“МЭРГЭН ГҮН ГОМБОЖАВ” архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэн
img

Монголын анхны аспирант, толь зүйч, дуун хөрвүүлэгч, түүхч, Мэргэн хэмээн олноо алдаршсан М.Гомбожавын мэндэлсний 110 жилийн ойд зориулсан архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг Архивын ерөнхий газар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын тамгын газар хамтран  2016 оны 8 дугаар сарын  19-ний өдөр Улаанбаатар хотноо, 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд зохион байгуулав.

Эзэн Богд Чингис хааны алтан ургийн 16 дахь залгамж нь Батмөнх Даян хаан бөлгөө. Түүний залгамж үр удам, хойчис болох Хөндлөн мэргэн гүний хошууны засаг ноён Мөнх-Очирынд  1906 онд нэгэн хүү мэндэлсэнд Гомбожав хэмээх нэр хайрлажээ.

“Халхын газрын хамгийн сүүлчийн номч хутагт” хэмээн алдаршсан Дарва бандидаар ном эрдэм заалгаж өссөн тэрбээр 17 насандаа гүн эцгийнхээ хэргэм зэргийг залгамжлан засаг ноёны сэнтийд суух эрхтэй болсон ч өөрийн сайн дураар ямба хэргэмээсээ татгалзсан гэдэг.

Мэргэн гүн Гомбожав нь 1923 онд Нийслэл Хүрээнд ирж Оюутны сургуульд суралцахын зэрэгцээ, Судар бичгийн хүрээлэнд ажиллаж, Ж.Цэвээн, Жамьян гүн нартай  дотносжээ.

Тэрбээр 1925-1926 онд Ленинград хотноо Дорно дахины  амьд хэлний дээд сургуульд суралцан алдарт монголч эрдэмтэн Б.Я.Владимирцов, С.А.Козин, П.К.Козлов нартай танилцжээ. Мөн 1927-1929 онд БНМАУ-ын Шинжлэх ухааны хүрээлэн (ШУХ)-гийн томилолтоор Франц улсад хэл бичгийн сургуульд суралцаж, нэрт  монголч эрдэмтэн П.Пеллиог дагалдан ажиллаж байжээ. Коминтерний шахалтад орсон БНМАУ-ын Засгийн газар Герман, Франц улсад суралцаж байсан сурагч оюутнуудаа буцаан татахад М.Гомбожав сургуулиа дүүргэлгүй эгэж ирээд 1929-1930 онд Шинжлэх ухааны хүрээлэнд оюутан хэмээх албан тушаалтай ажиллаж байв.

ЗХУ-д суралцуулахыг хүсч М.Гомбожаваас Шинжлэх ухааны хүрээлэнгийн захиргаанд  гаргасан өргөдөл. 1934 оны 4 дүгээр сарын 28. МУҮТА. ТБА. Х-23. Д-1. ХН-359. тал 38

Мэргэн гүн Гомбожав нь 1930-1933 онд Буриад Монгол улсын  эрдэм соёлын хүрээлэнд нэр томьёоны толь зохиох ажилд оролцож, 1933 оноос Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь зохиох анхны комиссын нэгэн гишүүн нь болжээ. Түүнчлэн энэ үедээ Багшийн сургууль, Намын төв сургууль, Орос сургуульд багшилж байв.

М.Гомбожав Шинжлэх ухааны хүрээлэнгийн жинхэнэ гишүүн Ж.Цэвээн, Ч.Бат-Очир нарын хамт эх орныхоо түүх, соёлын өв санг хямгадан цуглуулах, хойч үедээ уламжлуулах талаар ихээхэн ажил хийж байжээ. Тэрбээр Судар бичгийн хүрээлэнгийн томилолтоор Заяын хүрээ, Дарва Бандидын хүрээ, Бээжин, Шанхай, Тянжин, Хаалган зэрэг газраар явж, ховор нандин ном судар, бичиг зохиол, мэдээ баримт цуглуулах ажилд идэвхитэй оролцож байсан аж.

М.Гомбожав нь 1924 онд анх байгуулагдсан нэр томъёоны комиссын гишүүнээр ажиллаж, тухайн комиссоос хэвлэн гаргаж байсан нэр томъёоны цувралыг бэлтгэхэд оролцож байснаас гадна Шинжлэх ухааны хүрээлэнгээс хэвлүүлж байсан шинжилгээний мэдээ, хэл бичгийг сайжруулах бодлогын бичиг зэрэг цувралд “Сургуулийн бичиг дэвтрийг сайжруулах сэдэв” зэрэг судалгаа, зөвлөмжийн чанартай өгүүлэл бичиж хэвлүүлжээ. Мөн Д.Нацагдоржтой хамтран Д'Оссоны “Монголын түүх” хоёр боть зохиолыг франц хэлнээс орчуулж байжээ.

Тэрбээр  хэлний авьяастай нэгэн байсан бөгөөд Америкийн эрдэмтэн Р.Рупен түүний тухай “Гомбожав орос, францаар чөлөөтэй ярьдаг, хятад, төвд, манжийг мэддэг лут хэл шинжлэлтэн байлаа” хэмээн өндрөөр үнэлсэн байдаг. Мөн академич Ц.Дамдинсүрэн “Гомбожав их сэргэлэн, хэл бичгийг түргэн сурдаг авьяаслаг эрдэмтэн байсан юм. Тэрбээр Пеллио, Владимирцов, Ц.Жамсрано нарыг дагалдан сурч байсан тул орос, франц, англи зэрэг гадаад хэл дээр байгаа судлалын номын онол, чанар, алдаа зэргийг их сайн мэддэг байсан” гэж дурсан бичжээ.

М.Гомбожав 1934 оноос ЗХУ-ын Шинжлэх Ухааны Академийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн аспирантурт суралцаж, Ж.Цэвээнтэй хамт ажиллаж байгаад 1937 оны наймдугаар сарын 11-ний шөнө улс төрийн хэрэгт баривчлагдан хоригджээ.

Хатуу ширүүн байцаалт, тамлалт дор 3 жил гянданд хоригдсон түүнд ЗХУ-ын ДХАК-ын Онцгой Зөвлөлөөс засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерьт 8 жил хорих ял оноосон бөгөөд М.Гомбожав 1940 оны 8 дугаар сарын 17-нд Зүүн хойт лагерь (Севвостлаг)-т нас баржээ.

1956 оны 12 дугаар сарын 8-нд хуралдсан ЗСБНХУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн хурлаас М.Гомбожавт тулгасан хэргийн материалыг хянаад, прокурорын эсэргүүцлийг үндэстэй гэж үзсэн тул 1940 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Ийнхүү Мэргэн гүн Гомбожавын нэр төр сэргэж, хилсээр хэлмэгдсэн нь цагаадсан түүхтэй.

Ч.Болд

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook