Tue06272017

Үйл явдлын тойм

“ДАНС ХАРАА-ӨВ СОЁЛ” СЭДЭВТ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

“ДАНС ХАРАА-ӨВ СОЁЛ” СЭДЭВТ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Архивын ерөнхий газраас Монгол улсад орчин цагийн ...

“ДАНС ХАРАА-ӨВ СОЁЛ” СЭДЭВТ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

“ДАНС ХАРАА-ӨВ СОЁЛ” СЭДЭВТ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Үндэсний төв архивын сан хөмрөгийн дээжээс бүрдсэн...

ХҮҮХДИЙН ДУУ ЦАНГИНАСАН АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

ХҮҮХДИЙН ДУУ ЦАНГИНАСАН АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан ...

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА ТОМИЛОГДЛОО

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА ТОМИЛОГДЛОО

 

Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдр...

"Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ" нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

Яг одоо жанжин Сүхбаатарын талбайд ХЗДХЯ-ны харьяа...

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛНО

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛНО

"Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ" уриан дор Хууль з...

ХЗДХЯ-НЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН  СПОРТЫН НААДМЫН АВАРГУУД ТОДОРЛОО

ХЗДХЯ-НЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН СПОРТЫН НААДМЫН АВАРГУУД ТОДОРЛОО

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын х...

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН СПОРТЫН АВАРГУУД ТОДОРЛОО

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН СПОРТЫН АВАРГУУД ТОДОРЛОО

Монгол улсад орчин цагийн архивын алба үүсэн байгу...

Back АМАРБАЯСГАЛАНТ ХИЙДИЙН ДЭЭВРИЙН ЧИМЭГЛЭЛ

АМАРБАЯСГАЛАНТ ХИЙДИЙН ДЭЭВРИЙН ЧИМЭГЛЭЛ

  • PDF

 

Сүмийн барилгын дээврийн хийц нь бусад хийцээсээ хамгийн сүрлэг, үзэсгэлэн төгс, үнэхээрийн гайхамшигтай байдаг нь түүн дээр байгаа уран хийц бүхий, сонин амьтдын дүрстэй холбоотой юм. Эдгээр дээврийн амьтдыг өнгөцхөн харахад зүгээр нэг, харилцан адилгүй байрлуулсан чимэглэл мэт боловч энэ нь цаанаа бүгд учир утга, агуулгатай, хатуу тогтсон эрэмбэ дараалалтай, нарийн ур хийцтэй, уг барилгын гол хэсэг нь болж байдаг.

Ордон, сүм дуган, орон сууцны барилгын дээврийг паалантай, хөх гэсэн хоёр төрлийн ваараар хийдэг байна. Чин улсын үед паалантай ваараар хааны ордон, хааны сүм дуганы барилгын дээврийг хийдэг зарчимтай байжээ. Тэр тусмаа Амарбаясгалантад хэрэглэсэн солонгорсон хүрэн болон ногоон паалантай ваар, хавтанг Чин улсын үеийн ордны ваар хийдэг урчууд тусгай технологиор үйлдвэрлэсэн байжээ. Тухайн үед паалантай ваарыг үйлдвэрлэхэд өртөг их бөгөөд гоё сайхан учраас зөвхөн эзэн хааны зөвшөөрсөн дээд зэргийн барилгад л хэрэглэдэг байжээ. Тэдгээр барилгын хэмжээ, дээврийн төрөл, дээврийн амьтдын тоо, чимэглэл, өнгө будаг, хээ хуарыг гаднаас нь хараад л уг барилгын эзний зэрэг дэв болон зориулалтыг тодорхойлж болдог байна. Дээврийг чимэглэсэн амьтад нь оноосон нэр, хэлбэр дүрс, утга бэлэгдлээрээ өөр хоорондоо адилгүй юм. Дээврийг нийт 10 төрлийн амьтдаар чимэглэдэг байна.

 

Луу- Лууг хамгийн хүчирхэг, тэнгэрийн амьтан гэж үздэг учраас Чин улсын үеэс дээврийн гол дэл, хажуу дэл, бага дэлийг луугаар чимэглэдэг байжээ. Энэ нь өөрийн гэсэн утга учир, домогтой байжээ. Дөрвөн савраа атиралдуулан, амаа том ангайн гол дэлийг залгиж байгаа луу нь галын аюулаас хамгаалахыг бэлэгддэг. Гол дэлийг залгиж буй лууны домгийг өгүүлбээс “Луу хаан үхээд хоёр хүүгийнх нь нэг нь хаан ширээг залгамжлах болжээ. Ах дүү хоёр луу хаан ширээг булаалдан дүү луу нь хаан ширээнд суухыг хүссэнд ах луу нь хэн түрүүлж гол дэлийг залгисан хаан болъёо гээд дүүгээ эхэлж ид гэжээ. Дүү луу нь гол дэлийг залгилж эхлэхэд ах нь эрдэнийн сэлмээр ар зоонд нь лав зоож алсан байна. Ийнхүү дүү луу гол дэлийг үмхэж байгаад үхсэнийг дүрсэлсэн гэдэг”. Луу нь усан махбодьтой, далайн хүчирхэг давалгааг үүсгэх, ширүүн бороо оруулах чадалтай гэж түүнийг дээвэрт байрлуулан галын аюулаас зайлсхийх, сэргийлэх учиртай гэнэ.
Хятад улсын хамгийн том гол дэлний луу бол Бээжингийн хааны ордон музей Их найралт сүм (Tai he dian)–ийн оройд байдаг байна. Тэрхүү луу нь 13 ширхэг паалантай хэсгээс бүрдэх бөгөөд нийт өндөр нь 3,4м, хүнд нь 4,3тн юм. Үүнийг Мин, Чин улсын үеийн ордны луут чимэглэлийн сонгодог бүтээл гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн байна. Луугийн 9 хүүхдийн нэг нь алсыг харуулдан суух дуртай учраас дээврийн хажуу дэл, бага дэлний төгсгөлд байрлуулдаг байна [Lou Qingxi. 2008, p.53-57].
Бага дэлний амьтдыг дараах тогтсон эрэмбэ дарааллаар байрлуулан чимэглэдэг байна. Үүнд:
1. Шянрен (xianren)- гарьд хөлөглөсөн шидтэн гэж нэрлэх бөгөөд хамгийн урт настай, хөгширдөггүй хүн гэж үлгэрт гардаг. Бүх амьтдын эхэнд байрлана.
2. Лун (Long)- луу нь ер бусын домгийн амьтан, бие нь урт, далавчтай, хөлтэй, эвэртэй, усанд явдаг, нисдэг, үүлийг хөдөлгөж бороо оруулдаг хайрстай амьтан юм.
3. Фэн (feng)- <гарьд> гэж монголчууд нэрлэдэг. Гарьдыг ухаан төгс гэгээрсэн хүнтэй зүйрлэдэг. Хятадын <Түүхэн тэмдэглэл> хэмээх алдарт шаштирт “Хангарьд хараацайтай хэзээд үл сүрэглэнэ” гэсэн нь феодалын үеийн хааны хэмжээлшгүй их эрх ямба, байр суурийг тусган харуулсан байна. Гарьдыг жигүүртний хаан гэж үздэг бөгөөд феодалын нийгмийн анги давхаргын дээд бэлгэдэл байжээ. Луу, гарьд нь эртний байгууламжид хослон байж, сайн сайхан, эрүүл энхийг илэрхийлж, амьдрал тэгш дүүрэн, үр хүүхэдтэй, өнөр өтгөн байхыг бэлгэддэг байна.
4. Шы зи (shi zi) буюу арслан- Махчин араатан, эртний хүмүүс арсланг араатны хаан бөгөөд сүр хүчний бэлгэдэл болгодог. Эртний шаштирт арслангийн сүр хүч, ид хавыг магтсан зүйлүүд их байдаг байна.
5. Тиань ма (tian ma) буюу тэнгэрийн хүлэг- Тэнгэрийг төлөөлөн, хааны сүр хүчийг бэлэгддэг. Эрдэнийн хүлэг ч гэж нэрлэдэг. Эртний Хан, Чао улсын үед баруун этгээдээс авчирсан сайн морийг ингэж нэрлэж байжээ. Түүний хүзүүний хоёр хажуунаас гарсан нэмэлт далавч нь эртний хүмүүсийн хүсэл тэмүүллийн илэрхийлэл юм.
6. Хай ма (hai ma)- <морин загас> (далайн морь) гэж монголчууд нэрлэдэг. Далай халиуны нэг төрөл бөгөөд хятад эмийн найрлагад ордог. Тэнгэрийн хүлэг болон морин загас нь тэнгис далай, тэнгэрээр төлөөлсөн хааны сүр хүчний бэлэгдлийн нэг хэсэг байсан бөгөөд маш их бэлэгшээдэг байжээ. Чин улсын үеийн барилгад далайн морийг луу, гарьд, арслан, тэнгэрийн хүлэгтэй хамт хэрэглэдэг байжээ.
7. Суань ни (suan ni)- <эрслэн>  гэж монголчууд нэрлэдэг. Энэ нь арслангийн нэг төрөл болох Сибирийн арслангийн нэр, хүч их, биеийн үс охор, хүзүүний үс сахлаг гэжээ. Эртний хятадын сурвалж бичигт арслангийн нэгэн төрөл ба бар, ирвэсийг барих хүчтэй догшин араатан, луугийн 9 хүүгийн нэг бөгөөд мөн л сүр хүч, зориг золбоо илэрхийлнэ. Эрслэн нь гай гамшгаас авран хамгаалж, муу муухайг зайлуулдаг гэдэг. Луу, гарьд, арслан, тэнгэрийн хүлэг, далайн морины дараа байрлана.
8. Яа юй (ya yu)- загас буюу далайн домгийн амьтан. Эртний домог ярианд эрслэн, энэ амьтан хоёр нь үүл урьж, хур буулгадаг, түймэр дарж, гамшгаас гэтэлгэгч сахиус гэж бэлгэддэг. Урчуудын урласан морин загас, энэхүү далайн амьтдыг онцлон таньж ялгахад төвөгтэй байдаг. Энэхүү амьтан нь луутай төсөөтэй бөгөөд эртний зохиолд нярай луу атлаа эвэртэй, сүүл, сэрвээ нь загас шиг гэжээ. Суань ни буюу эрслэнгийн дараа байрлана.
9. Шие жы (xie zhi)- <эрслэн> гэж монголчууд нэрлэдэг бөгөөд өнгө нь нь шар, маш урт ганц эвэртэй, эврийн үзүүр хурц бөгөөд судалтай нэг зүйл араатан, арслантай хэрэлдэн тэмцэх зантай гэжээ. Эртний хятадын сурвалжид домгийн догшин араатан бөгөөд шар гөрөөс ч гэж нэрлэх ба үнэн худлыг дэнслэх чадалтай, тэрээр хааны төв чигч, шулуун шударга зан чанарыг бэлгэддэг. Энэхүү домгийн амьтан нь <яа юй> буюу загасны дараа байна.
10. Доу нью (dou niu) буюу домогт балчир нярай лууг дүрсэлдэг байжээ. Гаднах хэлбэр дүрс нь үхэртэй төстэй боловч их биетэй хайрсан хуягтай, луутай ч төстэй этгээд сонин амьтан юм. Төв чигч шударгыг илэрхийлж, гай түйтгэрээс хамгаалагч хэмээн бэлгэддэг. Мин улсын үеийн дүрслэлээс Чин улсын үеийн дүрслэл арай өөрчлөгдсөн бөгөөд эрслэнгийн дараа байрлана.
11. Шин шөнь (xing shen) буюу далавчтай, сармагчны нүүртэй хүн дүрст амьтан- энэ амьтан нь дэлний амьтдын хамгийн сүүлд байрлах бөгөөд маш ховор хэрэглэдэг. Тухайлбал, Бээжингийн Хааны ордны дээр дурдсан Их найралт ордны дээвэр дээр байх бөгөөд хамгийн өндөр зэрэг дэвийг илтгэсэн барилгын дээвэрт байдаг байна. [Liang Si Cheng. 1993, x.122, Shan Shi Yuan. 2007, p.24, 72, 78, 120, 228, 308, 344, 349, 484, 499].
Эдгээр бүх амьтад нь луунаас гаралтай бөгөөд <яагаад лууг хятадын эртний уран барилгын чимэглэлд их хэрэглэдэг байсан бэ?> гэсэн асуулт гарч ирнэ. Энэ нь хятад үндэстний <луугийн> гэх тодотголтой соёлоос эхэлсэн. Луу бол хятад үндэстний мандан бадралт болон соёлын эхлэлтийн бэлгэ тэмдэг, шар арьстны үр садын сүлд (тотем) юм. Луу нь сүр хүч төгөлдөр, баатарлаг дайчин, айх аюулгүй, цог хийморийг өөртөө агуулсан хятад үндэстний оюун санааны бэлгэдлийн биелсэн дүр юм. Хүмүүс лууг шүтэн түүнийг гай барцад, ад зэтгэрээс авран тэтгэнэ хэмээн итгэж, байгалийн гамшгаас гатлан дийлэхэд тусалдаг, хүмүүст аз жаргал, сайн сайхныг авчирдаг гэх мэтээр луугийн тухай үзэл нь даамжирсаар луугийн үр сад, луугийн бахархал хэмээх үзэл нь эд зүйл, барилга байгууламжид өөрийн арилшгүй ул мөрөө үлдээсэн байна. Луугийн соёлын тод томруун жишээг эртний хятадын барилга байгууламжаас харж болохоос гадна хувцаснаас харж болно. Тухайлбал, луу нь хятадын эзэн хааны бэлгэ тэмдэг учраас ордны чимэглэл лууг таван сарвуутай зурсан байх ба эзэн хаан түүний ураг төрөл таван сарвуутай луу бүхий хувцас, эзэн хааны шадар сайд нь дөрвөн сарвуутай луу бүхий хувцас, түүнээс доош зэрэг дэвтэй түшмэд нь гурван сарвуутай лууны хээт хувцас өмсдөг байжээ. Түүнчлэн луун үсгийг хааны хувцсанд хэрэглэдэг байжээ. Хятадын лууны дүрс шинэ чулуун зэвсгийн үе буюу МЭӨ V мянганы үеийн сийлбэр дээр анх дүрслэгдсэн бөгөөд энэ нь хүн төрөлхтөний хамгийн анхны бэлгэ тэмдгүүдийн нэг байлаа. Хятадын лууны тухай <Мөнх бусын тухай судар> хэмээх номд дурдсан байдаг. Энд лууг тэнгэр, хавар, мөнх бус өөрчлөлт болон бүтээгч хүч тэргүүтнийг эрхшээсэн хүчит гэрэл, бүхнийг тэтгэгч хэмээн өргөмжилжээ. Луу нь өөрийгөө хүссэнээрээ хувиргах нууцлах чадвартай. Луу нь өөрийгөө харагдахгүй болох, торгоны өт лугаа адил жижиг болох, дээд тэнгэрийг бүрхэхүйц том болох зэрэг шидтэй гэжээ. [Robert Beer. 1999, p.63-65].
Эртний барилгын дээврийн оройн дээрх амьтдын чимэглэл буюу <гай зэтгэрээс гэтэлгэгч> нь домогт өгүүлснээр буг чөтгөрийг хөөн зайлуулж, айл гэрийн амар амгаланг сахин хамгаалж, эд агуурс, идээ будаа элбэг дэлбэг, эзэд нь жаргалтай байхыг хүсч бэлгэдсэн зүйл байлаа. Ийнхүү орд өргөө, сүм дуганы дээврийн оройд байрлуулах луун дүрст <гай зэтгэрээс гэтэлгэгч> нь бэлгэдэл төдийгүй чимэглэл болж түүнийг яаж байрлуулснаас эзнийх нь эрх мэдэл, зэрэг дэв ялгарч харагддаг болсон байна.
1960 онд судлаачид Хятадын Ху Бэй мужийн Ша хотын захын дүүргээс эдүгээ уламжлагдан ирсэн хамгийн эртний дээврийн амьтны чимэглэлийг олсон бөгөөд шавраар хийсэн дээврийн амьтны дотор талд <МЭӨ 134 он> гэж бичсэн байжээ.
Гол дэлийг залгиж буй лууны чимэглэл нь Тан улсын дунд болон сүүл үед загасны сүүл хэлбэртэй байснаа Сүн улсын үед луугийн хэлбэрийг олж дэлгэрч эхэлсэн бөгөөд Чин улсын үед хэлбэр, дүрслэл нь төгөлдөржиж, гаднах төрх нь дөрвөн савар нь тэнгэрт тэмүүлж, догшин ширүүн том нүд, амаараа гол дэлийг залгисан, ар зоондоо эрдэнийн илд зоолгосон маш нарийн ур хийцтэй болсон байна. Гол дэлний лууны ар талд товойлгож дүрсэлсэн амьтан бэйшү (beishou) нь алс холыг харах нүдний үүргийг гүйцэтгэнэ.

Гол дэлний луунаас бусад дэлний луу, араатан амьтад нь бүгд гадагш алсыг харсан байдлаар байрласан байдаг бөгөөд эрт үед тэдгээрийг <бараач араатан> гэж нэрлэдэг байжээ. Мөн Чингийн үед л эдгээр бага дэлний амьтдыг байрлуулах нарийн тогтсон дэг ёстой болсон байна. Тухайлбал, нэгдүгээрт нь <гарьд хөлөглөсөн шидтэн>, араас нь дандаа дан амьтдыг байрлуулдаг.
Дээврийн бага дэлний үзүүрийн хэсгийг чимэглэсэн амьтдыг 3, 5, 7, 9, 11 ширхэгээр байрлуулах бөгөөд тухайн барилгын эзний зэрэг дэвээс хамаарч хэдийг, ямар материалаар, ямар ур хийцтэй хийх зэргийг сонгодог байна. Тухайлбал, хамгийн өндөр зэргийн ордон болох Бээжингийн хааны ордны <Тай Хэ Диэн буюу Их найралт ордон>-ы дээврийн дэлний амьтдыг паалантай ваараар маш нарийн ур хийцтэй хийж, 11 ширхэгийг байрлуулсан нь тансаг, ихэмсэг харагддаг. Энэ нь хятадын ордны барилгын түүхэнд дахин давтагдашгүй цорын ганц чимэглэл юм. Бээжингийн <Төв Найралт ордон>, <Бат найралт ордон>-ы дээврийн амьтад 9 ширхэг байдаг байна. Дээврийн амьтад олон байх тусам тэр барилга улам том сүрлэг болдог.
Амарбаясгалантын цогцолборын сүм дуган бүрийг өөр өөр вааран эдлэл, амьтдын дүрсээр чимэглэсний зэрэгцээ нэг сүмийн дээвэр 20-35 төрлийн вааран эдлэл, чимэглэлийн амьтдын дүрсээс бүрджээ. Өндөр гэгээний шарилын сүмийн дээврийн чимэглэлийн амьтдын хамгийн эхэнд “монгол ээдгэр гуталтай баатар” дүрсэлснээрээ бусад сүмийн дээврийн чимэглэлээс өөр бөгөөд онцлог юм.
Амарбаясгалантын гол барилгуудын дээврийг хүрэн паалантай солонгорсон ваар, амьтдаар чимэглэсэн ба туслах чанарын барилгуудын дээврийг жирийн хөх ваараар хийсэн байдаг. Гол Цогчин дуганы дээврийн паалантай ваар нь нарны туяанд өнгө өнгөөр солонгорон хувирч гайхамшигтай харагддаг байсан. Одоо ихэнх дээврийн паалантай ваар мөндөрт цохигдож паалан нь унаж цоохордсон бөгөөд зөвхөн зарим сүмийн фронтоны (хажуу талын) болон хэрэмний хаалганы дээд талын солонгорсон ногоон паалантай хавтан л үлджээ.
Амарбаясгалантын сүм дуганы зориулалт болон хэмжээнээс  хамаарч дээврийн чимэглэл нь том жижиг янз бүр бөгөөд хамгийн том ваар, амьтантай нь Цогчин дуган юм. Үүний гол дэлний уулзвар бүхэнд луутай, өөрөөр хэлбэл гол дэлний луу нь 8 бөгөөд өндөр нь 1,5м, өргөн нь 0,6м, таван хэсгээс бүрдэнэ. Цогчингийн дээврийн амьтад нь 40-60см өндөр болно. Уг барилгын нэгдүгээр давхрын дээврийн бага дэлний үзүүүрт 5 амьтан, хоёрдугаар давхар буюу дээд давхрын дээврийн бага дэлийг 7 амьтнаар тус тус чимэглэсэн байдаг.
Амьтдыг байрлуулах зарчмаар бол эхлээд заавал гарьд хөлөглөсөн хувилгаан байж бусад амьтдыг дагуулж явдаг байна.
Амарбаясгалантын сүм дуганыг хоёр төрлийн ваараар буюу хөх болон пааландсан ваар (керамик)-аар дээвэрлэсэн байдаг.  Дээврийн гол дэл, хажуу дэл, бага дэлийг луу болон амьтдаар чимэглэсэн байна. Дээврийг бүтээж буй гол хийц ваар бөгөөд дээврийн ваарыг дотор нь төрлөөр нь эр, эм ваар гэж ангилдаг. Эр, эм ваарыг дотор нь <төгсгөлийн эр, эм ваар>, <дунд эр, эм ваар> гэж хооронд нь ялгадаг байсан байна.
Эх сурвалж:  ЗТБА-ын сан хөмрөгөөс,
З.Оюунбилэг “Амарбаясгалантын архитектур”

Add comment

Security code
Refresh