Wed03292017

Back ҮТА Сан хөмрөгийн танилцуулга Зураг төслийн баримтын сан хөмрөг

Зураг төслийн баримтын сан хөмрөг

Улсын хэмжээний зураг төсөл,  техникийн баримт бичгийг төвлөрүүлж хадгалалт, ашиглалтыг сайжруулах, тэдгээрийг нэгдсэн тоо бүртгэлд оруулах зорилгоор БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1984 оны 3-р сарын 16-ны өдрийн 71-р тогтоолоор батлагдсан улсын архивын сан хөмрөгийн дүрмийн нэгдүгээр хавсралтанд БНМАУ-ын Барилга Техникийн Баримтын Төв Архив байхаар заасан. Уг тогтоолын үндсэн дээр Барилга Техникийн Баримтын Төв Архивын талаар авах зарим арга хэмжээний тухай Барилга архитектур техник хяналтын улсын хорооны 1984 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 221 дүгээр тогтоол гарч, улмаар 1984 оны 11 дүгээр сараас Барилга Техникийн Баримтын Төв Архив шинэ зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Ийнхүү Барилга Техникийн Баримтын Төв Архив шинээр байгуулагдсан нь Монголын ард түмний оюуны үнэт бүтээл, соёлын чухал өв, улсын архивын сан хөмрөгийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон зураг төсөл, техникийн баримт бичгийг салбарын хэмжээнд төвлөрүүлж, зүй зохистой хадгалж ашиглуулахад зарчмын ач холбогдолтой болсон юм. Одоо тус архив нь Үндэсний төв архивын Зураг төслийн баримтын төв нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус төвийн сан хөмрөгт Монгол улсын  нутаг дэвсгэр дээр баригдсан эрчим хүч, уул уурхай, зам тээвэр холбоо, соёл шинжлэх ухаан, эрүүл мэнд, хөдөө аж ахуй  зэрэг улс ардын аж ахуйн бүхий л салбарт баригдсан барилга байгууламжийн инженер геологийн судалгааны дүгнэлт, техникийн болон ажлын зураг төсөл, инженерийн тооцоо, барилгын ажлын төсөв, барилга ашиглалтанд хүлээн авсан ажлын болон улсын комиссын акт зэрэг 1939 оноос хойшхи үеийн 100 гаруй мянган хадгаламжийн нэгж  хадгалагдаж  байна. Дээрх баримтуудын дийлэнх хувийг хуучнаар ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудад боловсруулсан зураг төслийн хуулбар болон манай улсын Улсын Барилгын Зургийн Институт, Хөдөө Аж Ахуйн Барилгын Зургийн Институт зэрэг  зураг төслийн байгууллагуудад боловсруулсан зураг төслийн эх хувь эзэлдэг ба сүүлийн жилүүдэд хувийн пүүс, компануудад боловсруулсан орчин үеийн барилгын зураг төсөл тус төвийн сан хөмрөгийг баяжуулж байна.

Жишээ дурьдвал УБ хотын орон сууцны 1, 2, 3 ,4, 5, 6, 10, 12, 13, 14, 15, 21-р хорооллуудын орон сууц, сургууль, цэцэрлэг, ясли, ахуй үйлчилгээний төв болон Халдвартын эмнэлэг, Талх чихрийн үйлдвэр, Толгойтын тоосгон завод, Гутлын үйлдвэр, “Туул” угаалга хими цэвэрлэгээний комбинат, Арьс ширний үйлдвэр, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын нэгдсэн эмнэлэг, Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэр, Дарханы цементийн үйлдвэр, Сэлэнгэ аймгийн Толгойтын алтны шороон ордын техник эдийн үндэслэл, Төв аймгийн Заамарын алтны ордын техник эдийн засгийн үндэслэл  зэрэг социалист орнуудын техник туслалцаатайгаар /хуучин нэрээр/ баригдсан барилга байгууламжуудын зураг төслүүд гэх мэт.

Мөн түүнчлэн  манай улсын инженер техникчдийн оюун ухаанаар сүндэрлэн боссон УБДС, МУИС, Лениний музей, Намын дээд сургууль, Гадаад явдлын яам, Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө, улсын нийтийн номын сан, аймгуудын ахуй үйлчилгээний төв, нэгдсэн эмнэлэг болон барилга үйлдвэрлэлийн бааз гээд олон барилга байгууламжийн  зураг төслүүд хадгалагдаж байдаг.

Мөн  УБ хотын Мэгжид Жанрайсаг шүтээн, Богд хаан, Чойжин ламын ордон музей, Өвөрхангай аймгийн Эрдэнэ зуу, Архангай аймгийн Заяын хүрээ, Сэлэнгэ аймгийн Амарбаясгалант хийд гэх мэт эртний сүм хийдүүдийг сэргээн засварласан хэмжилтийн болон ажлын зураг төсөл, түүнчлэн өнгө будгийн зураг төсөл ч хадгалагдаж байна

Тус төвийн сан хөмрөгт хамгийн сүүлийн үеийн улсын чанартай гадаадын төслөөр баригдаж ашиглалтанд орсон объектуудын зураг төсөл бий. Үүнд “Чингис” зочид буудал, “Чингис хаан” нисэх онгоцны буудлын шинэчлэлт, Дорнодын олон улсын нисэх онгоцны буудал, холбооны шинэчилсэн шугамын “Алкател” төслийн зураг төсөл гэх мэт.

Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнтэй холбогдон 1990-2000 он хүртэл улсын хэмжээнд барилга байгууламж баригдах ажил зогсонги байдалтай байсан боловч 2001 оноос барилгын салбар эрчимтэй хөгжиж ирсэн билээ.

Үүнтэй уялдан 2001 оноос эхлэн Монгол улсын  “Барилгын тухай” хууль болон “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрэм”-ийг үндэслэн шинээр ашиглалтанд орж байгаа барилга байгууламжийн зураг төсөл, холбогдох техникийн баримт бичгийн эх хувийг архивт шилжүүлэн авч сан хөмрөгөө орчин үеийн баримтаар нөхөн баяжуулж байна.

Тус төвийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа зураг төсөл, техникийн баримтаар “Төрийн архивын баримтыг ашиглуулах журам”-ын дагуу байгууллага, иргэдэд үйлчилж, лавлагаа мэдээлэлд өргөн ашиглуулж  байна.

ҮНДЭСНИЙ ТӨВ АРХИВЫН ЗУРАГ ТӨСЛИЙН БАРИМТЫН

ТӨВИЙН ХӨМРӨГИЙН ЖАГСААЛТ

Нэг. Гадаад орны техник туслалцаатай баригдсан барилга байгууламжийн зураг төслийн  баримтын нэгдсэн хөмрөг /улс ардын аж ахуй салбараар/

1. Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарын барилга байгууламж

2. Хөдөө аж ахуйн салбарын барилга байгууламж

3. Хөнгөн хүнсний аж үйлдвэрийн салбарын барилга байгууламж

4. Эрчим хүч,уул уурхайн үйлдвэрийн салбарын барилга байгууламж

5. Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын барилга байгууламж

6. Зам тээврийн салбарын барилга байгууламж

7. Эрүүлийг хамгаалах, биеийн тамирын салбарын барилга байгууламж

8. Ардын боловсролын салбарын барилга байгууламж

9. Холбооны салбарын барилга байгууламж

10. Соёл, шинжлэх ухааны салбарын барилга байгууламж

11. Аймаг, хотын ерөнхий төлөвлөгөө

 

Хоёр. Дотоодод боловсруулсан зураг төслийн баримтын хөмрөг

12. Улсын Барилгын Зургийн Төв Институт

13. Холбооны Үйлдвэрлэл Шинжилгээний Институт

14. Барилгын инженер хайгуулын эрдэм шинжилгээний “Их үүсгэл’’ ХК

15. Хөдөө Аж Ахуйн Барилгын Зургийн Институт

16. Баригдсан барилга байгууламжийн төсөв

17. Барилга ашиглалтанд хүлээн авсан улсын комиссын акт

18. ’’Монгол түлхүүр’’ ХХК

19. Түүх соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газрын “Сүмчин” зураг төслийн товчоо

20. Авто замын газар

21. Тээврийн эрдэм шинжилгээ зураг төслийн институт

22. Хот байгуулалт, эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэн

23. 2000 оноос хойш шинээр ашиглалтанд орсон барилга байгууламжийн зураг төслийн баримтын нэгдсэн хөмрөг

 

Гурав. Хувийн  баримтын хөмрөг

24. Төрийн соёрхолт, архитектор Г.Лувсандорж

25. Төрийн соёрхолт, дэд доктор, эрдэмтэн Н.Лонжид

26. Монгол улсын  төрийн шагналт, гавъяат барилгачин, архитектор Д.Чойжилжав

Ашиглалтанд хүлээн авсан барилга байгууламжийн ажлын зураг төсөл, техникийн баримт бичгийг архивт хүлээлгэн өгөх жагсаалт энд дарж үзнэ үү