Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
img

Архивын салбарын ололт амжилтыг олон нийтэд мэдээлж сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, архивын салбараас төрсөн гавьяат үйлстний хөдөлмөр, бүтээлийг тодруулан алдаршуулах, ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог сайжруулах, тэдний дурсамж, зөвлөгөөг сонсох зорилгоор Архивын ерөнхий газраас “Бидний бахархал” цуврал уулзалт, ярилцлагыг зохион байгуулахаар боллоо.

Энэхүү “Бидний бахархал” уулзалт, ярилцлагын анхны хүндэт зочноор жирийн малчны хотноос эрдмийн мөр хөөж улмаар архивын салбарт тасралтгүй 28 жил ажилласан Г.Норовсамбуу гуай оролцсон юм. 

Тэрээр 1968-1988 онд Улсын түүхийн төв архивын дарга, 1988-1990 онд Улсын Архивын хэрэг эрхлэх газарт хэлтсийн дарга, 1990-1992 онд Шинжлэх ухаан, техникийн төв архивт зөвлөх, 1995-1996 онд Улсын Архивын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Үндэсний төв архивын даргаар ажиллаж байсан бөгөөд Архивын даргаар ажиллах хугацаандаа Манж Чин улс болон Богд хаант Монгол улсын үе, Ардын засгийн үеийн архивын баримт цэгцлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажилласан нь эдүгээ түүхийн судалгааны томоохон сан хөмрөг болон хадгалагдаж эрдэмтэн, түүхч, судлаачдын гол судлагдахуун болсоор байна.

Мөн уулзалтаар Үндэсний төв архивын хадгаламжийн санд хадгалагдаж байгаа Г.Норовсамбуу гуайн хувийн хөмрөгөөс нь үзэсгэлэн гарган залуу үеийнхэндээ танилцууллаа.

Г.Норовсамбуу гуай энэхүү уулзалт, ярилцлагын үеэр залуу үеийн архивчиддаа хандан “Монгол Улсын архивын салбарт ажиллаж байгаа залуу архивчид та бүхэн түүх уламжлалаа сайн мэдэж, ирээдүй хойч үедээ түгээх хэрэгтэй” хэмээн онцлон хэлсэн юм.

Архивын салбарын хөгжил дэвшлийн төлөө  бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан  Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, түүхч, эрдэмтэн, ахмад архивч Г.Норовсамбуу гуайдаа зуу насалж, зургаадай таягаа тулж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook