“НИЙСЛЭЛ ХҮРЭЭ-100 ЖИЛ” ҮЗЭСГЭЛЭН
img

     1911 оны Монголын Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар монголчууд Манж Чин улсын эрхшээлээс салж, VIII Богд Жибзундамба хутагтыг Шашин, төрийг хослон барьсан хаант Монгол Улсын хаанд өргөмжилж, Монгол Улсын Засгийн газрыг төрийн  таван яамны бүтэцтэйгээр байгуулсан билээ. Улмаар 1912 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Шашин, төрийг хослон барьсан хаант Монгол Улсын төрийн төв Их Хүрээг тусгаар тогтносон улсын төрийн нийслэл болгож, Нийслэл Хүрээ хэмээн нэр өргөмжилсөн байна.
     Их Хүрээг Монгол Улсын Нийслэл болгож, Нийслэл Хүрээ хэмээн нэр өргөмжилсний 100 жилийн ойн үйл ажиллагааны  хүрээнд Монгол Улсын Архивын Ерөнхий Газар, Монголын Үндэсний Музей, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагын газар хамтран “Нийслэл Хүрээ-100 жил” архивын баримт бичиг, гэрэл зураг, эд өлгийн зүйлсийн үзэсгэлэнг олны хүртээл болгож байна.
Тус үзэсгэлэнд Монгол Улсын Үндэсний Төв Архивын сан хөмрөгөөс Их Хүрээг Нийслэл Хүрээ хэмээн нэрлэсэн Богд хаантаны Зарлиг, Нийслэл Хүрээнд Монгол Улсын төрийн тугийг залах тухай айлтгал, буулгасан Зарлиг, Чингис хааны бие сүлдийг Нийслэл Хүрээнд залах тухай айлтгал, буулгасан Зарлиг, Монгол Улсын Анхдугаар их хурлаас Нийслэл Хүрээг Улаанбаатар хот гэж нэрийдэхээр тогтсон тогтоол, зэрэг баримт бичгүүд, Нийслэл Хүрээнд байсан Монгол Улсын Төрийн яамдын байр, Төрийн шард орд, Мэгжиджанрайсаг сүм, Чойжин ламын сүм, Дамбадаржаалин хийд зэрэг төрийн болон шашны байгууллагуудын гэрэл зургууд,   
     Нийслэлийн Архивын Газрын сан хөмрөгөөс Хотын захиргааны түр дүрэм, Хотын захиргааны  дүрэм, Олон хороодын дагаж явах дүрэм зэрэг баримт бичгүүд, Монголын Үндэсний Музейн сан хөмрөгөөс Өндөр гэгээн Занабазарын хөрөг зураг, түүний эдэлж хэрэглэж байсан бурхны хэв, суврага, завъяа, Наран гэрэлт, түмэн наст Богд хаантаны хувийн цуглуулгаас шүншигтэй мөнгөн заан, мөнгөн амсартай халтар манан аяга, мөнгөн гүц, лааны суурь мөн Нийслэл Хүрээний сүм хийдүүдэд болон Хүрээ айлын эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйл зэрэг олон сонирхолтой үзмэрүүд тавигдсан болно.
“Нийслэл Хүрээ-100 жил” архивын баримт бичиг, гэрэл зураг, эд өлгийн зүйлсийн үзэсгэлэн нь Монголын Үндэсний Музейн Үзэсгэлэнгийн танхимд 2012 оны 2 дугаар сарын 7-ны өдрөөс 2 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

 

ҮТА-ын Эрдэм шинжилгээний ажилтан Б.Лхагвабаяр 

Гэрэл зургийг КГЗДАБТөвийн инженер П.Тэмүүжин

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook