“АЛС ГАЗАР СУРАХААР ОДОГСОД” СЭДЭВТ ҮЗЭСГЭЛЭН

Монгол оюутан, сурагчид Герман, Франц улсад суралцаж эхэлсний 90 жилийн ойд зориулсан архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг Архивын ерөнхий газар, Германы Эрдмийн солилцооны алба (DAAD), ХБНГУ-ын Элчин сайдын яам хамтран 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулав.

ХХ зууны хориод оны дундуур  буюу 1926 оны дөрөвдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотын үлгэр жишээ дунд сургуулиас сурлага, сахилга батаараа шалгарсан 35 хүүхэд эрдэм сурахаар Өрнөдийг зорин мордсон билээ.

Баруун Европын хөгжилтэй орон болох Герман, Франц улсад суралцсан тэдгээр хүүхдүүдийг Ардыг гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатхаан биечлэн хүргэж өгсөн юм.

Эдгээр хүүхдүүд нь хожмоо Монгол Улсын шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг, улс ардын аж ахуйн тэргүүлэх сэхээтнүүд болж, алдар нэрээ мөнхөлсөн түүхтэй. Тодруулбал, их зохиолч Д.Нацагдорж, төрийн шагналт, ардын зураач Л.Намхайцэрэн, анхны ардын багш Г.Батсүх, төрийн хошой шагналт, зохиолч Д.Намдаг, гавьяат багш С.Бавуу, геологийн ухааны анхны доктор Ж.Дүгэрсүрэн, Монгол киноны анхны найруулагч Т.Нацагдорж, Б.Гомбо, төрийн шагналт, гавьяат мал зүйч, академич Т.Аюурзана, зохиолч, орчуулагч Н.Наваан-Юндэн, аж үйлдвэрийн комбинатын ууган ажилтан Х.Юмбүү, утга зохиол судлаач Б.Содном, улсын хэвлэх үйлдвэрийн ууган инженер Ц.Баатарсэнгэ, М.Лувсаннамжил зэрэг олон алдартнууд төрөн гарсан билээ.

Монгол Улсын боловсролын түүхнээ тодоор бичигдэх энэ түүхт үйл явдлыг сурталчлах зорилгоор Германы Эрдмийн солилцооны алба (DAAD), Архивын ерөнхий газартай хамтран тус үзэсгэлэнг ХБНГУ-ын Элчин сайдын яаман дээр нээжээ.

Ч.Болд

 

хөмрөг-6, данс-1, хадгаламжийн нэгж-140, хуудас-1

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook