Thu02222018

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм Цагаан сарыг тэмдэглэх тухай

Цагаан сарыг тэмдэглэх тухай

МАЗУГ-ын эрдэм шинжилгээний гэрээт ажилтан Г.Сэр-од

Дорно дахинд шинэ оны баярыг өрнөдөөс арай хожуу тэмдэглэж эхэлжээ. XIII зуунаас өмнө Монголчууд шинэ жилийн баяраа намар цагт тэмдэглэж “Сүүн сар” хэмээн нэрлэж байв. XIII зуунаас эхлэн “Хувь сар буюу Цагаан сар” гэж нэрлэж заншсан бөгөөд энэ тухай  “Монголын нууц товчоо”, “Хуа И Ю”, “Цагаан түүх” зэрэгт тэмдэглэжээ. Цагаан сарын баяр нь Монголын нэгдсэн төр улс байгуулагдсан түүхэн цаг үетэй ихээхэн холбоотой аж.

Үндэсний төв архивын сан хөмрөгт “цагаан сарын тухай” тусгайлсан хөмрөг байхгүй боловч “Зарлигаар зарсан Хүрээнд сууж хэрэг шийтгэх сайдын яам”/Хөмрөг № М1/, “Их хүрээний Зурхайн дацан”/Хөмрөг № М92/, “Олон яамны хэргийг бүгд ерөнхийлөн захирах яам”/Хөмрөг № А2/, “Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам”/Хөмрөг № А3/, “Их хүрээний Зурхайн дацан” /Хөмрөг № А86/, “Сайд нарын Зөвлөл”/Хөмрөг №1/, “Ардын их хурлын тэргүүлэгчдийн газар”/Хөмрөг №11/-ын хөмрөгийн жагсаалтыг үзвэл,  монголчуудын цаг тооллын бичиг, цагаан сарын баярт холбогдох баримт, гэрэл зураг цөөнгүй байна. Тиймээс тэдгээр баримтуудаас түүвэрлэн энэхүү өгүүлэлдээ дурдах болно.

Цагаан сар бол өвлийг өнтэй давж, хавартай хавтай сайхан золгож нэг нас нэмсний баяр юм. Мөн ард түмний эв нэгдэл, үндэсний өв уламжлал, соёл, зан заншлаараа бахархах, аав, ээж, ихэс дээдэс, бие биесээ хүндэтгэх, ураг садны хэлхээ холбоо батжих, овог удам судраа мэдэх, залуу үеэ энэрэн сургаалаа хайрлах, хийморь лундаагаа сэргээж, жилийнхээ заслыг хийлгэн ард олноороо буян хурааж шинэлдэг олон ёс заншлыг хадгалсан баяр юм.

XIII зууны эхэн  улаагчин туулай жилийн цагаан сарын шинийн нэгэнд Чингис хаан хулгана цагт дээшилж биеэ ариутган шинэ хувцас өмсөж тэнгэр газарт ёсолж Өүлэн эхдээ мөргөн золгож, дараа нь төрийн их ордондоо залран анхилам үнэртэй арц хүжийг багцаар шатаан зуун түшмэл гурвантаа мөргөн их ёслол үйлджээ. Түүнээс хойш 1216 оны хулгана жилийн сар шинийн нэгэнд өөрийн сан хөмрөгөөс мянган лан алт, түмэн лан цагаан алт гаргаж харъяат улсын 60-аас дээш настай хүмүүст хувь хүртээжээ. Чингис хаан ийнхүү цагаан сарыг төр түмний нэгдсэн их баяр болгож, хаврын урь орж, өлзий учралт барс сар гарах цагаар Есөн хөлт цагаан тугаа тахиж Их хуралдай хуралдуулах болсноос үүдэн харъяат аймгуудын олон ноёд түшмэд бэлэг хүргэн ирж хааны амгаланг эрдэг ёсон тогтсон тухай Рашид Ад Дин тэмдэглэжээ. Улмаар Монгол сар хэмээсний учир нь 1227 оны улаагчин гахай жил Чингис хаан Тангудыг эзэлсний дараа хаврын тэргүүн бар сарыг монгол тооллын тэргүүн сар хэмээн тогтоожээ.

Монголчуудын шинэ жил нь хаврын тэргүүн сар хэмээгдэж,  цагаан идээний зүйл “цагаа” гэдгээс “Цагаан сар” гэдэг нэр үүсчээ. Малчин ардуудын аж ахуйн хэрэгцээ, шаардлагаар шинэ жилийг хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэх болсон төдийгүй энэ нь мал сүрэгт маш их халгаатай хатуу ширүүн, шуурга шамаргатай өвөл өнгөрч, урин дулаан цаг ирлээ гэдгийг бэлгэддэг ажээ.

 

Цагаан сарын баяр нь нарийн ёс журам, дэг жаягыг уламжлан хадгалсаар ирсэн байдаг. Тухайлбар: Битүүлэх ёс, Ууц хөндөх ёс, Шинэлэх ёс, Золгох ёс, Цээрлэх ёс зэрэг соёлын олон элментийг агуулсан байдаг.

Билгийн улиралын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг бүх нийтийн амралтын өдөр болгох тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 166 дугаар зарлиг. 1988.12.26.

Монголын хуучин сарын цагаан сарын шинийн нэгний өдрийг Монголын ард түмний шинэлэх баярын өдөр болох тул цагаан сарын шинийн нэгнийг амралтын өдөр болгох тухай БНМАУ-ын Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 6 дугаар хурлын тогтоол. 1945.02.06.

Билгийн улиралын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг бүх нийтийн амралтын өдөр болгох тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 166 дугаар зарлиг. 1988.12.26.

Add comment

Security code
Refresh