Tue06272017

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм САЙН ДУРЫН МОРЬТ ОТРЯДЫН ДАРГА, ЖАНЖИН Ч. МИЖИД

САЙН ДУРЫН МОРЬТ ОТРЯДЫН ДАРГА, ЖАНЖИН Ч. МИЖИД

ХХ зууны Монголын төр, цэргийн гарамгай зүтгэлтэн, Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядын дарга, хошууч генерал Чимэдийн Мижидийн тухай товч өгүүлэхээр бэлтгэлээ.

Зураг-№1. Морьт отрядын дарга,

Хошууч генерал Ч.Мижид  /1940-өөд он/

Жанжин Мижид нь 1905 онд хуучнаар Түшээт хан аймгийн Говь түшээ гүнгийн хошууны феодал тайж Чоен хэмээгчийн хамжлагын ард Чимэдийн гуравдугаар хүү болон мэндэлжээ. Ард Чимэд нь туйлын ядуу бөгөөд ан агнах, жасын мал маллах зэргээр ар гэрээ тэжээж явсан нь түүний үр хүүхдүүдэд хөдөлмөрч зан чанар, аливаа хийж буй ажлаа хариуцлагатай, нямбай хийж гүйцэтгэх үлгэр дууриалал үзүүлсэн нь дамжиггүй.

Бидний өгүүллийн гол баатар Ч.Мижид 12 наснаасаа эхлэн хонь, тэмээ хариулах зэргээр малын ажил эрхэлж байснаас гадна хошууны тамгын газар галчаар ажиллаж, Эвлэлийн үүрийн хорооны гишүүнээр элссэн байна.

1926-1927 онд нутгийн феодал Чимэддаваа гэгчээр бичиг үсэг заалган, тун шаламгай сурчээ. Шавийн хичээл зүтгэлд урамшсан багш нь хошуу тамгын газар бичээчээр ажиллахыг зөвлөсөнөөр Ч.Мижид Дэлгэрхангайн хошуунд тал ба бүтэн бичээчээр ажиллах болов. Удалгүй Ч.Мижид ардын хувьсгалт цэргийн албанаа татагдан ирж дивизийн нэгдүгээр хорооны их бууны батерейд ноймерийн цэрэг болж, цэргийн амьдралаар амьдарч эхэлсэн байна.

1929 оны намар Дотоодыг хамгаалах газрын Тусгай суманд цэргээр шилжиж, удалгүй эх зохиогч болсон

1930 онд Дотоодыг хамгаалах газарт жинхэнэ туслах төлөөлөгч

1932 онд Барга, Хэнтий аймагт гарсан эсэргүү хөдөлгөөнийг дарах тусгай төлөөлөгчөөр ажиллаж, байлдаанд оролцсон

1934 онд Москва хотод Дотоодыг хамгаалах газрын ажлын түр курсийг дүүргэсэн

1935 онд Дотоодыг хамгаалах газар тасгийн дарга

1936 онд Ховдын тусгай отрядын дарга

1937 онд Замын-Үүдийн отрядын дарга

1937 онд Дотоод явдлын яамны дарга нарын хэлтсийн дарга

1938 онд Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Монгол тээхийн ерөнхий захирах  газрын дарга

1938 оны 06 дугаар сард Хуягт танкийн газрын дарга

1940 онд Хэнтий аймгийн дарга

Баримт-№2. Хэнтий аймгийн намын хорооноос гаргасан Чимэдийн Мижидийн ажил байдлын тодорхойлолт /1942 он/

Баримт-№3. Генерал Ч.Мижид даргатай Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядуудын төв штаб ба хотын түмтийн ажилчдаас бэлэглэсэн мөнгөн дүнгийн хүснэгт /1942 он/

Тэртээх жилүүдийн түүхийг судлан үзвэл, Зөвлөлт Орос Улс аугаа их Эх орны дайны эхэлсэн өдрөөс Монголын ард түмэн Улаан армид туслах явдлыг хэний ч албадлагагүйгээр, сайн дураар эхэлж, улмаар орон даяар бүх нийтийг хамран өрнөсөн буй. Түүнчлэн тус отрядын дарга Ч.Мижид Октябрийн хувьсгалын ойд зориулсан бэлэглэлийн гуравдугаар цувааг Зөвлөлтийн Улаан армид хүлээлгэн өгөх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож байв. 236 вагоноос бүрдсэн тус цувааг 1942 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Наушкаас хөдөлгөж, БНМАУ-ын Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсаны удирдсан нам, улс төр, байгууллагуудын төлөөлөгчид нийлсэн 40-өөд хүний бүрэлдэхүүнтэй явжээ.

Зураг-№2-3. Зөвлөлт Орос Улсын Улаан армид зориулан Монголын ард иргэдийн бэлэглэлийн зүйлстэй  манай нам, төрийн удирдлагууд танилцаж, Фронтод хүрч хүлээлгэн өгч буй нь /1942 он/

Энэ тухай хошууч генерал Ч.Мижид жанжин өөрийн гараар бичсэн намтарын гар бичмэл одоо Дундговь аймгийн музейд хадгалагдаж байна. Тэрээр бичихдээ: намайг 1942 оны 10 дугаар сарын сүүлийн өдөр маршал өрөөндөө дуудаад “Аугаа их Зөвлөлт улсад Германы зэрлэг араатнууд халдан довтолж, Зөвлөлт улсын нилээд хэсэг газар нутаг, хот тосгодыг эзлэн аваад дайныг үргэлжлүүлж байна. ...Сая Намын Төв Хороо, Сайд нарын Зөвлөл, Монголын ард олноос Улаан армид хувийн бэлэг хүргэх ба бусад аль болох тусламжийг үзүүлье гэж шийдвэрлэн тогтсоны дагуу цагаан зээр, гахай гэх мэт амьтдыг олноор агнаж энэхүү бэлэглэлийн ажилд оролцуулъя гэж тогтсон. Одоо Засгийн газрын шууд удирдлаган дор 3 бригад гаргаж 12000 зээр, 500 гахай бэлтгэх хэрэгтэй байна. Энэ 3 бригадын нэгийг Мижид чиний бие толгойлон удирдаж, Хэнтий аймгийн нутагт бэлтгэх юм”.

Энэхүү яаралтай даалгаварын дагуу жанжин Ч.Мижид нь Хэнтий аймгийн бүх сумдад ангийн бригадуудыг зохион байгуулан ажиллажээ. Сар гаруй хугацааны дараа “Улаан армид бэлэг хүргэх төлөөлөгчөөр явуулах болсон тул  3 хоногын дотор хотод ирсүгэй” гэсэн яаралтай бичиг авчээ. Ийнхүү УБ хотод ирээд маршалтай уулзан дараагийн үүрэг даалгавараа авч, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгууд ба зүүн зүгийн цэргийн ангиудаас бэлтгэсэн бэлэглэлийн зүйлийг эмхлэн нэгтгэж ачааллаад, 42 вагон ачаа бүхий бэлэглэлийн зүйлийг аван 1942 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагт Москва хотноо хүрчээ. Тэр үед тэднийг хүрэлцэн очиход “...галт тэрэгний буудалд хүндэт харуул жагсаж, ЗХУ-ын Гадаад яамны хуриуцлагатай ажилтан, ЗХУ-д суугаа Монгол улсын элчин сайд, сургуулийн сурагчид зэрэг маш олон хүн маршал Х.Чойбалсан тэргүүтэй монголын төлөөлөгчдийг хүлээн авч, “Метрополь” зочид буудалд оруулав. Орой нь бид Жуковтой уулзав. Жуков өөрийн албан контортоо орж байлдааны байдлыг зураг дээр танилцуулав. Тэгээд Жуковоос марүалд хэлсэн нь: Би одоо 15 минутын дараа Сталин дээр очиж илтгэл өгөх ёстой. Тэгээд баруун фронт дээр очно. Та нар Москва хотын намын хороон дарга, Улаан армийн ерөнхий комиссар Шербаков дээр очиж бэлгээ хэрхэн хүргэх талаар ярилцана уу хэмээсний дагуу Шербаковтой ярилцав. Тэгээд баруун фронтод маршал Х.Чойбалсан, баруун хойд фронтод Сүрэнжав, Сталинградын фронтод Бумцэнд, Ленинградын фронтод миний бие очих болов”   хэмээн өөрийн намтартаа дурсан бичжээ.

Ч.Мижид нь өөрийн оногдсон үүргээ нарийн нямбай, зохион байгуулалттай гүйцэтгэж чаддаг ХХ зууны Монголын төр, цэргийн гарамгай жанжин, удирдан зохион байгуулагч байсан нь түүх, архивын баримтаар тодорхой болж байна.

 

Add comment

Security code
Refresh