Tue11212017

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм "ИХ ОКТЯБРЬ- МОНГОЛ, ОРОСЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ХАРИЛЦАА" /1917-2017/ СЭДЭВТ АРХИВЫН БАРИМТЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛОН “МОНГОЛ-ЗӨВЛӨЛТИЙН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ХАРИЛЦАА” /1976-1990/ БАРИМТ БИЧГИЙН ЭМХЭТГЭЛИЙН НЭЭЛТ БОЛНО

"ИХ ОКТЯБРЬ- МОНГОЛ, ОРОСЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ХАРИЛЦАА" /1917-2017/ СЭДЭВТ АРХИВЫН БАРИМТЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛОН “МОНГОЛ-ЗӨВЛӨЛТИЙН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ХАРИЛЦАА” /1976-1990/ БАРИМТ БИЧГИЙН ЭМХЭТГЭЛИЙН НЭЭЛТ БОЛНО

Архивын ерөнхий газар-н зураг.

Энэ жил Монгол улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа билээ. Ойг угтан маргааш буюу 10 дугаар сарын 19-ны өдөр Архивын ерөнхий газрын үзэсгэлэнгийн танхимд “Их Октябрь - Монгол, Оросын соёл, шинжлэх ухааны харилцаа" /1917-2017/ сэдэвт Монгол Улс, Оросын Холбооны Улсын төрийн архивуудад хадгалагдаж байгаа баримт бичиг, гэрэл зураг, баримтат киноноос бүрдсэн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. 
Үзэсгэлэн “Их Октябрь ба Монголын цагаагчин тахиа жилийн хувьсгал”, “Монгол-Оросын соёл, шинжлэх ухааны харилцаа”, “Архивын салбарт хамтран ажиллах комисс-25 жилд” гэсэн 3 дэд хэсгээс бүрдэнэ. 
“Их Октябрь ба Монголын Цагаагчин тахиа жилийн хувьсгал” хэмээх тэргүүн хэсэгт нь 1917 онд Орос оронд мандсан Октябрийн их хувьсгал, түүний үр дүнд тогтсон Зөвлөлт засгаас дорно дахины дарлагдсан улс түмэн болон Монголын талаар явуулсан бодлого, Октябрийн үзэл санаа Монголд нэвтэрсэн арга хэлбэр, түүний нөлөөгөөр Монгол оронд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын тэмцэл өрнөж, Монгол Ардын Нам байгуулагдсан тухай болон Монголын ард түмний түүхэнд цоо шинэ хуудсыг нээж, 1945 оны бүх нийтийн санал асуулгаар тусгаар тогтнолоо баталгаажуулан, 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн түүхэн үйл явцыг харуулсан олон сонирхолтой баримт, гэрэл зургийг багтаажээ.
“Монгол-Оросын соёл, шинжлэх ухааны харилцаа” хэмээх дэд хэсэгт нь 1921 оны ардын хувьсгал ялснаар Монгол Улсад шинжлэх ухаан, соёлын байгууллагуудыг байгуулахад Оросын ард түмний дэмжлэгийг олж, хоёр орны хамтын ажиллагааны туршид хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн ажлуудын үр дүнд Монгол оронд орчин цагийн соёл, шинжлэх ухааны байгууллагууд дэлхий нийтийн хөгжилтэй зэрэгцэн алхахад үлэмж тустай болсныг баримт бичиг, гэрэл зургаар тоймлон харуулжээ. 
“Архивын салбарт хамтран ажиллах комисс-25 жилд” гутгаар хэсэгт нь Монгол Улс, Оросын Холбооны Улсын архивын мэргэжлийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах ажлын комиссын 25 жилийн хугацаанд зохион байгуулагдсан 22 удаагийн хуралдааны протокол шийдвэр, албан бичиг, захидал харилцаа, уулзалт, ярианы тэмдэглэл, комиссын шугамаар бэлтгэж эмхтгэсэн номоос дээжлэн оруулав. Үзэсгэлэнгийн энэ хэсэг нь тус комиссын үйл ажиллагаа, замнал, дүнг тод томруун нэгтгэн харуулжээ. 
Үзэсгэлэн 2017 оны 10 дугаар сарын 19-өөс 11 дүгээр сарын 10-ныг хүртэл Архивын ерөнхий газрын үзэсгэлэнгийн танхимд иргэдэд нээлттэй үйлчилнэ.

Мөн үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсын Архивын ерөнхий газар, Оросын холбооны услын архивын агентлагийн хамтран гаргасан “Монгол-Зөвлөлтийн соёл, шинжлэх ухааны харилцаа” /1976-1990/ баримт бичгийн эмхэтгэлийн гутгаар ботийн нээлт болох юм. 
Архивын салбарт хамтран ажиллах Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын шийдвэрийн дагуу тус хоёр улсын архивын удирдах байгууллагууд БНМАУ, ЗСБНХУ-ын харилцааны түүхэнд холбогдох архивын баримтын хэд хэдэн цуврал эмхтгэлийг бэлтгэж хэвлүүлсээр ирсэн. 
Энэхүү эмхэтгэлийн гутгаар ботид Монгол, Оросын эмхэтгэгчдийн судалж илрүүлсэн 800 гаруй баримт бичгээс 11 архивын 214, Монголын тогтмол хэвлэл, сонин сэтгүүлийн 11, нийтдээ 249 баримтыг сонгон авч, он цагийн дарааллын дагуу оруулсан байна. 
Эмхэтгэлд сонгож оруулсан архивын баримтууд нь анх удаа нийтлэгдэж байгаа бөгөөд түүний дотор, ОХУ-ын архивт урьд нь”нууц” гэсэн тэмдэгтэй эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд орж байгаагүй, 29 чухал баримт байгаа болно. Тухайлбал, Улаанбаатар хотод А.С.Пушкины нэрэмжит Орос хэлний дээд сургуулийн салбарыг байгуулах тухай ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн захирамж, БНМАУ-ын соёлын хөгжлийн тухай ЗСБНХУ-ын Элчин сайдбн яамнаас гаргасан улс төрийн захиа, БНМАУ-ын үндэсний атлас зохиох тухай ЗСБНХУ-ын ШУА-ын ерөнхийлөгч А.П.Алексанровын ЗХУКН-ын Төв Хороонд бичсэн захидал гэх зэрэг хоёр улсын хоорондын соёл, шинжлэх ухааны харилцааны түүхэн үе, хөгжлийг дэлгэрэнгүй судлахад чухал ач холбогдолтой сурвалж баримтуудыг багтаажээ.

Add comment

Security code
Refresh