БОШГЫГ ХАЛАХ ЗАЛУУЧУУДЫН ЭВЛЭЛИЙН АНХДУГААР ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ
img

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсэний 110 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Монгол Улсын Үндэсний төв архивт түүний хувийн хөмрөг хадгалагдаж байна.

Та бүхэнд толилуулан буй энэхүү гэрэл зураг тус архивын Улс Төрийн Нам Олон Нийтийн Байгууллагын Баримтын архивын хөмрөгт хадгалагдаж байгаа бөгөөд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн анхдугаар хурлын үеэр авсан гэрэл зураг юм.

Анхдугаар их хурал 1922 оны долоодугаар сарын 17-ны өдөр 30 үүрээс сонгогдсон 600 гаруй гишүүдтэй хуралдсан байна.

Хурлын үеэр Ерөнхий сайд Жалханз хутагт С.Дамдинбазар, Хичээнгүй сайд хэмээн алдаршсан Б.Цэрэндорж, их эрдэмтэн Жамсрангийн Цэвээн нарын монголын төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд  залуу үеийн төлөөлөлтэйгээ хамт зургаа авхуулсан ажээ.

Их зохиолч энэ үед цэл залуу 16 настай, 1922 оны дөрвөвдүгээр сараас Намын Төв Хороонд туслах түшмэлийн  алба хашиж байв. Мөн С.Данзаны хамт хэлмэгдэн цаазлуулсан МХЗЭ-ийн Төв Хорооны гишүүн Баваасан, мөн хожим хэлмэгдсэн МХЗЭ-ийн Төв Хорооны дарга, зохиолч С.Буяннэмэх нар ч уг зурагт байна. Энэхүү анхдугаар их хурлаар С.Буяннэмэхийг МХЗЭ-ийн Төв Хорооны даргаар сонгож байжээ.

Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн анхдугаар хурлын үеэр

1. Жигмиддоо,

2.Баваасан

3.С.Буяннэмэх

4. Ц.Гомбожав / жаал/

5.Д.Нацагдорж

6. Ж.Цэвээн

7. Жамбал /номын сангийн/

8. Б.Цэрэндож

9. С.Дамдинбазар

10. Охтин

11. Элбэгдорж Ринчино

12. Зоригт-Старков

13. Гүнсэн гүн

14. Пунцаг /өндөр/

15. Доржпалам

Зургийн арын хэсэгт дэлгэсэн туган дээр “МОНГОЛЫН ХУВЬСГАЛТ ЗАЛУУЧУУДЫН ТӨВ ХОРОО ЖАВХЛАНГ БАДРУУЛАГЧ ТУГ” хэмээн бичсэн. Туг голдоо таван хошуу бүхий билэгдэлтэй. Таван хошууны голд  нар зөв эргэсэн хас тэмдэгтэй. Таван хошууны дэлбээн дээр  зөв эргүүлэн “ЭРХ ЖАРГАЛЫГ ГИЙГҮҮЛЭН МАНДАГЧ  ОДОН” хэмээн бичсэн байна.

Тугийн баруун гар талд өлгөсөн лозунг дээр”БҮХ ДЭЛХИЙН ЗАЛУУЧУУДЫН ЭВЛЭЛ БА ЭВ ХАМТЫН НӨХӨРЛӨЛ ҮҮРД МАНДАХ БОЛТУГАЙ” бичсэн байна.

Тугийн зүүн гар талд өлгөсөн лозунг дээр “МОНГОЛ АРДЫН ИХ ХУРАЛ НЬ ДЭЛХИЙД ӨӨРИЙН ГАЗАР УСАНДААН  ТУСАА ӨГӨХ БОЛТУГАЙ ” хэмээн бичсэн ажээ.

Ардын засаг ялаад тун удаагүй байсан ч хүмүүсийн өмссөн хувцасны байдалд өөрчлөлт орж байсныг зургаас харж болох юм. Үүнтэй зэргэцэн дөрвийн зэрэг төлөөлөгч хуучны тав гэзэгтэйгээ байх аж. Нэгэн байшингийн булан хэсэгт зургийг авсан бөгөөд зургийн баруун дээд буланд цухуйх чимэглэлээс үзвэл европ загварын байшин бололтой.

АЕГ-ын МАЗУГазрын ЭША Ё.Батхишиг

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook