ЭМГЭНЭЛ ИЛЭРХИИЛЬЕ
img

Аяахүүгийн Алтангэрэл

/1956-2016/

Орхон аймгийн Архивын тасгийн дарга Аяахүүгийн овогтой Алтангэрэл нь 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өвчний улмаас таалал төгсч, бидэнд хүнд гарз тохиолоо.

А.Алтангэрэл нь 1956 онд Увс аймгийн Зүүнхангай сумын нутаг “Устын шил” гэдэг газар Аяахүүгийн том хүү болж  төрсөн.  Тэрээр; 1972 онд Увс аймгийн Баруунтурууны 10 жилийн сургуулийн 8-р анги, 1976 онд Архангай аймгийн Багшийн сургууль, 1986 онд УБДС-ийн “Түүх газар зүйн багшийн” ангийг төгссөн, дээд боловсролтой, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Зөвлөх багш зэрэгтэй, Архивын тэргүүний ажилтан байв.

1976-1987 онд Увс аймгийн Баруунтурууны 10 жилийн сургуульд багш, хичээлийн эрхлэгч, хүмүүжлийн эрхлэгч, 1987-1989 онд Өндөрхангай сумын 10 жилийн сургуульд захирал, 1989-1992 онд Хархираагийн 8 жилийн сургуульд багш, хичээлийн эрхлэгч, 1992 оноос Орхон аймгийн 10 жилийн 5-р сургуульд багш, хүмүүжлийн эрхлэгч, 2003 оноос ЗДТГ-ын Боловсролын асуудал хариуцсан ажилтан, 2004 оноос 2016 он хүртэл  аймгийн Архивын тасгийн даргаар ажиллаж  байв.

А.Алтангэрэл нь улсад 39 жил ажилласан бөгөөд үүнээс боловсролын байгууллагад 26 жил ажиллахдаа хүүхэд багачуудыг сургаж хүмүүжүүлэх, боловсролын байгууллагыг удирдан хөгжүүлэх талаар идэвх санаачлага гарган амжилттай ажиллаж, боловсролын байгууллагын шагналуудаар шагнагдаж байжээ.

Мөн 1991, 2002 онуудад аймгийн ажил мэргэжлийн аварга багшаар шалгарч, 1995, 1996, 1998, 2001 онуудад Газарзүйн хичээлийн улсын олимпиадад өөрөө болон шавь нар нь амжилттай оролцож  байсан байна.

Төрийн захиргааны байгууллагад ажилласан хугацаандаа Аймгийн архивын материаллаг баазыг бэхжүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэх, Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх, төрийн архивт нөхөн бүрдүүлэлт хийж, архивын баримтыг найдвартай хадгалж, иргэдэд шуурхай үйлчлэх, байгууллага аж ахуйн газруудын албан хэрэг хөтлөлт, архивын ажлыг мэргэжил арга зүйгээр хангах, зөвлөн туслах, ажилтнуудын мэргэшлийг нь дээшлүүлэх талаар  бодлого үйл ажиллагаага чиглүүлж  ирснээр аймгийн төрийн болон төрийн бус байгууллага,  аж ахуйн газрууд, архивын тасаг нь 2009 онд явагдсан байгууллагын ажлын зохион байгуулалт,  архив, албан хэргийн улсын үзлэгээр 97,2 оноогоор ” онц”, 2010 онд зохион байгуулагдсан төрийн архивын улсын үзлэгээр 85,3 оноогоор “сайн “ 2015 оны “Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-ээр 97,5 хувиар “Маш сайн”  дүнтэй шалгагдаж байсан юм. Тэрээр ажиллаж байх хугацаандаа:

Ардын боловсролын   яамны “Арга зүйч” багш цол тэмдэг /1990/

Ардын боловсролын яамны “Хүндэт жуух”, /1991/

Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль

Ардын боловсролын яамны “Тэргүүлэх багш” цол тэмдэг /1995/

Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан” цол тэмдэг /2000/

БСШУЯ-ны “Зөвлөх багш” цол тэмдэг /2001/

Монголын Залуучуудын байгууллагын “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” тэмдэг /2002/

Хөдөлмөрийн хүндэт медаль /2006/

Архивын байгууллагын 80 жилийн ойгоор “Тэргүүний архивч” цол тэмдэг /2007/

БХЯ-ны “Эх орны төлөө” медаль,  Орхон аймгийн Хүндэт тэмдэг /2011/

Боловсролын байгууллагын 90 жилийн ойн медаль, Хууль зүйн яамны 100 жилийн ойн медаль,  Хууль зүйн яамны хүндэт жуух, Алтан гадас одон /2012/

Улсын бүртгэлийн ерөнхий газрын жуух бичиг, Төрийн албаны тэргүүний ажилтан цол, тэмдэг,  Архивын ерөнхий газрын жуух бичиг /2015/ тус шагнагдаж байсан.

Түүний зарчимч, шударга, хөдөлмөрч, тууштай, үлгэрлэн манлайлагч, нугаршгүй ноён нуруу, нөхөрлөл итгэлцлийг эрхэмлэгч сэтгэл, эрдэмт даруу, хүнлэг сайхан зан чанар нь байгууллага, хамт олон, журмын нөхөд бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан үлдэх болно.

Талийгаачийн хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье

 

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook