ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД УЛСЫН ҮЗЛЭГ ХИЙНЭ
img

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг 2015 оны ес, аравдугаар сард зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Улсын үзлэг нь архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад гарч байгаа ажлын ололт, дутагдалыг үнэлэхээс гадна илэрсэн зөрчил, алдаа дутагдалыг засч залруулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж, архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгтгэн дүгнэдэг ач холбогдол бүхий арга хэмжээ юм.

Архив, албан хэрэг хөтлөлт, архивын ажилд 1970 оноос эхлэн улсын үзлэг явуулж байхаар шийдвэрлэсний дагуу 1984, 1990 онд үүнээс хойш таван жил тутамд улсын үзлэг явуулсан бөгөөд үүний үр дүнд архив, албан хэрэг хөтлөлтийн ажил улсын хэмжээнд жигд сайжирч ирсэн.

2010 оны улсын үзлэгээс хойш архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд дагаж мөрдөж байсан арга зүйн хэд хэдэн баримт бичгүүд, стандарт шинэчлэгдэж, үйл ажиллагаанд нь мэдээллийн технологийг нэвтрүүлж, цахим архив үүсгэх ажил хийгдэж байна. Мөн 2012 оны УИХ-ын  сонгуулийн дараа төрийн байгууллагуудын бүтэц, тогтолцоо өөрчлөгдсөн.

Эдгээртэй холбоотойгоор төрийн байгууллагуудын албан хэрэг хөтлөлт, архивын ажлыг улам сайжруулах, байгууллага, иргэдэд үзүүлэх архивын үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, албан хэрэг хөтлөлт, архивын ажлыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор дээрх үзлэгийг зохион байгуулах юм.

Улсын үзлэг явуулах ажлыг Хууль зүйн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Нийслэлийн Засаг даргын орлогч, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга болон Архивын ерөнхий газрын дарга зэрэг гишүүдээс бүрдсэн Төв комиссын бүрэлдэхүүн удирдан зохион байгуулна.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook