АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАРЫН ЗӨВЛӨГӨӨН ӨНӨӨДӨР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
img

Архивын ерөнхий газраас “Улсын хяналтын байцаагч нарын зөвлөгөөн”-ийг 2018 оны 07 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Тус зөвлөгөөнөөр Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын байцаагч нарын ажлын үр дүн, цаашдын зорилт, хяналт шалгалтын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийг шинэчлэх талаар санал бодлоо солилцож байгаа бөгөөд Зөвлөгөөнд Архивын ерөнхий газар болон Төрийн архивын удирдлагууд, улсын ерөнхий байцаагч, ахлах байцаагч, байцаагч нар оролцож байна.

Албан хэрэг хөтлөлтийн ажлыг шалган зааварлах ажил 1960-аад оны эхэн үеэс эрчимжиж, 1990 онд Сайд нарын зөвлөлийн 295-р тогтоолоор “Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын дүрэм” батлагдсанаар улсын байцаагчдын эрх зүйн үндэс бүрдэж, хяналтын алба үүссэн түүхтэй.

Хяналтын алба байгуулагдсанаар архивын салбарт тавих төрийн хяналтын тогтолцоо бүрдэж, архив, албан хэрэг хөтлөлтийн ажил улсын хэмжээнд жигд сайжирч, байгууллагын удирдлагаас архив, албан хэрэг хөтлөлтийн ажилд хандах хандлага өөрчлөгдөх зэрэг эерэг тал ажиглагдсан төдийгүй байгууллага, албан тушаалтны энэ талаарх хариуцлага нэмэгдсэн байна. 
Зөвлөгөөнөөр Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд гарсан зөрчил шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал, Төрийн болон албаны нууцын эрх зүйн шинэчлэл, Улсын байцаагч нарын ёс зүйн хэм хэмжээ, Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал зэрэг асуудлуудаар хэлэлцэнэ.

Одоогийн байдлаар улсын хяналтын байцаагч нар архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгахын зэрэгцээ мэргэжил-арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч, төрийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг нэвтрүүлэх зорилготой албан хэрэг хөтлөлтийн программуудын ашиглалт, хэрэглээний байдалд хяналт тавин ажиллаж байна.

Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын алба ийнхүү бие даасан алба болсноор архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд дагаж мөрдөж байсан хэд хэдэн арга зүйн баримт бичиг, стандарт шинэчлэгдсэн ба архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлж, цахим архив үүсгэх ажил урагштай хийгдэж байна.

АРХИВЫНЕРӨНХИЙ ГАЗАР

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook