“Цогт Тайж” кино эргэн ирлээ
img

“Цогт Тайж” кино эргэн ирлээ

2015 оны 7-р сарын 09, Пүрэв гариг, 15:20

Үзсэн: 181

Монголын түүхэн киноны сор бүтээл “Цогт Тайж” киноны Франц Улсад сэргээн засварласан эхийг хүлээн авах ёслол Дуурь бүжгийн эрдмийн театрт боллоо.

Түүхийг сөхвөл, 2011 он буюу Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 90 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жилийн ой, Үндэсний эрх чөлөөний 105 жилийн ой, Тулгар төр Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийг тохиолдуулан Монгол Улсын хосгүй үнэт баримт болох “Цогт Тайж” Монголын уран сайхны киног Франц Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр сэргээн засварлуулахаар гэрээ байгуулжээ. Киног 35 мм-ийн кино хальснаас тоон хувь /дижитал/ гарган, түүнийгээ орчин үеийн кино техник технологийн дагуу сэргээн засварлах, эх хальсуудад ямар нэгэн сэргээн засварлах үйл ажиллагаа хийгдэхгүй, зөвхөн тоон дижитал хэлбэр рүү шилжүүлсэн файл хувилбар дээр сэргээн засварлах ажил явагдахаар болсон юм.

Харин өнөөдөр буюу 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гэрээний дагуу гүйцэтгэх ажил дуусч, киног тоон систем /дижитал/ хэлбэрт шилжүүлэн засварласан кино /файл/, дижитал хувьнаас DVCAM форматын видео хальсанд буулгасан хувийг ийнхүү хүлээн авч байна.

Тус кино нь негатив, контратип, лаванд, дуу, дүрсний гэсэн таван төрлөөр Үндэсний төв архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивт хадгалагддаг бөгөөд сэргээн засварлуулахаар явуулсан 15 бүлэг контратип, 15 бүлэг дууны негативыг тоо ёсоор хүлээн авлаа.

Мөн үеэр БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ “Цогт Тайж та бүхний мэдэж байгаачлан Монголын эртний киноны нэг. Франц Улс кино урлагийн орон гэдэг утгаараа их онцлог. Манай улсад Кино урлагийн үндэсний төв хэмээх байгууллага бий. Энэхүү байгууллага кино сэргээн засварлах үйл ажиллагааг хариуцдаг. "Цогт Тайж" киноны сэргээн засварлалтыг энэ байгууллага хийж гүйцэтгэсэн. Бид сэргээн засварласан цоо шинэ хувийг нь Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэж өгөөд байна. Ингэснээр Монгол Улс хамгийн эртнийд тооцогдох киногоо өндөр технологиор сэргээн засварласан хувьтай боллоо.Бид зөвхөн дүрс бичлэг, дууны хувьд өндөр түвшинд сэргээн засварласан болохоос киноны хувьд өөрчлөлт ороогүй гэдгийг тэмдэглэж байна” хэмээсэн юм.

Ийнхүү Монгол төрийн ой санамж, түүх, соёлын үнэт баримтыг хадгалан хамгаалж, өнгөрснийг одоотой, одоог ирээдүйтэй холбон ажиллах эрхэм зорилготой Архивын ерөнхий газар нь Монгол Улсын үндэсний өвд тооцогдох “Цогт Тайж” киноны сэргээн засварласан хувийг ийнхүү хүлээн авч ариг гамтай хадгалах, олон нийт, иргэд, судлаачдад баримт ашиглуулах хариуцлагатай үүргийг давхар хүлээх боллоо.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook