Төрийн далбааны өдөрт зориулав
ТӨРИЙН ТУГ ЗАЛАХ ӨДРҮҮДИЙГ ТОГТООСОН БОГД ХААНТАНЫ ЗАРЛИГ
 
           Аливаа төрт улс бүрт төрийн эрхэм бэлгэдэл болсон улсын сүлд, туг, далбаа, төрийн тамга буй. Тэдгээр бэлгэдлийг хүндэтгэх, залах, ёслох дэг журам нь төрийн ёс, ёслолын сүнс сүлдэр нь юм.
1911 оны Цагаагчин гахай жилийн Үндэсний хувьсгалын ялалтын үр дүнд Монгол Улс Манж Чин гүрний хоёр зуу гаруй жилийн ноёрхолыг эцэслэн, тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, VIII Богд Жибзундамба хутагтыг Монгол Улсын хаан ширээнд залж, төрийн таван яамнаас бүрдсэн байнгын Засгийн газрыг байгуулсан.
Тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан Монгол Улс нь шинэ төрийн бэлгэдэл төрийн тугийг бүтээхдээ дэлхийн олон улсын төрийн туг далбааны хэв маяг, Монголын төрийн түүхэн уламжлалын аль алиныг харгалзан эвсэлдүүлэн зохион бүтээж, хэрэглэсэн байна.
         1206 онд байгуулагдсан Их Монгол улсын үеэс Монголын төр нь есөн хөлт цагаан, хар, харлаг хялгасан тугийг хэрэглэж ирсэн уламжлалтай. Төрийн тугийн тэрхүү хуучин хэв маягийг шинэ цагийн байдалд нийцүүлэн шинээр үйлдэх тухай тэр цагийн албан баримтад дурдахдаа, “Олон улс дор цөм өөр өөрийн далбаа бий. Бидний монгол болбоос өөртөө эзэрхэх эрх хэмжээ бүхий нь мөн тусгайлан далбаа байгуулж, тусгаар эрх бүхийг илэрхийлбэл зохимуй” хэмээжээ. Чингээд Богд хаантаны зарлигаар төрийн тугны өнгө, хэлбэр хэмжээ, бэлгэдлийн зүйлийг тогтоожээ.
 
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ТУГ
           Төрийн тугийг гурван ам буюу гурав нэгийн харьцаатай (1 ам нь 70х70 см) босоо гонзгой дөрвөлжин хэлбэртэй шар торгоор хийж, тугны ишний эсрэг талын гурван улаан хэлний дээд талын хэлэнд “ум”, дундахад “а”, доодод “хум” хэмээх маанийн үсэг, шар дэвсгэр дээр сайн сайхныг бэлгэдсэн Ламаадангомбо, Санжсадансүрэн, Лүймүддонжи номыг бичих болжээ. Тугны шар дэвсгэрийн төв дунд ариун цэцэг бадамлянхуа дээр Монголын эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэдэл “Соёмбо”, арга билгийн илэрхийлэл “Э,бам”  үсгийг урлажээ.
           Шашин төрийг хослон барьсан хаант Монгол Улсын төрийн сүлд болсон соёмбо нь 1686 онд Өндөр гэгээн Занабазар Монголын тусгаар тогтнолын бэлгэдэл болгож, эртний Энэтхэгийн ланз үсгээс сэдэвлэн зохиосон цагаан толгойн эхний титэм үсгээс үүсэлтэй юм. Монгол Улсын соёмбо сүлд нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн улс төрийн гүн агуулгатай. Соёмбоны дээд гал нь Монгол Улс, монгол түмэн өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт үүрд мандан бадрахыг, нар, сар  нь Монголын ард түмэн мөнхөд цэцэглэн хөгжихийг, гурвалжин нь нумны сум мэт хурц эрэмгий байхыг, загас нь өнөр өтгөн, сонор соргогийг, тэгш өнцөгт хоёр зураас нь дээдэс, доордос цөм шударга байж, ард түмэндээ цэх шулуун зүтгэх санааг, хажуугийн босоо шугам нь хэрэм мэт бат байхыг, “Э, бам” үсэг нь арга, билэг хослохыг, бадамлянхуа нь язгуурын төр, шашнаа ариунаар мандуулахыг бэлгэджээ.
          Монгол Улсын төрийн сүлд Соёмбоны өнгийг тогтоохдоо, гал нь хөх, нар нь улаан, сар нь цагаан, гурвалжин нь хөх, гонзгой дөрвөлжин нь хүрэн, дундах загас нь улаан, цагаан, доод гурвалжин нь цагаан, дөрвөлжин нь ногоон, суурийн дэвсгэр нь улаан, түүний доогуурх дэвсгэр нь хөх, цагаан, ногоон өнгийн судалтай, дороо улаан өнгийн бадамтай, соёмбоны дээд хүрээ нь хүрэн байхаар тогтоожээ.
            Монгол Улсын төрийн тугийг бүтээсэнтэй холбогдуулан түүнийг залах өдрүүдийг Богд хаантаны зарлигаар тогтоожээ.
           Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаас Олноо өргөгдсөний хоёрдугаар оны хаврын сүүл сарын шинийн нэгэнд /1912.04.18/ төрийн тугийг ямар өдөр залж мандуулаад, дотогш залах явдлыг тогтоож заахыг эрж, Богд хаантанд айлтгал давшуулж, Зарлигийг буулгуулсан байна. Дотоод яамнаас Богд хаантаны буулгасан зарлигийг Нийслэл Хүрээний Хамба номун хан, Эрдэнэ шанзудба нарт мэдэгдэн, “Дээд зарлигийг хичээнгүйлэн дагаж, зохих газраа тушааж, үүрд журамлан дагаж явуулахаар” тушаасан бичиг илгээжээ.
           Эдүгээ энэ бичгийн эх нь Үндэсний төв архивын Түүхийн баримтын архивын Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны хөмрөгт хадгалагдаж байна.
           Монголын хуучин цагийн албан хэрэг хөтлөлтөд тухайн байгууллага нь гадагш явуулах бичгийн эхийг зохиогоод, хянан засвар хийсэн эхийг “бичгийн эх” хэмээн нэрлэж, нүүр гуу хийгээд үлдэх хувь болгон хадгалж, мөн хуулга дансанд хуулж, “дансанд хэвтүүлдэг” журамтай байсан. Дээр дурдсан бичиг нь Дотоод яамнаас Нийслэл Хүрээний Хамба номун хан, Эрдэнэ шанзудба нарт явуулсан бичгийн засвар хийсэн эх юм.  Уг бичгээс дээрх албан тушаалтан нарт явуулах бичгийг цэвэр сайхан хуулан бичиж, тамга дарж баталгаажуулан явуулсан байна.
          Энэ бичгийн эхийг Дотоод яамны бичээч Өсөх бичиж, Авирмэд нар нийлж, Дотоод яамны тэргүүн сайд, Чин сүжигт да лам Цэрэнчимэд “тушаая” хэмээн, дэд сайд, чин ван Гомбосүрэн, чин ван Цэдэнсоном нар “тушаан” хэмээн цохож, дэс түшмэл, чин зүтгэлт гүн Хайсан, гүн Магсаржав, эх зохиох түшмэл Бат-Очир, Цэвэгням, Сүрэн, Шанжмятав нар танилцаж, мутрын үсгээ талбижээ. Уг бичгийн зассан үлдэх эхийг бүрэн эхээр нь дор сийрүүлэн толилуулав.
 
Төрийн туг залах өдрүүдийг айлтгаад буулгасан зарлигийг сийрүүлж, Нийслэл Хүрээний хамба, шанзудба нарт тушаах бичгийн эх
 
1912.04.23
          Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны бичиг.
         Нийслэл Хүрээний Хамба номун хан, Эрдэнэ шанзудба нарт тушаан илгээв. Тушаан явуулах учир, Төрийн тугийг аль өдрүүдэд залж байгуулах зэрэг явдлыг манай яамнаас Айлтгасанд, буулгасан Зарлиг, жил бүр өвлийн сүүл сарын гучнаас цагаан сарын арван тавны өдөр өнгөртлөө байгуулаад дотогш залуул. Бас гадуур дотуур хоёр Майдар залах, аймаг, шавийн даншог эргэх, зун өвлийн жахар, тахилын цам бүжиглэх,[1] гийсэн өдрийн баяр,[2] их төр байгуулсан шинийн есний өдрүүдэд[3] цөм өглөө байгуулаад, үдэш дотогш залагтун хэмээснийг хичээнгүйлэн дагаж, үүнийг Нийслэл Хүрээний Хамба номун хан, Эрдэнэ шанзудба нарт тушаан явуулаад, Дээд Зарлигийг хичээнгүйлэн дагаж, зохих газраа тушааж, үүрд журамлан дагаж  явуулъя. Үүний тул тушаан илгээв.
          Олноо өргөгдсөний хоёрдугаар он хаврын сүүл сарын шинийн зургаан     
МУҮТА. ТБА. ХA-3, Д-1, ХН-323, Б.71
 

[1] Шинэлэх, цагаалах ёслол, Майдар бурхан залж эргэх, Бат-Оршил өргөх, жахар тахилын цам бүжиглэх ёслолын тухай  “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг”-т тодорхой заажээ.
[2] Богд хаан, улсын Эх дагины мэлмий гийсэн өдөр
[3] Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээж, VIII Богд Жибзундамба хутагтыг хаан ширээнд залсан өвлийн дунд сарын шинийн есний өдөр /1911.12.29/
 
 

Төрийн туг залах өдрүүдийг айлтгаад буулгасан зарлигийг сийрүүлж, Нийслэл Хүрээний хамба, шанзудба нарт тушаах бичгийн эх.1912.04.23

МУҮТА. ТБА. ХA-3, Д-1, ХН-323, Б.71

 

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook