Mon05292017

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм АРДЫН ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ САЙН ДУРЫН МОРЬТ ОТРЯД

АРДЫН ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ САЙН ДУРЫН МОРЬТ ОТРЯД

Монголын ард түмэн эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө нам, засгийн бодлогыг сайнаар даган биелүүлж, хөдөлмөрлөх хийгээд улс орноо батлан хамгаалж, цэцэглүүлэн хөгжүүлэхийн тулд маш идэвхтэй хөдөлгөөн гарган ажиллаж ирсэн. Үүний тод илрэл бол “Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отряд”-ыг бий болгосон явдал юм.

1930-аад оны сүүлээр олон улсын байдал нэн хурцдаж, шинэ дайны аюул занал улам бүр өсөн нэмэгдэж байв. Герман, Итали, Япон гурван улсын “Коминтерний эсрэг гэрээ” гэгч шинэ холбоо байгуулагдсан нь юуны өмнө ЗХУ-ын эсрэг чиглэх зорилготой байв.

МАХН-ын Х их хурлаар /1940 он/ дэлхий дахиныг хамарсан дайны аюул нөмөрч, олон улсын байдал ихээхэн хурцдаж байгааг онцлон тэмдэглээд ЗХУ-тай байгуулсан холбоо найрамдлыг улам бэхжүүлэх, улс орны батлан хамгаалах хүчийг цаашид зузаатгах, тус улсыг дайнд татан оруулахгүй байх зэрэг бодлого явуулах шаардлагатай гэж үзсэн байна.

Япон улс Дорнод ба Номхон далайн орнуудад дайны ажиллагаагаа идэвхжүүлж байх үед манай намын бодлого, үйл ажиллагаа улс орныхоо аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэж байлаа. Тухайлбал ард нийтээр цэргийн алба хаах хууль баталж, хугацааг нь уртасгаж, бие бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлжээ. Цэргийн насны бүх хүмүүсийг цэргийн бэлтгэлд хамруулж байснаас гадна ард иргэдийг эх орноо хамгаалах бэлтгэлтэй болгохын тулд хөдөлмөрчдийн санаачлагыг үндэслэн “Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отряд”-ыг байгуулахаар төлөвлөсөн байна. Ийнхүү 1942 оны 02 дугаар сарын 24-ний өдөр маршал Х.Чойбалсан Ардын сайн дурын морьт отрядыг байгуулжээ.

1942  оны 03 дугаар сарын 09-ний өдрийн МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчдийн 24-р хурлаас Морьт отрядын байгууллагуудын хэрэглэх туг далбаа болон дарга цэргүүдийн хэрэглэх ханцуйн тэмдэг, захны батлицийн хэлбэр хаягийг батлан гаргажээ. Үүний зэрэгцээ отрядын дарга, улс төрийн ажилчдад олгох алдар цол, түүний тэмдгийн зааврыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, маршал Х.Чойбалсангаар анхлан батлуулсан бөгөөд 05 дугаар сарын 23-ны өдрийн 34-р хурлаа шинэчлэн баталсан байна.

Зураг №1. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядуудын туг /1942 он/

Сайн дурын морьт отряд нь Монголын эртний цэргийн зохион байгуулалтын бүтэц болох “аравтын тогтолцоо”-той байсан бөгөөд отрядын даргаар Улсын батлан хамгаалах эвлэлийн төв зөвлөлийн дарга Ч.Мижид, жанжин комиссарт Самбуу, штабын даргад Даржаа нарыг тус тус томилжээ.

Баримт №1. 1942  оны 05 дугаар сарын 23-ны өдөх хуралдсан МАХН-ын

Төв Хорооны Тэргүүлэгчдийн хуралдсан  34 дүгээр хурлаар шинэчлэн

батлагдсан Өөөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядын форм

Ардын сайн дурын морьт отрядын төв штаб нь улс төрийн байлдааны бэлтгэл, санхүүгийн хэлтэс ба салбар ангиудаас бүрдэж байв. Тус отряд  цэргийн сахилга батыг чандлан сахьдаг, өндөр зохион байгуулалттай байснаас гадна цагийн хувиарын дагуу ажиллаж байсан байна.

Баримт-№2. Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отряд Батлан

хамгаалах төв зөвлөлөөс 1942 онд гаргасан эд хөрөнгө,

гэр орон аж ахуйн тооллогын акт /1942.03.26/

Мөн морьт отряд нь Улаанбаатар хот болон аймаг, сумдад цаашлаад томоохон үйлдвэр, албан байгууллагуудад салбар байгуулан ард иргэд, хөдөлмөрчдийг гэнэтийн аюулаас өөрсдийгөө хамгаалах аргад сургаж, дадлагажуулах үүргийг идэвхтэй гүйцэтгэж байжээ. Түүнчлэн эх орны дайны жилүүдэд Зөвлөлтийн Улаан армид туслах ажилд идэвхтэй оролцож хяналт тавьж байсан байна.

Баримт-№3. Генерал Ч.Мижид даргатай Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядуудын төв штаб ба хотын түмтийн ажилчдаас бэлэглэсэн мөнгөн дүнгийн хүснэгт /1942 он/

Зураг №2. Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт Баримт №4. Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт

отрядуудын нэгжүүдээс баярын жагсаалд оролцож               отрядуудын зарим дарга нарыг шагнаж,  урамшуулах тухай

байгаа нь /1940-өөд он/                                                          Ардын Сайд нарын Зөвлөлийн 73 дугаар хурлын

тогтоол /1944.07.16/

МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны 1944 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар сайн дурын морьт отрядын үйл ажиллагааг сайшааж, ажлыг нь улам бэхжүүлж, мянгатын дарга болон түүнээс дээших бүх дарга нарыг цэргийн жинхэнэ алба хаагч хэмээн тооцож, цэргийн цол олгох шийдвэр гаргажээ. 1945 оны Чөлөөлөх дайнд 1000 гаруй хүнтэй морьт отряд оролцож байлдааны үүргээ нэр төртэй биелүүлсэн юм.

Баримт №5. Увс аймгийн түмтийн дарга н.Сайнхүүгээс Ардын өөрийгөө хамгаалах сайн

дурын морьт отрядуудын дарга жанжин Мижид, комиссар Шаравсамбуу,

штабын дарга Даржаа нарт ирүүлсэн цэргийн рапорт мэдээ /1944.04.20/ [1]

Тухайн үед БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс гарсан тогтоолыг үндэслэн Тээврийн яамнаас Хоршоодын холбооны морин тээврийн бүх зүтгэх хүч, тэрэг тоног хэрэглэл бусад хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө, малын тэжээл ба хүнсний тариа будаа тарьдаг тариалангийн газрууд хамтран 1945 оны 08 дугаар сарын 01-нээс эхлэн Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядын штабт блансын үнээр шилжүүлж, Сайн дурын морьт отрядыг аж ахуйн хувьд бүрэн бэхжүүлж чаджээ.

Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядыг зохион байгуулснаас хойш Монголын ард түмэн жагсаалд идэвхтэй элсэн орж, улс орноо батлан хамгаалах хэрэгт биеэ бэлтгэн, хувьсгалт хүмүүжлээр хүмүүжиж иржээ.

Энэхүү нам засгаа халдах дайснаас батлан хамгаалах явдал нь Монголын ард түмний үүрдийн эрх чөлөөт байдал ба элбэг хангалуун аж амьдралтай байх үндсэн баталгаа болсон юм. Эх орноо батлан хамгаалах явдал бол БНМАУ-ын иргэн бүрийн ариун үүрэг болохыг 1940 оны Үндсэн хуулинд тод зааж өгсөн байдаг.

Баримт №6. Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядуудын үйл ажиллагааг

магтан шүлэглэсэн ард иргэдийн зохиосон шүлэг, дууны үг /1940-өөд он/

Баримт №7. Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядыг татан буулгах тухай

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл ба МАХН-ын Төв Хорооны хамтран хуралдсан 113/25

тоот хурлын тогтоол /1949.06.04/

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хорооны тогтоолоор Сайн дурын морьт отрядыг 1949 оны 6 дугаар сард татан буулгаж,  гүйцэтгэж байсан үүргийг нь МХЗЭ, биеийн тамир спортын байгууллагад шилжүүлжээ.

Энэхүү ортяд нь дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд улс орныг батлан хамгаалах хүчийг бэхжүүлэхэд нийт иргэд, залуу үеийг татан оролцуулах, тэдэнд цэргийн эрдэм сургах, эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд их хувь нэмэр оруулсан түүхэн гавьяатай юм.

 



 

Add comment

Security code
Refresh