Sat11252017

Үйл явдлын тойм

“МИНИЙ МЭДЭХ АРХИВ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

“МИНИЙ МЭДЭХ АРХИВ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

Монгол Улсад архивын салбар үүсч хөгжсөний 90 жили...

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ДУУ, ДҮРС БИЧЛЭГИЙН ӨВИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ДУУ, ДҮРС БИЧЛЭГИЙН ӨВИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

Монгол улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгж...

“МИНИЙ МЭДЭХ АРХИВ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА

“МИНИЙ МЭДЭХ АРХИВ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА

Монгол улсад Архивын салбар үүсч хөгжсөний 90 жили...

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС УУЛЫН ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС УУЛЫН ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсө...

Back Иргэн хүн Монгол хүнтэй гэр бүл болохыг хориглосон Богд хааны зарлигийн тухай

Иргэн хүн Монгол хүнтэй гэр бүл болохыг хориглосон Богд хааны зарлигийн тухай

  • PDF

Манай сан хөмрөгт Монголын түүхэнд холбогдох олон чухаг сурвалж хадгалагдаж байдгаас нэг зарлигийг судлаач, түүх сонирхогчдод зориулж байна. Богд хаантан их сууринаа сууж, тусгаар тогтнолоо зарласныхаа дараа улс орныхоо тусгаар тогтнолыг бэхжүүлэн, нотлохын тулд эрх зүйн шинэтгэлийг хийж байсан билээ.
Ялангуяа Хятад буюу Дундад Иргэн улсын зүгээс Монголын тусгаар тогтнолыг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй байлаа. Тийм нөхцөлд Хятадын эрх баригчид монголчуудыг өөртөө татахын тулд хятад эрчүүдийг монгол охид хүүхнүүдтэй гэр бүл болохыг дэмжиж байв. Энэ нь алсдаа монголчууд хятадад уусахад ч хүрч болзошгүй байдлыг бий болгож байсан юм.
Иргэн хүн, монгол хүнтэй гэр бүр болохыг хориглосон заалт “Монгол цаазын бичиг”, “Халх журам” зэрэг цаазын бичгүүдэд дурдагдаагүй бөгөөд манжууд монголчуудыг хятад иргэнтэй гэр бүл болохыг хатуу хориглож байсан юм. Гэвч XX зууны эхээр “Шинэ Засгийн Бодлого”-ыг хэрэгжүүлэх болж тус бодлогын хүрээнд “иргэнийг шилжүүлэн суулгах хязгаарыг бэхжүүлэх” хэмээх бодлого явуулж хятад иргэдийг янз бүрийн ажил эрхлүүлэхээр Монгол нутагт суурьшуулах болсон нь Манжийн төрийн уламжлалт бодлого алдагдахад хүрч монголчууд хятадад уусах аюул нүүрлэх болсон юм. Тиймдээ ч энэхүү нөхцөл нь монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал бий болох түүхэн хөшүүрэг болж өгсөн билээ.
“Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамны Хууль Зүйлийн Бичиг”-т иргэн хүн, монгол охинтой ураг барилдахыг хориглосон заалт нь:
Иргэн, монгол эм охиныг гэргий болгон авах нь:
846 зүйл: “Дотоод газрын иргэн дотоод, гадаад засгийн зэргийн газрын монгол эм охиныг гэргий болгон авч болохгүй. Зоригоор өгөх ба авах нь буй бөгөөс хүнд гэрчлэн гаргаваас авсан гэргийг нөхрөөс хагацуулж төрхөмд эгүүл. Эзэрхэж ураг бололцуулсан монгол, хуулиас зөрсөн иргэнийг өөр өөрийн гурваад сарын дөнгө дөнгөлүүлж, өдөр дүүрсний хойно зуугаад ташуур занчиж, иргэнийг дам дамаар уг нутагт хүргүүл. Харъяат захирах тайжийг гурван ес мал ав. Харъяат засгийг байцаахыг алдсан хууль ёсоор зургаан сарын пүнлүү хас. Хэрэв харъяат тайж, засаг өөрөө байцаан гаргасан нь болбоос хэлэлцэхийг хэлтрүүлэгтүн”1 хэмээн заасан байна.
Гэвч энэхүү заалт нь ШЗБ-ыг хэрэгжүүлэх үеэс алдагдах болж Богд хаантан монгол удмын санг цэвэр авч үлдэхийн тулд монгол хүмүүс, хятад охин авахыг хориглон тус лүндэнг буулгасан байна. Тус лүндэнг сийрүүлбэл:
“Бүгд Ерөнхийлөн Захирах Яамнаас монгол ван, гүнгүүд хятад лугаа ураг барилцан холбож үүрд үл болох учир буулгасан Дээд зарлигийг хичээнгүйлэн дагаж явуулъя хэмээн ирсэн хэрэг.
Илгээх бичиг. Бүгд Ерөнхийлөн Захирах Яамны бичиг.
Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамнаа илгээв. Үүрд журамлан дагаж шийтгүүлэхийг явуулах учир:
Эдүгээ манай Бүгд Ерөнхийлөн Захирах Яаманд
Дээд зарлиг буулгасан нь монгол олон хан, ван, бэйл, бэйс, гүн, засаг нар хятад хүн лүгээ ураг барилцан холбож богтолж үүрд болохгүй болгогтун хэмээснийг хичээнгүйлэн дагаж хянаваас, ер монгол хууль бичигт монгол, иргэн харилцан ураг барихыг цаазалсан зүйл бий боловч өдөр удаж хааяа ёсыг цалгардах, хэлхээг самууруулах нь буйн тул одоогийн буулгасан Дээд зарлиг хуучин хуулийг журамлан дагаж, хичээнгүйлэн дагаж шийтгүүлбээс зохих, үүнийг дөрвөн аймгийн чуулганы дарга, жанжин нарт тушаан явуулаад бичиг хүрмэгц уг буулгасан зарлигийг бүрнээ хичээнгүйлэн дагаж уламжлан харъяат захирсан олон газраа зарлан тушааж үүрд журамлан дагаж шийтгүүлсүгэй. Ийнхүү цаазалсаныг хааяа зөрчигсөд буй аваас сааргүй
Дээд зарлигийг зөрчсөн хүнд нэгэн зүйлийг дагуулан ял хэлэлцэх явдлыг сайтар ухуулан тушаасугай. Үүнийг басхүү Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамнаа явуулаад байцаан үзүүлсүгэй. Үүний тул илгээв”.
Олноо өргөгдсөний гуравдугаар он таван сарын арван дөрвөн (1913.06.17)
Ийнхүү Богд хаантан 1913 оны 6-дугаар сарын 17-нд монгол хүн, хятад хүн хоорондоо ураг барихыг үүрд цаазлах хэмээсэн зарлиг буулгажээ. Энэ зарлигийг ажиглахад монгол хүн, хятадаас бусад гадаадын ямар ч улсын харъяат нартай гэр бүл болохыг огт хориглосонгүй. Зөвхөн хятад хүнтэй ураг холбохыг хориглон онцлон анхааруулсан байна.
Уг нь манжийн хааны зарлигаар XVIII зууны үед хятад, монгол хүмүүс хоорондоо ураглахыг хориглосон боловч 1890-ээд оны эцсээр Шинэ Засгийн Бодлого хэрэгжүүлж эхэлмэгц энэхүү хоригийг цуцалснаар хятадууд, монголчуудтай гэр бүл болох нь эрс олширсон байна. Иймээс Богд хаантан үүнийг анхаарч тусгай зарлиг буулгасан нь тухайн үедээ маш зөв шийдвэр байсан гэж үзэж байна. Учир нь энэ зүйлийн үрээр монголчууд хятад үндэстэнд уусахаас сэргийлж өгсөн нь лавтай билээ.

1“Монголын төр, эрх зүйн түүх (дээж бичиг)” II хэсэг УБ., 2008, тал.238

ЛМСТ-ийн архивч-операторч Л.Оюун-Эрдэнэ

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 3-р сарын 18, Даваа гариг, 16:51

Add comment

Security code
Refresh