Sat10212017

Үйл явдлын тойм

Зарлал

Зарлал

Үндэсний төв архивын Кино, гэрэл зураг, дуу авианы...

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ГАЛЫН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ГАЛЫН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

 

Энэ сарын 04-ний өдөр Төрийн ордны Гамшгаас хамга...

АЖИЛЧДЫН ОРОН СУУЦНЫ ШАВ ТАВИХ ЁСЛОЛЫН  ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

АЖИЛЧДЫН ОРОН СУУЦНЫ ШАВ ТАВИХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Хууль зүй, дотоод хэргийн яам, Архивын ерөнхий газ...

УВС АЙМГИЙН АРХИВЫН БАЙГУУЛЛАГЫН 60 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

УВС АЙМГИЙН АРХИВЫН БАЙГУУЛЛАГЫН 60 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Увс аймагт Архивын байгууллага үүсч хөгжсөний түүх...

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН  АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Өчигдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ...

НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ АЛБА. МОРЬТ ЭРГҮҮЛ. 1921-1990 ОН

НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ АЛБА. МОРЬТ ЭРГҮҮЛ. 1921-1990 ОН

Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын

Тусгай төрлий...

Back Бүдүүнхаргайтын голд 1948 оны долоодугаар сарын 8-нд болсон тулалдааны 68 жилийн ойд

Бүдүүнхаргайтын голд 1948 оны долоодугаар сарын 8-нд болсон тулалдааны 68 жилийн ойд

  • PDF

1948 он дэлхийн хоёрдугаар дайн дуусаад удаагүй, Хятад улс дотооддоо иргэний дайнтай байсан нь БНМАУ-ын баруун хилийн тайван байдалд сөргөөр нөлөөлсөн, гоминданы дэмжлэгтэй Оспан тэргүүтэй хасгийн дээрэмчид байнгын халдлага хийж байсан түгшүүрт жил байжээ.

Байнгын хилийн зөрчил, дээрмийн халдлагууд 1930-аад оны дунд үеэс идэвхижсэний гол шалтгаан нь гоминданы талаас хасгийн дээрэмчдийн хүчийг ашиглан турхирч байсанд оршиж байв.

1943 оны наймдугаар сард маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар Дотоод Явдлын Яамны сайд Б.Шагдаржав, орлогч сайд Б.Дүйнхэржав, орлогч сайд Хилийн ба Дотоодын Цэргийн Хэрэг Эрхлэх Газрын дарга Б.Дорж нартай зөвлөхүүдийн нь хамтаар уулзаж цагийн байдалтай уялдуулан баруун хилийн талаар яаралтай арга хэмжээ авах төлөвлөгөө боловсруулах үүрэг өгсөн нь түгшүүрт байдлыг намжаах, эсрэг талын зөрчлийг ашиглан хагаралдуулж цаг хожих зорилготой байв.

Төлөвлөгөөний дагуу 1943.9.7-нд БНМАУ-ын талаас бие төлөөлөгч У.Хамхаашыг илгээн Оспантай уулзуулж холбоо тогтоох эхний алхамыг хийжээ. Мөн сарын 14-нд Оспаны хүү, дүү болон бусад эрх мэдэл бүхий хүмүүстэй монголын төлөөлөгчид уулзан Оспантай хийх уулзалтын товыг тогтсон байна.

Аравдугаар сарын 5-нд Оспан Хайртын даваанд 100 гаруй хүнээ алсын хамгаалалтад үлдээн 40 хүнээр хамгаалуулан манай төлөөлөгч Дотоод Явдлын Яамны орлогч сайд Б.Дүйнхэржавтай  уулзсан ажээ. Энэхүү уулзалтаар:

1. БНМАУ-ын хилийг зөрчин дээрэм хийхээ зогсоох

2. БНМАУ-ын талаас зэвсэг, эд материалын тусламж авч Гоминданы эсрэг тэмцэх

3. БНМАУ-ын нутаг дэвсгэрт түр суурьшин Гоминданы эсрэг тэмцлээ үргэлжлүүлэх

4. Шинжааны ард түмний тэмцлийг дэмжин хүчээ нэгтгэх

5. Тохиролцоог нууцлах  гэсэн утгатай хэлэлцээр хийж тохиролцоонд хүрчээ.

Тохиролцоог баталгаатай болгон Оспанд итгүүлэхийн тулд Хилийн ба Дотоодын Цэргийн Хэрэг Эрхлэх Газрын дарга Б.Дорж Булган голын шугуйд, маршал Х.Чойбалсан эхний удаад Алагтолгой хэмээх газар, дараа нь 1944.3.5-ны өдөр Булган голын орчим Майхантолгой хэмээх газар Оспаны гэрт нь уулзжээ

Энэ уулзалтаар маршал Х.Чойбалсан дээрх тохиролцоог баталгаажуулан амлалтаа хэрэгжүүлсэн байна. Тохиролцооны дүнд 1943-1946 онуудад буюу Оспан тохиролцооноос урван, Гоминданы талд эргэн үйлчлэх хүртэл хилийн байдал түр боловч намжсан юм.

Дээрх тохиролцооны дагуу БНМАУ-ын тал И.В.Сталины заавраар түүний нэрийн өмнөөс зэвсэг өгөхөөр тохирон, Дотоод Явдлын Яамны орлогч сайд Б.Дүйнхэржав эхний удаад 27 винтов, 10 мазер буу, 600 метр бөс даавуу, Оспанд өөрт нь англи автомат буу 1000 сумны хамтаар шагнажээ.

Энэхүү холбоо тогтоох, хэлэлцээ хийх ажилд Зөвлөлтийн зүгээс ихээхэн ач холбогдол өгч байсан бөгөөд ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссариатын тагнуулын газрын дарга хошууч генерал Лампанг, Хилийн цэргийн зөвлөх Пахомов, Цэргийн яамны зөвлөх Рубин, Байгалийн цэргийн тойргийн фронт командлагч Ковалёв, Монголд суугаа Бүрэн эрхт төлөөлөгч Иванов нар зөвлөгөө өгч удирдан байжээ.

Маршал Х.Чойбалсан уулзалтынхаа дараа Оспанд 400 винтов, Шпагины пулемёт 200, суурьт пулемёт 6, гар пулемёт 30, гар гранат 2000, 400,000 сумны хамтаар өгсөн байна.

Дээрхи зэвсэг, галт хэрэгсэлийг жанжин Д.Сүхбаатарын хүү С.Галсан хүргэж өгсөн бөгөөд манай сургагч нар зэвсэг хэрхэн эзэмшихийг зааж сургасан ажээ.

1946 оноос Оспан Гоминданы талд эргэн орж БНМАУ-ын эсрэг дайсагнасан ажиллагаагаа сэргээснээр хилийн байдал эргэн түгшүүртэй болов. БНМАУ-ын хил дээр хасгийн дээрэмчдийн өдүүлсэн их бага зөрчил, зэвсэгт тулгаралт хэдэн арваар тоологдох бөгөөд түүний нэг нь 1948 оны долоодугаар сарын 8-ны өдөр болсон Бүдүүнхаргайтын тулалдаан билээ.

Ховд аймгийн Булган сумын нутагт орших Байтагбогд уулын араас эх аван 15 км урт урсах Бүдүүнхаргайт хэмээх голын хойт өндөрлөгт монголын хилчид хасгийн дээрэмчидтэй эрслэн тулалдсан бөгөөд 1988 онд хилчин баатрууддаа зориулан амь үрэгдсэн газар нь дурсгалын хөшөө босгосон.

Манат гэгчээр толгойлуулсан дээрэмчид амьд хэл олзлох зорилгоор энэхүү довтолгооныг хийсэн бөгөөд бүлэг 120 орчим хүний бүрэлдэхүүнтэй, 4 миномёт, 10 орчим хүнд, хөнгөн пулемёт, винтовын бөмбөг буудагч, америк винтовоор зэвсэглэсэн байв.

Тухайн өдөр хилийн манаанд гарсан 6-р отрядын 2-р сумангийн бүрэлдэхүүнд ахлагчаар заставын орлогч Г.Хаянхярваа, тасгийн дарга Б.Гиваан, цэрэг Б.Тэгшээ, Л.Даваадорж, Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян, Л.Гончигзэгвэ, Д.Чойжин, Ч.Пэлжээ нар байв.

Дарга Г.Хаянхярваа уулын урд өндөрлөгт Д.Чойжин, Т.Баян, Л.Гончигзэгвэ нарыг, хойт өндөрлөгт Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж нарыг хөнгөн пулемёттойгоор, өөрөө Н.Дандархайдавын хамт дунд онин дээр байрлан Э.Архадаар морьдоо бариулан Ч.Пэлжээг холбоо бариулахаар Б.Тэгшээгийн хүрэн халзан морийг унуулан явуулжээ.

Дээрэмчид хүчтэй галаар дэмжүүлэн довтолсноор Э.Архад, Т.Баян нар амь үрэгдэж, Н.Дандархайдав хүнд шархадан арын байрлалд шилжсэн байна.

Тулалдаан богино хугацаанд дайсны хүчний илт давамгай байдалд явагдсан боловч монголын хилчдийг олзолж, бүрэн устгаж чадаагүй.

Тулалдааны явцад Г.Хаянхярваа, Л.Гончигзэгвэ, Д.Чойжин нар бүслэлтээс гарч чадсан ч газар орны бартаанаас үүдэн нөхөддөө туслаж чадаагүй аж. Бусад хилчид дайсны бүслэлтэд орж эцсээ хүртэл эрэлхэгээр тулалдан алтан амиа алдсан билээ.

Хойт өндөрлөгт байрласан Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж нар пулемётын галаар ширүүн эсэргүүцэл үзүүлсээр байсан тул дайсан тэднийг миномёт, пулемётын галын дэмжлэгтэйгээр бүслэхийг оролдсон байна. Тулалдааны дараа хийсэн үзлэгээр гурван хилчний байлдаж байсан хойт өндөрлөгийн 15 хавтгай дөрвөлжин метр талбайд 15 удаа миномётын бөмбөг тэсэрч, хүн бүр 2-3 шархадаж, талбай цусаар будагдсан байжээ.

Байлдагч Б.Тэгшээгийн баруун хөл мининд өртөн тасарч зөвхөн боривны том шөрмсөнд санжин тогтсон, шилбэний хугархай яс нь газар зурсаар мөлийж, нүхэнд нь шороо чулуу чихэгдсэн байдалтай, Л.Даваадоржийн бие хуваагдан 6 метрийн зайтай шидэгдсэн, амь үрэгдэхээсээ өмнө эвлэлийн батлахаа чулуун дор нууж, пулемёт буугаа хад савж эвдсэн байв. Гурван хилчин хамтдаа эцсийн гранатаа тэслэн өөрсдийгөө болон бүслэн ирсэн дайсныг устгасан байлаа.

Дайсны эхний довтолгоонд өртөн хүнд шархадсан Н.Дандархайдав дайсанд амьдаар баригдахгүйн тулд өөрийгөө буудсан ажээ.

Эрэлхэг хилчин Баянбэлэгийн Тэгшээ, Лхүнрэвийн Даваадорж нарын гавъяаг тэмдэглэн БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1949 оны  зарлигаар   “Улсын баатар" цолоор нэхэн шагнасан. Бэгзийн Гивааныг БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1971 оны 10-р сарын 13-ны өдрийн 200 тоот зарлигаар “Улсын баатар" цолоор нэхэн шагнасан.  Тэдний алдрыг мөнхжүүлж нэрэмжит заставууд бий болгожээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Найдангийн Дандархайдав, мөн аймгийн Сонгино сумын харъяат Энхийн Архад, Увс аймгийн Өмнөговь сумын харъяат Түвшингийн Баян нарыг “Байлдааны гавъяаны улаан туг"-ийн одонгоор нэхэн, Булган аймгийн харъяат Гомбожавын Хаянхярвааг “Байлдааны гавъяаны улаан туг"-ийн одонгоор, Баянхонгор аймгийн Мандал сумын харъяат Доржийн Чойжин, мөн аймгийн Богд сумын харъяат Лувсангийн Гончигзэгвэ нарыг “Байлдааны гавъяаны одон“-гоор, Увс аймгийн Өндөрхангай сумын харъяат Чойжилсүрэнгийн Пэлжээг “Байлдааны медаль”-иар шагнажээ.

Амь үрэгдэгсдийг суман, застав байрлаж байсан Дамжигийн Ус хэмээх газар хөдөөлүүлсэн юм. 1988 онд байлдаан болж баатруудын амь үрэгдсэн газарт тэдгээр 10 хилчдэд зориулсан дурсгалын хөшөө, Б.Гивааны нэрэмжит заставт түүний хүрэл хөшөөг босгосон билээ.

1949 онд БНХАУ байгуулагдан гоминданы цэргийн үлдэгдэлтэй тэмцэн 1949 оны есдүгээр сард Шинжаанд байсан 80,000 цэргийг буулган авчээ.

Дэмжлэггүй болсон хасгийн дээрэмчдийн бүлэг 1949 онд сарнин бутарч, толгойлогч Оспан  Хятадын Ганьсу, Нинься, Цинхай муж дамжин зугтсаар 1951 онд баригдан 4-р сарын 29-нд Өрөмч хотод цаазлуулсан байна.

Оспаны том хүү Чердыман, Алтанбек нарын 39 дээрэмчин 1951 оны 11 дүгээр сард “Бидний 500 хүн орогнох газаргүй болов. Биднийг Монголд аваач!” хэмээсэн хүсэлтийг Рахамжан гэгчээр ирүүлж байв.

Дээрэмчдийн үлдэгдлийг 1952 оны долоодугаар сард Хязгаарын цэргийн штабын дара Ж.Намжилын удирдсан групп Багадаваа хэмээх газар устгажээ. Уг ажиллагаанд хилийн цаад талаас ХАЧА-ийн анги оролцсон бөгөөд олзлогдогсодыг тэдэнд хүлээлгэн өгсөн байна.

Ийнхүү баруун хил дээр даруй 20 орчим жил үргэлжилсэн тогтворгүй байдал эцэс болсон билээ.

Монгол Улсын баатар Б.Тэгшээ

 

Монгол улсын баатар Б.Гиваан

 

Монгол Улсын баатар Л.Даваадорж

 

Бэгзийн Гивааныг БНМАУ-ын баатар цолоор нэхэн шагнасан

АИХ-ын Тэргүүлэгчдийн 1971.10.13-ны 200 тоот зарлиг.

МУҮТА.ТБА.Х-11.Д-2.ХН-1100.Тал-118.

 

Тулалдааны зураглал

 

Бүдүүнхаргайтын гол

 

Маршал Х.Чойбалсан, Оспан нарын уулзалт.1944.3.5-ны өдөр

 

Уулзалтын завсарлагаар

 

Оспан Гоминданы офицеруудын хамт

 

Оспан цаазлуулахын өмнө

АЕГ.МАЗУГ-ын ЭША Ё.Батхишиг

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 6-р сарын 24, Баасан гариг, 14:39

Add comment

Security code
Refresh