Thu03302017

Үйл явдлын тойм

УЛСЫН ЦАГДАН СЭРГИЙЛЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЭРЭЛЧ НОХОЙН АЛБА /1944-1990 ОН/

УЛСЫН ЦАГДАН СЭРГИЙЛЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЭРЭЛЧ НОХОЙН АЛБА /1944-1990 ОН/

Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газрын

Тусгай...

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН РАДИОГИЙН ӨДӨР

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН РАДИОГИЙН ӨДӨР

2011 онд зохион байгуулсан НҮБ-ын боловсрол, соёл, ...

Хамтран ажиллах гэрээ байгуулахаар боллоо

Хамтран ажиллах гэрээ байгуулахаар боллоо

Төрийн архиваас гаргадаг зарим төрлийн лавлагааг х...

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

Нийслэлийн архивын газрын ажилтнууд 2017 оны 02 са...

Анхан шатны сургалтад хамрагдсан хүмүүс  мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа

Анхан шатны сургалтад хамрагдсан хүмүүс мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа

Архивын ерөнхий газрын дэргэдэх сургалтын төвд “Ар...

“Орчин үеийн төрийн бодлого, удирдлага, манлайлал”  сэдэвт сургалт боллоо

“Орчин үеийн төрийн бодлого, удирдлага, манлайлал” сэдэвт сургалт боллоо

Төрийн албаны удирдах албан хаагчийн стратеги төлө...

Back МОНГОЛЫН АРХИТЕКТУРЫН ХӨГЖЛИЙН ӨНГӨРСӨН БА ОДОО

МОНГОЛЫН АРХИТЕКТУРЫН ХӨГЖЛИЙН ӨНГӨРСӨН БА ОДОО

  • PDF

 

Архитектурын бүтээл нь зөвхөн урлахуйн  асуудал биш бөгөөд  техник технологи, улс төр нийгэм, эдийн засаг, байгаль, физик, математик  зэрэг хэд хэдэн салбар шинжлэх ухааныг хамарсан инженерчлэлийн цогц бүтээл юм. Мөн архитектурын бүтээл нь гоо зүй, чанар, орон зайн төлөвлөлт, аюулгүй байдал, тав тух гээд хүний амьдралын олон талт хэрэгцээ шаардлагатай холбогддог маш өргөн ойлголт билээ. Тиймдээ ч  архитектурыг бүхий л урлагийн ээж хэмээн өргөмжилдөг.

Аливаа барилга байгууламжийн интерьер дизайны шийдэл гаргах, гадна орчныг тохижуулах, засвар үйлчилгээ хийх зэрэг нь архитектурын төлөвлөлтөөс шууд хамааралтай учир хот суурингийн төлөвлөлт, хөгжлийн үйл явц нь архитектур төлөвлөлтөөс шалтгаалж байдаг. Архитектурыг Эзлэхүүн төлөвлөлтийн архитектур, Хот төлөвлөлтийн архитектур, Ландшафтын архитектур, Сэргээн засалтын архитектур, Барилга байгууламжийн дотор, гадна засал чимэглэлийн архитектур гэсэн төрөл болгон үздэг. Эзлэхүүн төлөвлөлтийн архитектур гэдэгт  барилга байгууламж хамаарах бөгөөд архитекторын ажлыг барилгын зураг төсөл гаргах төдийхнөөр ойлгож хандах тохиолдол цөөнгүй байгаа нь харамсалтай. Энгийнээр архитектур гэдэг нь барилга, байгууламжийг төлөвлөн, зураг төслийг боловсруулахдаа орон зайн хувьд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн байдал, техник технологи болон гоо зүйн хувьд тэдгээрийн хэвийн нөхцлийг хангахад зөв байхаар тооцож дүрслэх ухаан юм. Энэ нь материал, технологи, гэрэл болон сүүдрийг хооронд уялдуулан зохицуулах бүтээлч ур чадварыг шаардаж байдаг. Мөн архитектур төлөвлөлтийг хийхдээ барилга бүтээцийн үнэ өртгийг зөв тооцоолон гаргах ойлголтыг хамарч байдаг.


 

Монголын нутаг дэвсгэрт 300-аад эртний хот суурин, 4000 гаруй сүм дуган, 770-аад хүрээ, хийд оршиж байсныг археологчид тогтоосон байдаг. Сүм хийдийн барилга байгууламжийн хэв шинж, өвөрмөц хийц, бүтээц, орон зайн төлөвлөлт, гоёл чимэглэл зэрэгт монгол уран зураг, сийлбэр, хээ угалз зэрэг дүрслэх урлагийн элементүүд нь буддын шашны зан үйлийн дүрслэлүүдтэй холилдож Монгол гэх тодотголтой өвөрмөц хэв маягийг үүсгэжээ. Тухайлбал, Амарбаясгалант хийд, Дамбадаржаалин хийд, Эрдэнэ зуу хийд зэрэг байгууламжуудын архитектурын орон зайн зохиомж, барилгуудынх нь үндсэн  эзэлхүүн, түүний цулын байгууламж зэрэг нь Буддын шашны зан үйлийн өвөрмөц шинжийг бүрэн  агуулсан бол архитектурын өнгө үзэмж, ерөнхий зохиомж нь Монгол үндэсний архитектурын элементүүдийг агуулсан байна.

Монголын уран барилга хөгжлийнхөө явцад Түвд, Хятад, Энэтхэг зэрэг буддын шашинт орнуудын уран барилгын нөлөө их байсан ч тэдгээрээс ялгаатай, өөрийн гэсэн үндэсний өвөрмөц шийдэл бүхий архитектурыг  бий болгожээ.  Монгол үндэсний уран барилгын хөгжил дараах үндсэн үеүүдийг даван хөгжиж ирсэн. Үүнд:

  • Энэтхэг, Хятад, Түвдийн  уран барилга органик шинж чанараараа монголын нутаг дэвсгэрт оршин тогтнож байсан үе
  • Хятад, Түвд, Энэтхэг хэв маягийн  төрөл бүрийн дээвэр, хаалга, үүд, өнгө өнгийн пааландсан ваар, шашин үйлийн зураг, сийлбэрийг  Монгол үндэсний хээ угалз, дүрслэх урлагийн хэрэгсэлтэй уялдуулах замаар Монгол шүтээний сүм дуган, хийдийн хийц бүтээцийг хөгжүүлж ирсэн.
  • Монгол шүтээний  сүм, дуган, хийдийн барилга байгууламжуудын хана, туурга, тааз дээврийн хийц, чимэглэлд модон материал  ашиглан өвөрмөц зохиомжийг бий болгосон.

Монгол архитектурын хөгжилд өөрчлөлтийг авч ирсэн бас нэгэн чухал үе бол Манжийн эрхшээлээс гарч,  шашин төрийг хослон баригч Богд Жавзандамба төр улсыг удирдан залж байсан 1900-1921 он юм.  Энэ үед Богдын засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд барилга, хот суурины бүтээн байгуулалт сэргэсэн бөгөөд газарзүйн хүчин зүйл, барилгын техникийн дэвшил, орон нутгийн барилгын материалын онцлог, ажиллах хүчний тоо чанар, байгаль цаг уурын нөхцөлөөс шууд хамаарч байв. Ийнхүү феодалын үеийн барилга байгууламжуудын үндсэн төрөл нь хүрээ маягийн суурин, шилтгээн, сүм хийд, цогчин дуган, орд харш  болон өргөжсөн байна. Тухайлбал:

- Монгол улсын нийгэм-улс төр, шашны төв Нийслэл хүрээ байгуулагдсан.

- Цэрэг-нийгэм-худалдааны төв Ховд, Улиастай, Хиагт зэрэг цайз бэхлэлт бүхий худалдааны хотууд үүссэн.

- Шашин, нийгэм-улс төр, соёлын төв Эрдэнэ зуу, Амарбаясгалант  зэрэг хурал номын сүм хийдүүд байгуулагдсан.

- Аймаг, хошууны нутгийн захиргааны удирдлага бүхий гадаадын худалдаачид, төвлөрсөн Тариатын хүрээ, Бэрээвэн Номон хааны хийд зэрэг суурин хүрээ бий болсон.

Монголын уран барилгад Хятад, Түвдийн буддын уран барилгын уламжлалыг нэвтрүүлэх үүднээс Монгол-Хятад, Хятад-Түвд, Монгол-Түвд холимог хийцтэй барилгууд  ихээр баригдах болжээ. Холимог хийцтэй  барилгууд нь Монголын уран барилгын архитектурт өвөрмөц шинэ маягийг бий болгосон байдаг. Монгол-Хятад барилгыг барихдаа дээд талыг нь хятад, доод талыг нь Монгол маягаар хийж байжээ. Монгол  гэрээс үүдэлтэй дөрвөлжин барилгын дээр гонх  хэмээх хятад оройг паалангаар бүрхсэн барилгууд орон нутагт ихээр баригдаж байв. Монгол-Хятад хийцийн сүм дуган, Хүрээ хийдүүдэд олон байсны дотроос Дэчин галавын сүм буюу одоогийн Гандан хийдийн гурван суваргын сүм зэрэг өвөрмөц хийцтэй барилгуудыг  дурьдаж болно.   Харин Монгол-Түвд маягийн уран барилгын нэг том төлөөлөл бол Хүрээнд 1834 онд барьсан сүрлэг гоёмсог хийцтэй Майдарын сүм юм.  Наян тохой өндөр Майдар бурханд зориулан барьсан энэ сүм хүрээний хамгийн өвөрмөц хийц архитектуртай, хамгийн сүрлэг том барилга байсан ч 1937 онд оргүй болтол  нурааж устгасан нь харамсалтай.

Богдын засгийн газраас авч хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээнүүдийн нэг нь 1911-1913 онд улс орны тусгаар тогтнолын билэгдэл болгон Монгол гэрийн эзэлхүүн төлөвлөлтийн хийцэд тулгуурлан босгосон “Мэгжид жанрайсаг” сүм юм. Энэ сүм нь Хятад-Түвдийн хийцийн байгууламж бөгөөд Түвд барилгын сүрлэг том цагаан суурин дээр Хятад суварган оройтой хөнгөн хээнцэр модон дээвэр хийсэн архитектуртай.  Сүмийн архитектур хийц, уран сайхны дүр төрх, зохиомжийн хэв маяг нь  бүхэл бүтэн зууны туршид шинэчлэн байгуулагдаж ирсэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэр, орон зайн системд тогтвортой хадгалагдан үлдэж өнөөдрийг  хүртэл үндэсний архитектурын идэвхтэй үүрэг гүйцэтгэсээр байна.

Архитектурын өнөөгийн байдал

 

Монголын уран барилгын түүх төдийгүй, нийгэм, эдийн засаг, улс төрийн хүрээнд хувьсал явагдсан цаг үе бол социализмын үе буюу 1940-1990 он билээ. Социализмын үзэл баримтлалыг илтгэсэн их бүтээн байгуулалтыг Зөвлөлт улсын туршлагаар Монгол нутагт суурьшуулав. “Төрийн ордон”, “Дуурь бүжгийн эрдмийн театр”, “Бөхийн өргөө”, “Лениний музей”, “Гэрлэх ёслолын ордон”, “Залуучуудын соёлын төв”, аймаг, орон нутаг дахь бүтээн байгуулалтууд гээд Монголын архитектурын түүхэнд бичигдэх бүхий л орчин үеийн барилга байгууламжууд энэ үед баригдсан. Тухайн үед Зөвлөлт улсад архитектур, уран зохиол, бусад урлагийн салбарт ид  хүчээ авч байсан “Авангард” соёлын нөлөө Монголд ч тусгалаа олж дуу, шүлэгнээс эхлээд архитектурт хүртэл нөлөөлжээ. Үүний нэг жишээ нь Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдад зориулсан хөшөө дурсгалын цогцолбор юм.

Монголын архитектурын хөгжил

Хүн төрөлхтөн үүсч бий болоод арслан зааны ясаар анх оромж хийж байсан үеэс архитектурын түүх эхэлдэг гэж үздэг. Тэр цагаас дэлхий нийтэд “архитектур”-ын тухай ойлголт, мэдлэг, ухаан, арга барил бий болж, хүний хөгжил, нийгэм, эдийн засгийн өөрчлөлттөй холбоотойгоор шинжлэх ухаан, соёл, урлагийн илэрхийлэл болж хөгжиж иржээ. Харин Монгол архитектурын хөгжлийн тухай ярихын тулд Монгол нутагт суурьшиж байсан улс үндэстнүүдийн түгээмэл  сууц болох гэрийг онцлох хэрэгтэй болно. Монголын орд харш, сүм дуганы барилгын архитектурын хөгжилд Монголчуудын уламжлалт сууц  гэр ихээхэн нөлөөлжээ.

 

Судлаачдын үзэж байгаагаар Монголчуудын уран барилгын түүх  манай эрины III зууны үеэс эхэлдэг. Өнөө үед бидэнд мэдэгдэж судлагдаад байгаа эртний Хүннү гүрний нийслэл Луут хот, Хархорум хот, Шар бүсийн орд хот,  Барс хот зэрэг Монголын уран барилгын олон жишээ бий. Өргөн уудам газар нутагтай, мал аж ахуй эрхлэн  нүүдэллэж амьдардаг манай улсын хувьд өөрийн орны байгаль, цаг уур, ахуй амьдралынхаа онцлогийг тусгасан барилга архитектурын хөгжлийн түүхэн үе шатуудыг туулж явсаар 1926 онд шинэ үеийн Барилга, архитектурын байгууллага анх  байгуулагджээ.

 

 

Энэ үед архитектурын хэв маяг социализмын давлагаа, гоо зүйг илэрхийлэн гаргахыг зорихын зэрэгцээ социалист нийгмийн гол үзэл санаа болох  нийт хөдөлмөрчин ард түмэнд эн тэнцүү хуваарилагдах нэгэн модульт хэм хэмжээг барьж байлаа. Улаанбаатар хот энэхүү зарчимд тулгуурлан 1954, 1961, 1975, 1986 онуудад Москва хотын “Гипрогор” институтэд Зөвлөлт улсын онол арга зүй, норм дүрмийн дагуу боловсруулагдсан ерөнхий төлөвлөгөөний загварыг үндэслэл болгон хөгжиж ирсэн.

 

1990 он гарч Монгол улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан үзэл баримтлалыг дээдлэх болов. Энэ үеэс өмнө нь хаалттай байсан архитектурын томоохон урсгалууд Монголд нэвтэрч, энгийн хайрцган архитектурыг халж сонин содон хэв маяг бүхий архитектурын шийдэлтэй барилга байгууламжууд баригдаж эхэлсэн. Гэвч архитектурын шинэ урсгал, хэв маяг нэвтэрч, архитекторууд илүү чөлөөтэй сэтгэх болсон ч шинэ үеийн урлаг буюу контемпорари архитектур эдийн засгийн нөхцөл, техник технологийн хоцрогдмол байдлаас шалтгаалж одоог хүртэл жинхэнэ утгаараа хөгжөөгүй байна. Тухайлбал, одоо барилгын салбарт түгээмэл хэрэглэгдэж байгаа төмөр бетон, ган каркасан хийц, хөшигөн хана зэрэг нь дэлхий нийтэд аль 1914 онд дэлгэрч, 1980-1990 онуудад ид ноёлж байжээ.

 

 

Мөн ардчилсан нийгэмд шилжсэн энэ хугацаанд архитектур төлөвлөлт нэг талаар хөгжсөн боловч нөгөө талаар хэт замбараагаа алдсан гэж хэлж болно. Энэ нь хүн амын хэт өсөлт, түүнтэй уялдсан архитектур, хот төлөвлөлтийн хууль эрх зүйн орчин бүрдээгүйтэй холбоотой. Хот төлөвлөлт алдагдсаны хамгийн тод жишээ нь Улаанбаатар хот. 1954 онд хийгдсэн Улаанбаатар хотыг хөгжүүлэх анхны төлөвлөгөөнд 500 мянган хүн амтай байхаар тооцож байсан бол одоо нийслэлийн хүн ам одоо сая даваад байна. 2002 онд батлагдсан 2020 он хүртэл хөгжүүлэх 5 дахь ерөнхий төлөвлөгөөнд нийслэлийн хүн ам 2010 гэхэд 1.135 сая, хүн амын нягтрал 180 хүн/га болохоор тооцсон ч 2010 оны байдлаар хотын хүн ам 1.162 саяд хүрсэн учир Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, түүний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад нийслэлийн өмнө тулгамдаад байгаа хамгийн хүнд асуудал болох хүн амын төвлөрлийг сааруулах зорилгоор Улаанбаатар хотыг дагуул 7 хот, 5 тосгон, дэд төвүүдтэй байхаар төлөвлөж, зуслан, хөдөө аж ахуйн бүс зэргээр  бүсчлэн хөгжүүлэхээр тусгажээ. Мөн агаарын бохирдлыг багасгахын тулд Улаанбаатар хотын дотор гол дагасан ногоон бүсүүд оруулж талбайг нь нэмэгдүүлэх, магистралуудын шинэчлэл, терминалын бүтээн байгуулалт  гээд олон чухал асуудлыг төлөвлөгөөнд тусгаж өгсөн. Харин энэ бүхнийг гүйцэлдүүлэх хууль, эрх зүйн орчин дутагдалтай байгаа нь харамсалтай.

Аливаа барилга байгууламжийн анхны эх загвар, өнгө үзэмж, хэлбэр дүрс, төлөвлөлт, үзэл баримтлал, орчны уялдааг архитектор бодож төлөвлөн, архитектурын зураг гаргасны дараа инженерүүд тооцоо, техникийн зургийг хийж, эцэст нь барилгачид барьсанаар уг бүтээл бодит барилга байгууламж болдог. Гэтэл 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж, зураг төсөл, барилга, хот байгуулалтын салбар дахь хууль тогтоомжийг шинэчлэхдээ архитектурыг зөвхөн барилгын зураг төсөл гэсэн байдлаар хуульчилж, барилга, хот төлөвлөлт, хот байгуулалтын нэг хэсэг нь байхаар төлөөлүүлсэн нь маш том алдаа болжээ.

Түүнчлэн архитектурын зураг төсөл боловсруулах, архитекторуудыг сургах, мэргэшүүлэх, зэрэг дэв олгох, аттестатчилах ажлыг мэргэжлийн бус байгууллагаар хийлгэж, мэдлэг, туршлага шаардсан томоохон бүтээн байгуулалтын ажлуудад зохих мэргэжлийн хүмүүсийг оролцуулдаггүй, санал бодол, шийдлийг нь тусгадаггүй, мэргэжлийн байгууллагын удирдлага, ажил үүрэгт улс төрийн оролцоо их байдаг зэрэг нь  архитектурын хөгжилд ихээхэн саад болж байгаад шүүмжлэлтэй хандах хүн олон бий. Сүүлийн үед зарим барилга байгууламжийн архитектур төлөвлөлт муу байгаагаас барилгын чанар алдагдаж байна, орчныхоо барилга байгууламжтай зохицохгүй, нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөллөө гэх болсон. Энэ нь архитектурын бүтээл захиалагчийн хүсэл, хөрөнгө санхүүд захирагдаж, өнгө үзэмж, орчны уялдааг дутуу төлөвлөсөн, барилга барих явцад мэргэжлийн бус хүмүүс зураг төслийг дураар өөрчилдөгтэй холбоотой юм. Үүнээс гадна захиалагчийн санхүүгийн байдлаас шалтгаалж архитекторын явцын хяналт хийх боломж байдаггүй, өртөг багатай материал сонгож хэрэглэдэг зэрэг нь барилгын чанарт ихээхэн нөлөөлдөг.

Энэ мэтчилэн архитектурын хөгжилд тушаа болсон олон асуудал байгаа ч эдгээрийг шийдвэрлэх хамгийн гол гогцоо нь архитектур төлөвлөлтийн эрх зүйн орчинг бүрдүүлэх явдал юм. Өнөөдөр хот төлөвлөлт алдагдсан, Ерөнхий төлөвлөгөө хэрэгждэггүй, барилга архитектурын чанар хангалтгүй, хариуцлагын тогтолцоо сул, архитектурын өв соёлыг хамгаалдагүй зэрэг асуудлуудыг шийдвэрлэж чадах, архитектуртай холбогдсон бүхий л харилцааг зохицуулдаг бие даасан хууль үгүйлэгдэж байна.  Дэлхийн бусад улс орны жишгээр Архитектурын тухай хуультай болсноор Монгол улс олон зуун жилийн туршид хадгалагдан өвлөгдөж ирсэн архитектурын бүтээлээ хамгаалах, сэргээн засварлах, архитектурын шинжлэх ухаан, урлагийг хөгжүүлэх, дэлхийд гайхуулах үндэсний уламжлалыг тусгасан томоохон бүтээлүүд хийгдэж, улс орны эдийн засагт өсөлт гарч, аялал жуулчлал хөгжих, манай архитекторууд дэлхийн мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран ажиллах нөхцөл боломж бүрдэх юм.

Түүнчлэн хот төлөвлөлт, байгуулалт хуулийн дагуу явагдаж, хотын болон барилгын өнгө үзэмж дээшлэн чанар, стандарт сайжрах бөгөөд цаашид дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага болсон Ногоон архитектурыг хөгжүүлснээр агаар, ус, хөрсний бохирдол багасч, байгалийн орчны тэнцвэр хадгалагдаж, иргэдийн амьдрах орчин сайжирч, архитектурын хөгжил шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байна.

2015-11-02

 

Эх сурвалж: http://uma.org.mn/index.php/post/more/239

 


Add comment

Security code
Refresh