Thu02222018

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

Төрт улсынхаа алтан санамж, түүхт ёс, бичгийн их соёлыг хадгалан хамгаалж хойч үедээ өвлүүлэх ариун үйлсэд нэгэн зорилго, хоёргүй сэтгэлээр оюун ухаан, бие сэтгэлээ дайчлан ажиллаж ирсэн үе үе ахмадууд болон эдүгээ ажиллаж байгаа архив, албан хэрэг хөтлөлтийн салбарын ажилтан, албан хаагчид, нийт иргэддээ "XVII жарны "ТИЙН УНЖЛАГАТ" хэмээх гал нохой жилийн сар шинийн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.


Улиран одож буй Алтан унжлагат гал тахиа жил Архивын ерөнхий газрын хувьд Орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой тохиосон сайхан жил бол өнгөрлөө. Тухайлбал: Төрийн архивын удирдах ажилтны зөвлөгөөн, Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагчдын мэргэжлийг чадавхжуулах сургалт, төрийн болон төрөлжсөн архивуудын дунд анх удаа “Архивч-2017” сэдэвт ажил, мэргэжлийн тэмцээн, урлаг, спортын бүсчилсэн наадмыг 2 үе шаттайгаар амжилттай зохион байгуулахаас гадна Үндэсний төв архивын сан хөмрөгийн дээжээс бүрдсэн кино, гэрэл зураг, баримт бичгийн үзэсгэлэнгүүд, хөдөө орон нутгуудад “Байгууллага сурталчлах” нээлттэй хаалганы өдөрлөг, “Орчин цагийн төрийн архив 90-жил” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг орон даяар амжилттай зохион байгууллаа. Өнгөрсөн он олон бүтээлч ажил өрнүүлэн амжилт бахдал дүүрэн, тэгш сайхан жил болон улиран одож байна.


2018 ондоо та бид олсон амжилтаа бататган түүчээлж, тавьсан зорилтоо амжилттай бүрэн хэрэгжүүлж, эрүүл саруул, энх тунх ажиллаж, амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.


Монгол Улсын архивын салбарын албан хаагч, ахмад архивчид та бүхэндээ айл хотол, ахан дүүсээрээ сэтгэл дүүрэн жаргалтай, хүсэл тэмүүлэл өөдрөг тэнүүн, ажил үйлс бүтэмжтэй, юу санасан есөн цагаан хүсэл нь биелэн,буян заяа нь булаг мэт дүүрэн хурж, аз хийморьтой, амгалан тайван, ухаалаг мэргэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 


 

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА,

ДОКТОР Д.ХОРОЛДАМБА

Add comment

Security code
Refresh