Mon08212017

Үйл явдлын тойм

Архангай аймгийн архивын сан хөмрөгийн гэрэл зургийн баримтаас

Архангай аймгийн архивын сан хөмрөгийн гэрэл зургийн баримтаас

Заяын хүрээний зодоч лам Бямба. 1920-иод он.  Ард ...

ОРХОН АЙМАГТ

ОРХОН АЙМАГТ "БАЙГУУЛЛАГА СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЗДХЯ-наас зарласан “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгэ...

Төрийн архивын дарга, эрхлэгч нарт

“Архивын баримтын улсын нэгдсэн тоо бүртгэл-мэдээл...

МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН АРХИВЫН АЛБА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 90 ЖИЛИЙН ОЙД

МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН АРХИВЫН АЛБА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 90 ЖИЛИЙН ОЙД

АХМАД АРХИВЧДЫН БҮТЭЭЛИЙН ӨВ САНГААС

Монгол Улсын а...

Back ОЮУНЫ ӨМЧИЙГ ХАМГААЛАХ ӨДӨРТ

ОЮУНЫ ӨМЧИЙГ ХАМГААЛАХ ӨДӨРТ

  • PDF

Энэ сарын 26-ны өдөр Оюуны өмчийг хамгаалах өдөр тохиож байна. Оюуны эрх, Оюуны өмч, энэ талаар авч хэрэгжүүлж байсан арга хэмжээ, түүнтэй холбогдох архивын баримтуудын талаар та бүхэнд товч мэдээлэл хүргэе.

Хүн төрөлхтөн байнга өөрчлөгдөн шинэчлэгдсээр ирсэн  түүхэн хөгжлийн явцдаа  улам боловсронгуй болгон хөгжүүлсээр ирсэн бүтээлүүдээ өмчлөх, түүнтэй холбогдон гарах олон талт асуудлуудыг хууль, эрх зүйн хүрээнд баталгаажуулах буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хамгаалах зайлбаргүй шаардлагатай тулгарсан билээ.

Энэхүү шаардлага нь үйлдвэрлэлийн хөгжилтэй харилцан шүтэлцээтэйгээр анхлан бий болсон бөгөөд Флоренцед 1421 онд нэгэн шинэ бүтээлд патент олгосон нь анхны зохиогчийн эрх байсан бөгөөд эзэмшигч нь уран барилгач Филлиппо Брунеллески гэгч байжээ. Харин 1474 онд Венецийн сенат патентийн тухай анхны хуулийг баталсан байна.

Патент хэмээх үг нь “Litterae Patents” гэсэн латин гаралтай үг бөгөөд түүнийг үгчлэн буулгавал “ Нээлттэй бичиг”, утгачилбал “Онцгой эрхийн бичиг” гэсэн утгатай баримт бичиг ажээ.

Өөрөөр хэлбэл: “Патент” гэдгийг зөвхөн шинэ бүтээлийн томъёололд бичигдсэн шинэ шийдэл болон бүтээгдэхүүний загварын дүрсийг патент эзэмшигч дангаараа эзэмших онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч төрөөс, мэдүүлэг гаргагчид олгодог баримт бичиг гэж үздэг байна.

Оюуны өмч /intellectual property/ нь дотроо үндсэн 2 салбартай.

1.Аж үйлдвэрийн өмч /industrial property/

Шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газарзүйн заалтыг хамруулдаг.

2. Зохиогчийн эрх /copyright/

Утга зохиол, урлагийн бүтээл, компьютерийн программын хангамжийн эрхийн хамгаалалтыг хамарна.

Үндсэн ялгаа нь:

Шинэ бүтээл /invention/, ашигтай загвар /utility model/, барааны тэмдэг /trademark/, газарзүйн заалт /geographical indication/, бүтээгдэхүүний загвар /industrial design/-ыг зохиогч нь өөрөө, эсвэл үйлдвэрлэгч, захиалагч зэрэг бусад хүмүүс болон пүүс компани өмчлөхийг хүсвэл заавал Оюуны өмчийн байгууллагад хүсэлт гаргах шаардлагатай.

Тэгвэл зохиогчийн эрхээр хамгаалагддаг зүйлс болох ном товхимол зэрэг бичмэл бүтээл, гэрэл зураг, уран зураг, кино, дуу хөгжмийн бүтээл, уран баримал, компьютерийн программыг заавал аль нэг байгууллагад бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд тэдгээрийг бүтээсэн цаг мөчөөс эхлэн зохиогчид нь бүтээлээ өмчлөх эрх нь үүсдэг. Дараагийн нэг ялгаа нь өмчлөлийн эрхийн үргэлжлэх хугацаа. Шинэ бүтээлийн патент гол төлөв 20 жил, бүтээгдэхүүний загварын патент 10 жил, ашигтай загварын гэрчилгээ 7 жил, барааны тэмдгийн гэрчилгээ 10 жил хүчинтэй байдаг ажээ. Энэ хугацаанд өөрийн сэдэж зохион бүтээсэн цоо шинэ шийдлээ үйлдвэрлэлд нэвтрүүлж ашиглах, бусдад худалдах онцгой эрхийг “патент эзэмшигч” эдэлдэгээс гадна “Патент эзэмшигч” гэдэгт шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг өмчлөх онцгой эрхийг олж авсан хувь хүн, хуулийн этгээдийг ойлгоно. Мөн зохиогч болон түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн хуулийн этгээд патент эзэмшигч байдаг байна.

Монгол улсад Патентийн ажлын зохицуулалттай холбоотой анхны эрх зүйн баримт бичиг нь Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 63 дугаар хурлын тогтоолоор батлагдсан “Шинэ юм зохион олох ба үйлдвэрт оновчтой, сайн санал гаргагчдыг шагнаж урамшуулах тухай заавар”, 1960 онд гаргасан “нээлт, шинэ бүтээл оновчтой саналын дүрэм” 1976 онд шинэчилсэн юм. 1993 онд” Патентийн тухай хууль” анх батлагдаж, 2006 оны 1-р сарын 19-нд уг хуулийг шинэчлэн найруулсан байна.

1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлалтай нийцүүлэн 1993 онд “Патентийн тухай хууль”-ийг батлан гаргасан бөгөөд одоо шинэчилсэн найруулга бүхий энэ хууль 6 бүлэг 30 зүйлтэй, патентаар хамгаалагддаг бүтээл  болох шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын зохицуулалтыг тодорхой тусгаж өгсөн байна.

Дээрх хуульд 2010 онд хэд хэдэн өөрчлөлт орсон ажээ. Мөн Патентийн тухай хуулийн зарим зүйл заалтыг дээд шүүхийн тогтоолоор тайлбарласан байдаг. Патентийн тухай Монгол Улсын хуулийн зорилт нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар зохиогч болон патент эзэмшигчийн эрхийг хамгаалах, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Энэ хуулиар патент, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, лиценз гэх мэт нэр томьёог тайлбарлахаас гадна патент олгох зүйл, шалгуур, патент олгох асуудлыг хариуцан ажилладаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох “Оюуны өмчийн газар”-ын чиг үүргийг тусгасан.

Оюуны өмчийн харилцаанаас үүсэж буй хэрэг маргааныг шийдвэрлэх ажиллагааны явц, шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг маргааны төрөл, зонхилох хэлбэр нь оюуны үнэт зүйлийг өмчлөгчийн зөрчигдсөн эрхтэй холбоотой хэрэг, маргаан байдаг юм байна.

Ойрын нэгэн жишээ болгон дэлхийн хамгийн том гар утас үйлдвэрлэгч компаниуд болох “Apple”, “Samsung”-ийн хооронд өрнөсөн зохиогчийн эрхийн талаарх маргааныг дурдаж болно.

“Apple” компанийн зүгээс өөрийнх нь технологийг хуулбарлан зохиогчийн эрхэнд халдсан хэмээн  “Samsung” компанийг 2011 онд шүүхэд өгснөөс хойш  үргэлжилж буй энэ маргаан өдгөө ч эцэслэн шийдвэрлэгдэлгүй, шүүхийн гаргасан шийд нь  хэрэгсэхгүй болох гэх мэтээр үргэлжилсээр байна.

Дээр дурьдсан “Шинэ юм зохион олох ба үйлдвэрт оновчтой, сайн санал гаргагчдыг шагнаж урамшуулах тухай заавар”,  “Нээлт, шинэ бүтээл оновчтой саналын дүрэм”- тэй холбоотой баримтууд Монгол Улсын Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж байна. Баримтуудад шинэ бүтээл оновчтой санал, патент, лицензийн ажлын дүрмийг батлах тухай  БНМАУ-ын Соёлын Яамны сайдын тушаал, орон даяар өрнөсөн шинийг санаачлагчдын хөдөлгөөний үр дүн, ололт амжилт, алдаа дутагдал, гадаад харилцаа, шинэ бүтээлийн уралдаан зарлах тухай тогтоол, уралдааны болзол, шагнал урамшил гэх зэрэг тухайн үеийн патентийн олон талт ажлын  талаар дурьджээ.

Тухайлбал Улсын Стандарт, Хэмжүүрийн Хэрэг Эрхлэх Газрын  Шинэ санаачлагын улсын товчооноос 1962 оны долоодугаар сарын 25-наас 12 дугаар сарын 30 хүртэл зарласан хүүхдийн тоглоомын улсын уралдааны болзол нь “хүүхдэд зөв хүмүүжил олгох, танин мэдэхүйн агуулгатай, цэвэр үзэмжтэй, тод өнгөтэй, хурц ирмэг, үзүүргүй, барьж тавихад нийцэмжтэй, хүүхдийг айлгахааргүй, ялангуяа хөдөлгөөнтэй хийгдсэн байх, тоглоомыг үйлдвэрлэх техник багаж хэрэгсэл нь хямд төсөр үнэтэй, хүний хөдөлмөр, хөрөнгө бага зарцуулдаг, хийхэд хялбар өндөр бүтээмжтэй байх талаар дурьдаад  шалгаруулах байр ба шагналыг модон тоглоом ба тоглоом хийх машин техник хэмээн хоёр ангилсан байна.

Модон тоглоомын төрөлд:

1. Нэгдүгээр байр-1                    800 төгрөг

2. Хоёрдугаар байр-2 тус бүр       500 төгрөг

3. Гуравдугаар байр-3 тус бүр      300 төгрөг

Тоглоом хийх машин төрөлд

1. Нэгдүгээр байр-1                    1000 төгрөг

2. Хоёрдугаар байр-2 тус бүр       800 төгрөг

3. Гуравдугаар байр-3 тус бүр      500 төгрөг

нийт 6800 төгрөгийн шагнал олгохоор шийдээд бүтээлээ Улсын Стандарт, Хэмжүүрийн Хэрэг Эрхлэх Газрын  Шинэ санаачлагын улсын товчоонд биеэрээ авчирч өгөх буюу эсвэл шуудангаар тодорхой хаягтай ирүүлнэ. Тоглоом хийх машин техник ирүүлэхдээ түүгээр хийсэн тоглоомоос тус бүр 3 ширхэгийн хамт ирүүлнэ. Энэ чухал ач холбогдолтой уралдаанд манай орны ажилчин, инженер, техникч эрдэмтэн, сэхээтэн, хүүхэд багачууд, хөдөлмөрчин хүн бүр оюун билгээ хурцлан дайчилж идэхитэй оролцохыг уриалж байна” гэжээ. Дизайны оновчтой шийдэл, хямд зардлаар чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэх зэрэг одоо үед тавигдаж буй шаардлагыг тэртээ 1962 онд шинэ бүтээлээс шаардаж байсан нь сонирхолтой.

Үйлдвэр Хоршооллын Төв Зөвлөлийн Шинэ Бүтээл Оновчтой Саналын комисс 1962 оны 12 сарын 30-ны өдөр МАХН-ын Төв Хорооны үйлдвэрийн хэлтэст явуулсан 2034 тоот илтгэх хуудасдаа тухайн онд хийсэн ажлын дүнг тоо баримттайгаар тайлагнасан байна.

Монгол улс 1979 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллагад нэгдэн орсон. МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 1969 оны тавдугаар сарын 16-ны 146 тоот тогтоолоор Зөвлөлт Холбоот Улсын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх нээлт ба шинэ бүтээлийн хэрэг эрхлэх хорооноос эрхлэн Москвад 7-р сарын 1-5 нд хийлгэх “Шинэ бүтээл, патентын эрэлт, хайлт” нэртэй шинжлэх ухаан техникийн симпозиумд шинэ санаачлагын улсын комиссын дарга Д.Аюуш, шинэ санаачлагын хэлтсийн дарга Я.Цэнд-Аюуш нарыг орлцуулахыг Улсын стандарт хэмжүүрийн хэрэг эрхлэх газарт зөвшөөрчээ. Энэ нь гадаад харилцаатай холбоотой нэгэн баримт болох юм.

Сайд нарын Зөвлөлийн 1975 оны 273 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилогоор гаргасан Соёлын Яамны сайдын 1976 оны 4-р сарын 28-ны өдрийн 110 тоот тушаалд Шинэ бүтээл оновчтой санал, патент, лицензийн ажлын дүрэм, зааврыг батлах тухай заасан байна. Уг тушаалын хавсралт хоёр хэсэгтэй. Нэгдүгээр хавсралт дөрвөн бүлэгтэй. Хоёрдугаар хавсралт хоёр бүлэгтэй юм.

Нэгдүгээр хавсралтад ажлын зохион байгуулалт, зорилт, хариуцсан хэлтсийн үүрэг, эрх зэргийг заасан ажээ.

Хоёрдугаар хавсралтад  оновчтой саналыг хянаж үзэх, шийдвэрлэх, материал бүрдүүлэх загварын дэс дарааллыг тодорхой тайлбарлан бичсэн байна.

1960-аад оны баримтад шинийг санаачлагчдын ажлын үр дүн, ажлын зохион байгуулалт зэргийг голлон дурьдаж зохиогчийн эрхийн талаар нэр дурьдан шагнасанаас өөр дэвшилтэт зүйл бараг  үгүй байсан бол энэхүү дүрэмд хууль, эрхийн хүрээнд зохиогчийн эрхийг хамгаалах талаар заасан  нь шинэ бүтээл, оновчтой санал, патент, лицензийн ажлын дүрэм илүү боловсронгүй болсоор байсны нэгэн баталгаа ажээ.

Ийн монголчууд оюуны өмчийн талаар дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах эхний алхамаа эхлэн улмаар ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээр хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, зохиогчийн эрхийн талаар гаргасан хууль тогтоомжоо улам боловсронгуй болгон хэрэглэсээр байна.

Венецийн архивт хадгалагдаж буй дэлхийн анхны зохиогчийн эрхийн тухай хууль 1474 он

 

 

 

Шинэ Санаачлагын Улсын Комиссоос зарласан “Хүүхдийн тоглоом хийх уралдаан”-ны заавар, болзол. 1962 он.

 

 

 

 

1.

Үйлдвэр Хоршооллын Төв Зөвлөлийн Шинэ Бүтээл Оновчтой Саналын комисс 1962 оны ажлын тайлан.

 

Зөвлөлт Холбоот Улсын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх нээлт ба шинэ бүтээлийн хэрэг эрхлэх хорооноос эрхлэн Москвад 7-р сарын 1-5 нд хийлгэх “Шинэ бүтээл, патентын эрэлт, хайлт” нэртэй шинжлэх ухаан техникийн симпозиумд төлөөлөгч явуулах тогтоол. 1969 он.

 

Сайд нарын Зөвлөлийн 1975 оны 273 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилогоор гаргасан Соёлын Яамны сайдын 1976 оны 4-р сарын 28-ны өдрийн 110 тоот тушаал.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 4-р сарын 22, Баасан гариг, 15:58

Add comment

Security code
Refresh