайн цаг үедээ тогтмол орлогын нэг эх булаг байв. Тиймээс ч  эмэгтэйчүүд бүхэн оёдолчин байсан нь чөлөөт өрсөлдөөнийг бий болгож ур хийц гайхалтай, шинэ донж маяг тусгасан дээл хувцас үйлчдийн ур ухаанаас гарсан нь магад энэ  эдийн өндөр соёлыг бүтээхэд түлхэц болсноос гадна гар урлал нь аж ахуйн биеэ даасан салбар болон хөгжиж, оёдолчин, малгайчин, гуталчин гэх мэт хөдөлмөрийн нарийн хуваарь гарч, үйл үртсийн ажлаар амин зуулгаа залгуулдаг нэг бүлэг хүмүүс бий болжээ.  Гэтэл Монголын ноёд  Манж нарын зулгуй арганд орсон цагаас хойш гар урлал нь бууран доройтсоор Монголд хятад сайвин /оёдолчин/ нар  олноор ирэн хямд үнээр цохиж,  дээл хувцас хийх зах зээлийг нь булаан эзэлснээр энэ үйл үртсийн ажлаар амьдардаг монголчуудад хүнд цохилт болж. Төв суурин газрын монгол иргэдийг ядуурал хоосрол, өлсгөлөнд нэрмээс болжээ. Үүнлүгээ холбогдсон нэгэн баримтыг толилуулбал.

<<Олноо өргөгдсөний арван дөрөвдүгээр он таван сарын арван нэгэн бөгөөд аргын зургаан сарын арван гурваны өдрөө.
Ардын Засгийн газраа хурлын олон гишүүд хуралдан зөвлөлдөн тогтоосон арван наймдугаар хурлын бичиг.
Зургадугаар зүйл. Монголын Ардын Намын Төв Хорооноос, тус намын төв аравдугаар үүрээс ойрноос Нийслэл Хүрээний шар, хар, эр, эм хүмүүс өөр өөрийн өмсөх хувцасыг хятад сайвин хүмүүсээр хийлгэж арай дөнгөж олсон янчаан мөнгийг талаар сүйтгэн буй хэмээх зэрэг учир гаргаж үүнээс ургаш энэ мэт зүйлийг зогсоож монгол хүнд өгч хийлэгвэл ядуу, дорой этгээдийн амьдралд тустай болов уу хэмээн гүйцэтгэн шийтгүүлэхээр ирсэн учраа, түүгээр гүйцэтгэж шийтгэж хариу ирүүлэх ажааму хэмээн ирснийг хэлэлцээд, бидний монголчууд эртнээс инагш аливаа хувцас зүйлийг цөм өөрсдөөн оёж бололцсоор ирсэн нь харин ойрноос хурдан түргэн бүтэх ба биеийн амрыг эрж үргэлж хятад сайвинаар оёулах болсон бөгөөд энэ нь тийм талаар сүйтгэл болж буй нь гадаадын хүмүүсд өгөх хөлсийг өөрсдөөн ашиглан эдэлбээс их л тустай болох учраа, үүнээс урагш аливаа хувцас, хунар зэргийг эрхлэн хятад сайвинаар оёулж талаар сүйтгэх гэмийг устгахыг тус бүр дахин хичээвээс зохих явдлыг Дотоод яамнаас нийтээр ухуулан зарлаж гүйцэтгэхээс гадна эдийн засгийн үндсэн бодлогын зааварт дордсон монголчуудын олон үйлдвэрийн алба байгуулах явдлыг Сангийн яамнаас нэн даруйхнаа идэвхийлэн гүйцэтгэвээс зохимуй хэмээн тогтов.>>
гэжээ.
Дээр дурдсан баримтуудаас үзвэл, хятад гар урчууд монгол гар урчуудын нэг хэсэг болсон үндэсний хувцсаа үйлдвэрлэн амин зуулгаа залгуулдаг нийгмийн нэг бүлэг хүмүүсийг зах зээлээс нь шахан зайлуулж, монголчууд үндэсний хувцсаа харийн оёдолчноор хийлгэн өмсөх, улмаар үндэсний хувцасаа гээн, харь хятад үндэстний хувцас өмсөх хандлага бий болж, энэ нь үндэсний гар үйлдвэрлэлийн хөгжлийг хумин боогдуулах төдийгүй алсдаа монгол үндэстнийг эдийн соёлын хувьд бусдад уусах, монгол ёс заншил, уламжлалаа умартахад хүргэж болзошгүй туйлын хорт муу үр дагаварт хүргэж болохыг тухайн үеийн төр, шашины зүтгэлтнүүд соргогоор мэдэрч, хууль эрх зүйн хүрээнд хүртэл хатуу арга хэмжээ авч байсан байна.
1921 онд  Монголчууд тусгаар тогтнолоо дахин сэргээн тунхаглаад эдийн засгийн тусгаар тогтнолоо баталгаажуулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний гол цөм нь 1990-ээд оныг хүртэл явуулсан үйлдвэржилтийн бодлого байв. Энэ жилүүдэд гар үйлдвэрийн артель, улсын үйлдвэрүүд эрчимтэй хөгжиж Арьс ширний үйлдвэр, Эсгий гутлын үйлдвэр, Савхин гутлын үйлдвэр, Оёдлын үйлдвэрийн нэгдэл, Хүүхдийн хувцасны үйлдвэр гэх мэт олон сайхан үйлдвэрүүд бий болсон нь иргэд ажил, орлоготой болж, гар урлал, үйл үртсийн ажил өрхийн хүрээнээс хальж орчин үеийн үйлдвэрийн хэмжээнд хүртлээ хөгжихэд хүргэсэн юм. Эдгээр үйлвэрүүдийн оршин тогтнох үндэс нь иргэд дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдхүүнийг авч хэрэглэж заншсанд байв. Гэвч 1990 ээд оноос нээлттэй эдийн засагт шилжин орсноор эдгээр үйлдвэрүүд дампуурч, ажилгүйдэл газар авч, зах, дэлгүүрийн лангуунуудыг хямд, чанаргүй  хятад бараа дүүргэж  Монголын зах зээлд ноёрхсон нь  Монголын төрөөс энэ салбарт язгуураас барьж ирсэн  бодлого гажуудахад хүргэжээ. Түүнчлэн залуучууд бид харийн соёлыг хэт шүтэж, үндэсний хувцас болон дотооддоо үйлдвэрлэсэн хувцас  өмсөхөө больж, гадны оронд үйлдвэрлэсэн хувцас, өргөн хэрэглээний бараа, таваарыг өдөр тутам өргөн хэрэглэх болж. Энэ нь нэг талаар хэрэгцээ хангасан,  өмсөхөд  эвтэйхэн, орчин үеийн загвар гээд л  олон зүйлээр зөвтгөж болох хэдий ч эмгэнэл  байж болох талтай. Гадны оронд үйлдвэрлэсэн хувцас хэдий чинээгээр импортлоно тэр хэмжээгээр бидний арай хийж олсон хэдэн халтар төгрөг  хилийн чинад руу үер мэт урсаж,  монголдоо хэдэн арван эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих хөрөнгө тэртээх оронд баялаг болон сүндэрлэсээр л... 
Буурал түүхэндээ авах гээхийн ухаанаар хандаж, түүхийн сургамжаас нь суралцан, төрөөс үндэсний жижиг, дунд үйлдвэрийг дэмжин хөгжүүлэхдээ үндэсний уламжлалт хувцас болон орчин үеийн хувцсанд үндэсний донж шингэсэн шилмэл загвар бий болгож, өргөнөөр үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангах, ард иргэддээ үндэсний хувцас, дотоодын үйлдвэрийн бүтээгдхүүнээ хэрэглэж заншихын учир утга, ач холбогдлыг ухуулан таниулах далайцтай ажил зохиомоор мэт.
Бие чөтгөр, хувцас бурхан хэмээгч энэ эдийг худалдан өгч, авалцах нь маш энгийн атлаа улс ороны эдийн засгийн тусгаар тогтнол монгол ёс заншил, уламжлалын дархлаанд холбогдсон маш нарийн зүйл гэдгийг баримт өгүүлсээр л, доривтой ажил болгон хэрэгжүүлэх нь  хүлээгдсээр л...

ЛМСТөвийн ажилтан Б.Амартүвшин


Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 3-р сарын 25, Даваа гариг, 15:34

Add comment

Security code
Refresh