Tue06272017

Үйл явдлын тойм

“ДАНС ХАРАА-ӨВ СОЁЛ” СЭДЭВТ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

“ДАНС ХАРАА-ӨВ СОЁЛ” СЭДЭВТ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Архивын ерөнхий газраас Монгол улсад орчин цагийн ...

“ДАНС ХАРАА-ӨВ СОЁЛ” СЭДЭВТ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

“ДАНС ХАРАА-ӨВ СОЁЛ” СЭДЭВТ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Үндэсний төв архивын сан хөмрөгийн дээжээс бүрдсэн...

ХҮҮХДИЙН ДУУ ЦАНГИНАСАН АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

ХҮҮХДИЙН ДУУ ЦАНГИНАСАН АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан ...

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА ТОМИЛОГДЛОО

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА ТОМИЛОГДЛОО

 

Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдр...

"Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ" нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

Яг одоо жанжин Сүхбаатарын талбайд ХЗДХЯ-ны харьяа...

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛНО

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛНО

"Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ" уриан дор Хууль з...

ХЗДХЯ-НЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН  СПОРТЫН НААДМЫН АВАРГУУД ТОДОРЛОО

ХЗДХЯ-НЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН СПОРТЫН НААДМЫН АВАРГУУД ТОДОРЛОО

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын х...

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН СПОРТЫН АВАРГУУД ТОДОРЛОО

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН СПОРТЫН АВАРГУУД ТОДОРЛОО

Монгол улсад орчин цагийн архивын алба үүсэн байгу...

Back 70 жилийн өмнөх Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал хураалт

70 жилийн өмнөх Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал хураалт

  • PDF

Манай улс өөрийн тусгаар тогтнолыг бусад улс орноор хүлээн зөвшөөрүүлэх улс төрийн гадаад бодлогуудыг эрчимтэй явуулж байсан үе бол хүйтэн дайны эхэн үе буюу 1940-өөд оны дунд үе байлаа.

Энэ үед хамгийн чухал нь хөрш орон болох Дундад Иргэн улсын Засгийн Газраар тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэн баталгаажуулах шаардлага тулгарсан явдал юм.

Үүнээс үндэслэн манай тусгаар тогтнолын асуудлыг ард түмнийх нь санал хураалтын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох юм гэсэн мэдэгдэл нот бичгийг Бүгд Найрамдах Дундад Иргэн улсын Гадаад яамны сайд Ван Си Зыгээс манай улсад 1945 оны 08 дугаар сарын 14-ны өдөр явуулсан байна.

Уг нот бичгийг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдээс 1945 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 76 дугаар хурлаас тогтоол гаргаж,  Үүнд “Бүх ард түмний саналыг тус улсын бүх дэвсгэр нутаг дээр 10 дугаар сарын 20-ний өдөр нэгэн зэргээр гаргуулахаар тогтоосугай хэмээжээ.

Үүнээс дөрвөн хоногийн дараа МАХН-ын ТХ-ны Улс төрийн товчооны тогтоол гаргаж бүх ард түмний санал гаргуулах ажлыг зохион байгуулах талаар нарийвчлан заажээ.

Харин БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945.10.05-ны өдрийн 85 дугаар тогтоолд: “Санал гаргах хуудсан дээр тавьсан өөрийн овог, нэрийн доор “зөвшөөрөх” буюу “татгалзах” хоёрын аль нэгийг бичиж, гарынхаа үсгийг зурна. Хэрвээ бичиг мэдэхгүй бол баруун гарынхаа эрхий хурууг дар” гэж заасны дагуу санал хураах ажил явагджээ.

Санал хураалтын төв комиссыг БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэндээр даргалуулан байгуулж, орлогчоор Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, нарийн бичгийн дарга Ч.Сүрэнжав, нарийн бичгийн дарга Д.Дамба, Б.Ширэндэв нар томилогджээ. Ухуулга таниулгын хуудсыг Улаанбаатарт хэвлүүлж, орон нутагт тарааснаас гадна улс даяар 13000 удаа хурал цуглаан зохион байгуулж малчин, ард, ажилчин, сэхээтнүүдийг оролцуулжээ. Санал хураалтын төв комиссын дарга болон орлогч нар аймаг бүрийг хуваарилан авч, өөрийн биеэр бэлтгэлийн ажлыг зохион байгуулсан байна. Ийнхүү 1945 оны 10 сарын 20-нд улс орон даяар тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалтыг 06:00-23:00 цагийн хооронд явуулсан юм.

Санал асуулгыг нийт 4251 хэсэгт явуулсан бөгөөд нэрсийн жагсаалтад 494074 хүн бүртгэгдсэнээс 487285 хүн буюу  98.6 хувь нь саналаа өгсөн байна. Улс Монголынхоо тусгаар тогтнолыг манай ард түмэн ийнхүү нэгэн дуугаар баталсны дурсгалд зориулж, “Баянхонгор аймгийн төвд тусгаар тогтнолын багана” босгосон байдаг.

Харин үлдсэн улс нь буюу 6791 хүн замд явж байсан, өвчтэй зэрэг байсны улмаас санал хураалтад оролцож чадаагүй ажээ. Санал хураалтанд оролцсон бүх хүн БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн түүхэн баримт өдгөө Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагддаг ба нийт 385 ширхэг хадгаламжийн нэгж байна.

Энэхүү санал асуулгын талаар тухайн үеийн “Үнэн” сонинд зохиолч С.Дашдэндэв абугай өнгөрсөн түүхийг дүрслэн харагдахуйц сайхан мэдээг бичсэн байна.

Нэгэн сэтгэлгээ

/Найруулал/

Манай далбаа салхины аясаар алгуурхан намилзаж байв. Түүн дээр монгол ард улсын төрийн сүлд-алтан өнгөт соёмбо буй нь үүрийн шар гэгээнд улам тодрон үзэгдэв. Хотын гол дунд гоёмсог олон барилга сүндэрлэж, цамхагууд нь улаан шиг чимэгджээ. Нүднээ саруулхан үзэгдэх гудамж чөлөө ба засмал замаар хүн хар ч явахгүй. Таримал модны оройгоор хааяа бор шувуудын шагшин нисэхээс өөр чимээ аниргүй байлаа. Чингэж байтал гэнэт радио хангинав. Бүх хот нойроос сэргэв. Манай түүхнээ цоо шинэ өдөр эхлэх нь энэ билээ. 10-р сарын 20-ны энэ өдөр бол манай жаргалыг хүсэх хүмүүн бүгдэд баяртай сайхан өдөр юм. Энэ өдөр Монголын түмэн ардад төрийнхөө тусгаар тогтнолыг дэлхий дахины өмнө батлан үзүүлэх их завшаан тохиожээ. Нийслэл хотын гол район баөнцөг булан бүрээс хөдөлмөрчдийн олон жагсаал жигдрэн гарав. Тэд тус тусынхаа гарын үсэг зурах газар цөм өглөөний 6 цагт хүрч очсон байлаа. Би эхлээд Сүхбаатарын их чөлөөнөөс хойшоо гарсан гол гудамжаар явав. Чингэхэд хэвлэх үйлдвэр дээр гарын үсгийг зурах гэж өдий төдий олон хүмүүн дугаарлан зогсжээ. Байшин дотор нь бас тоймгүй олон хүмүүн багтаж ядан, бүгдээр эх орныхоо тусгаар тогтнолын төлөө саналаа өгцгөөж байв. Чинагш явахад Улсын их сургуулийн байшин тааралдав. Энд үсэг зурах гэж бас олон хүмүүн цугларсан байлаа. Энэ байшингийн чулуун шат өөд авиран, түүний дотор талын гоё сайхан хийц байгуулалтыг ажиглаж, энд манай соёлт олон залуучууд суралцдаг юм гэж бодоход сэтгэл ханамжтай байв. Урьд хятадын генерал Сюй Шүжан монголын автономит төрийг устгах ёслолыг чухам энэ газар дээр хийж байсан биш үү? Тэр цаг одоо бидэнд зөвхөн зүүд шиг санагдана.

Энэ газар одоо манайхан, чөлөөт эх орныхоо тусгаар тогтнолыг батлах гэж цуглаад байгаа шүү гэж санахад үнэхээр бахдам сайхан байлаа. Гоё сайхнаар засагдсан саруул уудам танхимд 4-р хорооны гурван хорины ардууд үсэг зурж байв. Тэд цөм нэрээ талбиж чадах юм. Чадахгүй нэг хоёр улс байсан нь саяын хэд хоногт сурчихсан байжээ. 13-р хорины эмгэн Дулмаа:“Хожим хүмүүн намайг төрийнхөө тусгаар тогтнолыг баталсны чинь тэмдэг аль буй? гэж асуувал над энэ гээд заах нэр байх ёстой юм”гэж нэрээ хэлбэр муутай боловч бүрэн ацаг шүдтэйгээр хичээнгүйлэн талбиж байв. Мөн хорины ард Чүлтэм, Лувсандорж хоёр гарынхаа үсгийг зураад, бидний үсэг зурж баталсан сайхан эх орон минь түг түмэн жил мандаг гэж ерөөж байв. Тэндээс баруун тийшлэн Худалдааны техникум дээрочвоос тэнд бүгд 16 хэсэг газар үсэг зурцгааж байв. Ардууд үсэг зурахын зэрэгцээгээр сэтгэлийнхээ халуун үгсийг хэлцгээж байв. 2-р хорооны ард Жамъяншарав: “Эзэрхэгийн үед ноёд баядын зарц явсан ба энэ засгийн нүүрт идэх уух, өмсөх зүүхээр дутаж явж үзсэнгүй. Ард түмэн нь улсынхаа бүрэн эрхт эзэн болсон ийм сайхан эх орондоо би халуун зүрхнээсээ хайртай байдаг”гэж хэлж байв.

11-р хорины ард Лувсан: “Би Сүхбаатарын партизан цэрэгт явж энэ төрийг чинь байгуулалцсан юм. Одоо төрийнхөө тусгаар тогтносныг батлахгүй яах буй?” гэж байв.

2-р хорины ард эмэгтэй Чимэд: “Алтан өлгий төрсөн нутгийнхаа бат бэхийг би цээж дүүрэн баяртайгаар батална” гээд гарынхаа үсгийг зурав. Тэндээс гараад чинагш явтал 1-р хорооныхны үсэг зурж байгаа газар тааралдав. Улс, комиссын газар дугаарлан ороод гарынхаа үсгийг зурсаар байв. Гэтэл гаднаас нэг насиай өвгөн орж ирэв. Тэр бол Төв аймгийн хүмүүн, нэр нь Жамц. Энэ жил 79 настай хэмээмүй. Нийслэлийнхний гарынхаа үсэг зурах баярын өдрийг үзэх гэж 120 км газраас зориглож ирсэн гэнэ. Чингээд гадуур явж сайн сайхан юм үзсэндээ баярлаж, нүднээс баярын нулимс унагаж байв. Тэр өвгөн, комиссын ширээн дээр очоод гарынхаа үсгийг чадамгай гэгч зурчихжээ.

Би чинагшлан явсаар Гандан хүрэв. Тэнд гарын үсэг зурж байгаа хоёр томхон газар байв. Хүн гэдэг ч тоймгүй олон. Тэнд 18 настай залуусаас эхлэн 80 настай өвгөн хүртэл хүн бүр хайрт эх орныхоо төлөө үнэн халуун сэтгэл юүгээн илэрхийлж байна. Тэд, бусад олныхоо нэгэн адил: “эцэг өвгөдийн үеэс эзэмшиж суусан нутаг минь“ гэж төрийн тусгаар тогтнолыг баталцгааж байв.

Гэтэл комиссын хажууд нэг бяцхан бор хүү баахан гомдсон байдалтай зогсож байв. Нэрийг нь асуувал Чойжамц хэмээмүй. Тэр хөвүүний хэлэх нь: “Би гарынхаа үсгийг зуръя гэж хорины даргад гуйсан юм. Гэтэл дарга намайг насанд хүрээгүй гээд зуруулсангүй. За яахав, өсгөж хүмүүжүүлсэн эх орныхоо үсгээ зурж батлаагүй боловч үнэн санаандаа хайрлаж явбал болдог юм байгаа биз дээ” гэж хэлэхэд дэргэдэх хүмүүс нь түүнийг ихэд өхөөрдөж байв.

Гэтэл тэнд хоёр нүдгүй нэгэн эмгэн хүүхдээрээ хөтлүүлсээр орж ирэв. Нэр нь Сэрээтэр хэмээмүй. Чингээд тэр эмгэн хуралдсан олонтой мэндлээд, комиссын зүг хандаж хэлсэн нь: “За хүүхэд минь, би төр улсынхаа бат хүчийг батлах гэж баярын энэ хурал дээр ирлээ. Хоёр нүд минь сохорсон боловч чих минь юм сонсохтой байна. Энх сайхан төрийнхөө сайн сайхныг нь сонсч суухад сэтгэл баяртай байдаг юм. Өнөө би 86 насыг наслаж, олон төрийн нүүрийг үзэхдээ энэ төр шиг энэрэлтэй сайхан төрийг үзсэнгүй. Би энэ сайхан төрийнхөө ачийг яахан хариулж барна аж даа. Гэвч үнэн санаасаа сүслэн биширч явбал болно. Энэ учрыг төрийн их хүмүүн Чойбалсанд уламжилж хэлээрэй” гэхэд цугласан улс түүнийг халуунаар хүлээж авав.

Тэнд бас Далай гэдэг нэг хятад өвгөн хүрч ирэв. Тэр хүмүн Монгол газар идээшин амьдарсаар Монголын харьяат болсон хүн байжээ. Гурван сайхан хүүтэй, хөвгүүд нь тэнд цэргийн албанд явж, томхон дарга болцгоожээ. Энэ өвгөний хэлэх нь миний уг нутаг бол Хятад газар юмаа. Гэвч би өөрийгөө болоод үр хүүхдээ асран хүмүүжүүлсэн Монголын сайхан эх орныг юунаас ч илүү эрхэмлэн үзнэ. Миний эх орон болсон Монгол улсынхаа тусгаар тогтнолын төлөө саналаа өгнө гээд гарынхаа үсгийг зурав. Саяын хэлсэн энэ хоёр хүн бол хамгийн их настай улс юм. Гэтэл энд 120 насалж зургаадай таяг тулсан нэг өвгөн байдаг. Нэрийг нь Осор гэдэг юм. Комиссууд энэ өвгөнийд очиж гарын үсэг зуруулав. Чингэхэд энэ өвгөн ануухан бөгөөд ухаан санаа тун саруулхан байжээ. Чингэхэд тэр үлэмж наст өвгөн бат төрийнхөө төлөө саналаа өгөөд нам засгийн Чойбалсанг надтай адилхан наслаарай гэж хадаг барьсан байлаа. Би тэндээс урагшлан явав. Гэтэл хотын баруун урд талд нэг бяцхан хүүхэд дагуулсан эмэгтэй гартаа дотботой цай, тавгатай идээ бариад явж явав. Учрын асуудал тэр эмэгтэй их баясгалантай царайгаар хариулсан нь: Өнөөдрийн энэ баярын өдөр миний хүүгийн 3 насны ой тохиолджээ. Чингээд би хүүгийнхээ ойг бат төрийн энэ өдөртэй зэрэгцэн тохиолдсонд их билэгшээж үүнийгээ комиссын газар илэрхийлэх гэж яваа юм гэж хэлэв. Цаашлан яваад би аж үйлдвэрийн комбинатыг хүрэв. Тэнд энгэр дээрээ гэрэлт одонг гялалзуулсан хөдөлмөрийн өдий төдий сайчууд цугларан зогсож байлаа. Эд бол бидний эрхэмлэн үздэг тэргүүний хүмүүс юм. Урьд гадаадын шунахай хөрөнгөтөн Монголчуудын хоцрогдсныг ашиглаж, Монголын сайхан эд баялагыг идэж андшихдаа Монголыг “Алтан хайрцаг” гэж нэрлэж байсан билээ. Одоо тэр “Алтан хайрцаг”-ын эзэд бол бид  байгаа юм. Бид бол уудам өргөн нутгийнхаа арван их баялгаар аль сайхан юмыг хийдэг улс. Энэ өдөр эх орныхоо энх мөнхийг энхрийлэн хайрлахын сэтгэлээр батлацгаав. Тэндээс эргэж иртэл бас нэг тэмдэглэлтэй сайхан юм болов. Энэ өдөр би манай их хүн маршил Чойбалсанг төрийнхөө тусгаар тогтнолыг баталж гарын үсэг зурахыг харав. Гуравдугаар хорооны клуб дахь комиссын газар Маршил Чойбалсанг үсэг зурахаар орж ирэхэд цугласан улс нэгэн зэрэг  турхиран босч хайрт удирдагч юугаа халуун сэтгэлээр угтав. Чингээд Маршил Чойбалсанг комиссын ширээний өмнө очиж бит бүхний андахгүй таньдаг сод нэрийг зурахад олон даяар алга ташиж байв. Өнөөдөр ингэж манай нийслэлийн комисс цөм сайхан эх орныхоо төлөө саналаа өгцгөөв. Энэ өдөр манай хүн бүр төрсөн эх орноо юунаас ч илүү хайрладагыг дэлхийд үзүүлэв. Монголын түмэн ард түүхэндээ нэмэгдэх шинэ хуудсыг өөрийн гараар бичив. Мянга түмэн жилийн дараа манай хойч үеийн үр хүүхэд энэ хуудсыг сөхөж үзээд бидний эртний өвөг эцгэд нийгмийн сайн сайхан байдлын төлөө ингэж чин халуун сэтгэлгээ тавьж байжээ хэмээн бахдан үзэх юм. Ийм дээрээс бидний сайхан санаа санаж зурсан гарын үсэг бүр бол эрдэнээс ч илүү үнэтэй юм. Бид хүн бүрийн сэтгэлгээг адилгүй гэж үздэг үнэхээр ч адилгүй байж болох юм. Жишээлбээс зарим нь хөдөө нутагт мал маллахыг бодно. Зарим нь суурь машин дээрээ яаж ажиллах вэ гэж бодно. Зарим нь сургуульд орж их эрдмийг сурах юмсан гэж бодно. Нас сүүдэр өндөр болсон зарим нь амрахыг бодно. Идэр залуу зарим нь сэтгэл зохилдсон хайртантайгаа зугаалан явахыг бодно. Хүн бүр ингэж түмэн зүйлийн юмыг сэтгэн бодовч, сайхан эх орнынхоо төлөө гэхэд хүн бүрийн сэтгэлгээ нэг байдаг байна. Сая манай нийслэлийн хэдэн түмэн хүн эх орнынхоо тусгаар тогтнолыг баталж саналаа өгөхөд түүнийг татгалзсан хүн нэг ч байсангүй. Энэ бол Монголын түг түмэн ардын эх оронч сэтгэл нэгтэй нь гайхамшигт илэрхийлэл юм.         С.Дашдэндэв “Үнэн” 1945 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн  № 242

 

 

1. Ерөнхий сайд Хорлоогийн Чойбалсан

 

2. Номч мэргэн гавж Самаагийн Гомбожав

 

3. Казак түмний

 

УТНОНББА-ын архивч Л.Чимэддэлгэр, Ц.Эрдэнэбулган

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 6-р сарын 17, Баасан гариг, 11:18

Add comment

Security code
Refresh