Tue10242017

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр

УЛСЫН АНХДУГААР ИХ ХУРАЛ ХУРАЛДАЖ, ҮНДСЭН ХУУЛИА БАТЛАН БНМАУ-ЫГ ТУНХАГЛАСАН НЬ:

Өнөөдөр Монгол улс Ардчилсан үндсэн хуулиа баталсны 25 жилийн түүхэн тэмдэглэлт өдөр тохиож байна. Монголчууд түүхэндээ 4 удаа /1924, 1940, 1960, 1992/ үндсэн хуулиа баталсан. Тэгвэл өнөөгийн бидний Ардчилсан үндсэн хуулийн суурийг тавьсан анхны үндсэн хуулийн талаар баримт дэлгэе.

Монгол Улс 1924 оны арван нэгдүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 17 минутад улсын анхдугаар Их хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлээр БНМАУ-ын анхдугаар Үндсэн хуулийг баталсан юм.

МАХН-ын Төв хорооны бүгд хурал 1924 оны 6 дугаар сарын 7-нд хуралдаж БНМАУ-ыг тунхаглах шийдвэр гаргажээ. МАХН-ын Төв хорооны бүгд хурлаар “...бүгд найрамдах ард улсын засгийг явуулваас зүйтэй болох ба Дажунтан хэмээх их ерөнхий даргыг сонгохгүй улсын дээд эрхийг улсын их хуралд хадгалж хурлын чөлөө цагт Засгийн газар хадгалах ба бүгд найрамдах ард улсын засгийг явуулах их баярыг зургаан сарын шинийн зургааны /1921.07.11/ өдөр улсын их баяртай хамтатган явуулж оны цолыг мөнхүү өдрөөс эхлэн Монгол улсын арван дөрөвдүгээр он хэмээн халах явдлыг Засгийн газраа явуулан гүйцэтгүүлэхээр хэлэлцэн тогтов” хэмээжээ.

МАХН-ын Төв хорооны бүгд хурлаас тус оронд Бүгд найрамдах улсыг тунхаглахтай холбогдуулан доорхи шийдвэрийг гаргасан байна. Үүнд:

1. Богд хааны тамгыг Засгийн газар шилжүүлэн авч хадгалах.

2. Тус улсад улсыг толгойлох ерөнхийлөгчгүй бүгд найрамдах засаг бий болгож, засгийн дээд эрхийг Улсын их хурал ба түүнээс сонгогдсон Засгийн газарт шилжүүлэх.

3. БНМАУ-ын ойн баярыг Монгол улс байгуулагдсан ойтой хамтатган тэмдэглэх.

4. Олноо өргөгдсөн оны цолыг сольж, Монгол улсын он эхэлсэн энэхүү 14 оныг цаашид үргэлжлүүлэн тоолох.

Эдгээр шийдвэрийг нийтэлж, Засгийн газрын бүх төлөөлөгчдөд тараан өгөхийг Дотоод яаманд даалган гүйцэтгүүлжээ.

Намын төв хорооны 1924 оны зургаан сарын бүгд хурал, МАХН-ын III их хурлын шийдвэрийг биелүүлэхийн тулд улсын их хурлын бэлтгэл ажлыг хангаж, түүнийг зарлан хуралдуулах, анхдугаарҮндсэн хуулийн төслийг боловсруулах ажлыг үргэлжлүүлэн хийж байв.

БНМАУ-ын Анхдугаар их хурал 1924 оны 11 дүгээр сарын 8-ны өглөө Нийслэл хүрээндэх МАХН-ын Төв хорооны байранд  /одоогийн Улаанбаатар зочид буудал/ нээж, хурлын тэргүүлэгчдийн байрны хана туургыг В.И.Ленин, Д.Сүхбаатар нарын хөрөг, эв нэгдлийг бэлгэдсэн эвтэй дөрвөн амьтны зургаар чимэглэж, хурлын байрны гадна талд улаан даавуун дээр олон лоозон бичиж хадан улс төрийн үйл явдлыг тодотгон харуулжээ.

“Монгол улсын арван дөрөвдүгээр он арван сарын арван хоёр бөгөөд аргын улирлын арван нэгэн сарын наймны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхдугаар их хуралд хуралдваас зохих төлөөлөгч ерэн таван хүн болохоос далан таван хүн хуралдан ирсэн нь даруй гурван хувийн хоёр хувиас дээш болсон учир мөн өдрийн арван хоёр цагт Монгол Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Цэрэндорж, дүрмийн ёсоор удирдан нээсэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Анхдугаар их хурал хурлын тогтоолоор дүрмийн ёсоор тус хурлын тэргүүн дэд дарга, нарийн бичгийн дарга нарт хэн хэнийг сонгохыг хэлэлцээд тэргүүн даргад Нийслэл хотын төлөөлөгч Жадамба, дэд даргад Дөрвөдийн баруун аймгийн төлөөлөгч Бадрах, нарийн бичгийн даргад Нийслэл хотын төлөөлөгч Гэлэгсэнгэ, Хан Хэнтий уулын аймгийн төлөөлөгч Дугаржанцан нарыг сонгож тус хурлын элдэв хэрэг зүйлийг эрхлүүлэв” хэмээжээ.

Аймаг, шавь хошуудаас их хуралд сонгогдож ирсэн төлөөлөгчдийг бүртгэн аваад зүүн энгэрт нь улаан ягаан торгоор хийсэн цэцэг зүүж байсан нь Улсын их хурлын төлөөлөгч мөн болохыг илтгэх бөгөөд түүгээрээ Улсын их хурал болон МАХН-ын Төв хороо, Засгийн газар нэвтрэх “мандат” бүрэн эрхийг эдэлдэг байжээ.

Их хурлын хэлэлцсэн үндсэн нэг асуудал нь БНМАУ-ын анхдугаар Үндсэн хууль байв. Анхдугаар үндсэн хууль нь нийт 6 бүлэг, 50 зүйлээс бүрджээ. Үүнд: 1-р бүлэг нь “Монголын жинхэнэ ардын эрх чөлөөг илтгэн тунхаглах нь” , 2-р бүлэг нь “Улсын дээд эрхийг барих газрын тухай”, 3-р бүлэг нь “Нутгийн захиргааны тухай”, 4-р бүлэг нь “Сонгох, сонгогдох эрхийн тухай”, 5-р бүлэг нь “Улсын орлого зарлагын эрхийн тухай”, 6-р бүлэг нь “Улсын тамга, сүлд, тэмдэг туг далбааны тухай” нарийвчлан тогтоожээ.

Их хурал 11 сарын 24-25-ны өдрийн хуралдаанаараа үндсэн хуулийг зүйл тус бүрээр хэлэлцэж,“Монгол улсын арван дөрөвдүгээр он/1924/  арван сарын гучин бөгөөд аргын улирлын арван нэгэн сарын хорин зургааны өдрийн үдийн хойд дөрвөн цаг арван долоон минутанд энэхүү үндсэн хуулийг улсын анхдугаар их хурлын арван дөрөвдүгээр тогтоолын нэгдүгээр зүйлд батлав” хэмээн “нэгэн зэрэг гар өргөн алга ташиж, уриа хашгиралдан баярлалдан бахархан баталсан ” хэмээжээ.

1924 оны 11 дүгээр сарын 29-нд Их хурал бүх ажлаа дуусгаж, өргөн цайллага хийсэн ба үдэш нь ёслолын буудлага хийсэн байна.

Анхдугаар их хурлын тухай их зохиолч Д.Нацагдорж “...үзэгдээгүй сонин гайхамшигт явдал болж, олон ард түмний сэтгэлийг хөдөлгөсөн үйл явдал болсон” хэмээн тэмдэглэн үлдээжээ.

Энэхүү Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтын талаар судлаачдын дунд янз бүрийн маргаантай асуудлыг дагуулдаг ч тус хуулийн Монголын төр, нийгэмд үзүүлсэн ач холбогдлын хувьд Монголын түүхнээ анх удаа хаант ёсыг эрх зүйн хэм хэмжээгээр тайван замаар халж, үндэсний ардчилсан өөрчлөлт, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн байгууламжийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулж, төр улсынхаа тусгаар тогтнолыг дэлхий дахинд тунхагласан түүхэн ач холбогдолтой баримт бичиг мөн болохыг нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ.Нөгөө талаас энэхүү Үндсэн хууль бол Монгол төрийн бодит илэрхийлэл байж цаашдын хувь заяаг тодорхойлон бие даасан хараат бус, нэгдсэн төрт Монгол Улсыг бүрэлдүүлэхэд монгол төрийн зүтгэлтнүүдэд чиг баримжаа болсоор ирснийг хэн ч үгүйсгэж чадахгүй үнэн баримт юм.

Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэх болсон тухай:

Шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа Монгол улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат 1992 оны 2 дугаар сарын 1-ний өдөр  “Монгол улсын Үндсэн хуулийг улс даяар мөрдөж эхэлснийг зарлан тунхаглах ёслол үйлдэх тухай” 07 тоот зарлиг гаргасныг архивын баримтанд тулгуурлан сонирхуулж байна. Энэхүү зарлигт:

Монгол улсын Үндсэн хуулийг 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагт буюу арван долдугаар жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн есний идрийн барилдлагаатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас улс даяар дагаж мөрдөж эхэлснийг нийтэд зарлан тунхаглаж нийслэл Улаанбаатар хотноо Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд төрийн шинэ бэлгэ тэмдэгийг өргөн мандуулах ёслол үйлдэж, энэ үеэр нийт аймаг, хот, сум, хороо, дүүрэг, орон нутгийн хотын төвд ёслолын цуглаан хийж, ёслол үйлдэх мөчид Монгол улсын Төрийн шинэ далбааг Төрийн ордон, аймаг, хот, сум, хороо, дүүрэг, орон нутгийн хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дээр хүндэтгэлтэйгээр өргөн мандуулахыг зарлиг болгосон байна. Мөн Монгол улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн газруудад тухайн улсын цагаар мөн өдрийн 12 цагт Монгол улсын Төрийн шинэ далбааг өргөн мандуулахыг зарлигджээ.

Монгол улсын Төрийн шинэ далбааг өргөн мандуулах үеэр Төрийн дууллыг улс даяар эгшиглүүлж, ёслолын буудлага хийхийг үүрэг болгосон байна.

Монгол улсын түүхийн  чухал үйл явдлын гэрч болсон эдгээр үнэт баримтууд Үндэсний Төв Архивын сан хөмрөгт эх хувиараа хадгалагдаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

АРХВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Add comment

Security code
Refresh