Монгол-японы хамтын ажиллагаа архивын салбарт өргөжиж байна
img

Япон Улсын Үндэсний архивын газрын ерөнхийлөгч Такэо Като тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Архивын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцах, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилгоор 2015 оны долдугаар сарын 27-28-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын үеэр талууд Харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг хэлэлцэн, гадаадад байгаа архивын баримтыг нээж илрүүлэх, цуглуулах талаар санал солилцож, АЕГ-ын Үндэсний төв архив болон төрөлжсөн архивууд болох Цагдаагийн ерөнхий газрын төв архив, Гадаад харилцааны төв архив, Нийслэлийн архивын үйл ажиллагаатай танилцсан юм.

Мөн үеэр Япон Улсын Үндэсний архивын газрын ерөнхийлөгч Такэо Като “Бид Монгол Улсад анх удаа ирж, танилцаж байгаадаа баяртай байна. Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа архивын салбараас гадна бусад салбарт ч хөгжиж байгаа нь сайшаалтай. Бидний айлчлалын зорилго бол Монгол Улсын архивын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцон манай орны түүх, соёлтой холбогдох архивын баримттай танилцах юм. Энэхүү ажлын айлчлал нь хоёр орны архивын салбар дахь хамтын ажиллагаанд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж байна” хэмээсэн юм. Тэрээр орон нутгийн архивын үйл ажиллагааны талаар сонирхон асууж байв.

Түүнчлэн Монгол Улсын Төрийн архивуудад хадгалагдаж байгаа ЯпонУлсын түүх, соёлд холбогдох 100 гаруй баримтын үзэсгэлэнг ҮТА-ын үзэсгэлэнгийн танхимд толилуулсан юм. Дашрамд дурдахад ирэх аравдугаар сард Олон улсын архивын зөвлөлийн Зүүн Азийн бүсийн салбар хуралдаан Япон Улсад болох бөгөөд энэ үеэр Монгол Улсын Архивын ерөнхий газар болон Япон Улсын Үндэсний архивын газрын хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар харилцан тохиролцов.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook