Улаанбаатар хотод лам нарын наймаа хийж буйг шүүмжилсэн тухай нэгэн баримт
img

1927-09-24

Хэнтийн намын хорооноос, Улаанбаатар хотын газар лам дүрмийн хүмүүс морь, тэмээний наймаа хийдэг гэх зэрэг шүүмжилсэн хэргийг сийрүүлэн гүйцэтгэн шийтгэмүй хэмээн ирсэн хэрэг.

Хан хэнтий уулын аймаг дахь Ардын Хувьсгалт Намын Хорооноос.

Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооноо илгээв. Явуулах учир.

Суртлын салбараас. Харьяат намын хошууны зургадугаар хорооноос хүрч ирсэн жаран зургаан тоот бичгийн дотор харьяа наядугаар үүрээс тус үүрийг гишүүн Шагдарсүрэнгээс харьяат тамгын газраас албан хэргийн учир зарагдаж, Улаанбаатар хотноо одох сацуу зах зээлийн газар наймаа хийж шашин, төрийн хэргийг сэлгүүцэн явах лам дүрмийн хувцас хэрэглэж явах хүмүүс ер цөөхөнгүй бөгөөд тэр ч байтугай хуучин хамба, чойнжүн ламын ар эдүгээ Хотын захиргааны дэргэд хаалгач агсан Жанцан-Оноогийн зэрэг лам нар морь, тэмээний маймаа хийж явааг тус хотын эрэгтэй, эмэгтэй гишүүн ба гишүүн бус олон яамдын түшмэд, сайд ард нар төлөв мэдэх буй ай. Үүнд хянаваас, Хотын захиргааны хэрэг эрхлэгчдийн идэвх оролдлогогүй, осол цалгараас иймд орсон төдийгүй Хотын захиргаа болбоос бүх Монгол Улсын охь манлай болох гол газар мөн агаад энэ мэт шашин, төрийн хэргийг завсардуулан хутган үймүүлэгчдийг огт хайхрахгүй байхад хөдөөгийн бүдүүлэг ард нар эедэн дагалдах нь болзошгүй учир, ийм муу гэмийг хэрхэн болгон ариутгах явдлыг олон нөхөд шүүмжлэн хэлэлцэх болов уу хэмээснийг хэлэлцээд гагцхүү энэ төдий бус хөдөөгийн олон ард нараас Хотын захиргааны газар хуучин хэвээр баймой хэмээн шашин, төрийг сэлгүүцэн явагчид нь Улаанбаатар хотноо сууж хурал номын сургуулийг хиймүй гэх зэргээр орон нутгаас мэхлэн гарч, шургалан сэлгүүцэж явах нь нилээд буй мэт сонсдох бөгөөд байдлаар хянаваас, даруй үнэн болох учир зохих газар яаран явуулж, засан сайжруулах зэргээр хойчийн муу үлгэр дууриалыг нэгмөсөн ариутгаваас зохих болов уу хэмээн хэлэлцэн тогтсон нэгэн хэргийг гүйцэтгэн шийтгүүлэхээр уламжлан ирсэн хэрэгт манай газраас эл хэргийн доторх хотын зээлийн газар лам дүрмийг хэрэгсэн явагчид ба мөн өдөр бүр морь, тэмээний маймаа хийгч нэр бүхий лам нар чухам аль захиргааны хүмүүс бөгөөд энэхир жинхэнэ санаваартан буюу эсэхүл гагцхүү лам дүрмийн хувцсыг хэрэгссэн алин болох жич хөдөөгийн ард нараас хотноо сууж хурал номын сургуулийг хиймүй хэмээх мэтээр орон нутгаас мэхлэн гарч шургалан сэлгүүцэж явагчид чухам аль аль захиргааны хэн хэн хэдийд болох бөгөөд мөнхүү эрхлэх газруудаас мөнхүү магадыг гүйцэтгэж буй зүйл байх эсэх зэргийг дахин сайтар тодорхойлон ирүүлж гүйцэтгэн шийтгүүлэх учрыг таван зуун тавин нэгэн тоот бичгээр гэдрэг явуулсан нь эдүгээ мөнхүү хорооноос уг хэргийн учир дахин  тодорхойлон ирсэн нэгэн зуун гучин таван тоот бичгийн дотор мөнхүү Шагдарсүрэнгээс тодорхойлсон нь, хаалгач бүлх Жанцан болбоос Баянзүрхийн хошууны захиргааны болохыг мэдэхгүй. Урьд мөн хаалгач явснаас гадна, энэхир гэлэн хүн болох учир ийм хоёр хүмүүнийг таньж мэдмүй. Үүнээс гадна миний таньж нэр мэдэхгүй лам харыг завсардуулан явагчид хэд хэд буй мэт амой. Ноднин жил оролцогчдын газар суумой хэмээгээд захиргааны газрыг мэхлэн явсан тус хошууны Цэнхэрмандал Жамьяанжав мөн хошууны Жаргалантын сумын улаан хэмээх Гомбо нар амой. Харин эд нарыг захиргааны газраас хайхарсан эссэнийг би хувиар мэдэхгүй хэмээмү гэх зэргээр ирсэн учрыг илэрхийлэн эржүхүй. Үүнд уг шүүмжилсэн хэргийн учир төдий л оновчтойгоор бүрдэн тодорхойлогдсон нь үгүй атугай эргүүлэн явуулахад дахин тодорхойлох зүйлгүй мэт шиг бөгөөд байдалд хянаваас, Улаанбаатар хот болжгэм улсын төв, элдэвт ёс журам нарийн тодорхой боловч угаас элдэв газрын олон зуун хүмүүс хуралдан суусан нь басхүү хааяа зарим этгээд чингэж лам харыг завсардуулан явах буюу хөдөө газраас шургалхийлэн самуурч явахыг огт байхгүй хэмээн баримтлах газаргүй болох иймд болгоомжлон эл хэргийг зохих газруудад явуулж ийнхүү үлэмжхэн худалдаа маймаа хийх ба завсардуулан явах буюу захиргааны газрыг мэхлэн явмой хэмээх зэргээр шүүмжлэгдсэн, нэр илэрхийлэгдсэн буюу бүрхэг бүхий этгээдийн харьяат хот, хошууны зэрэг газраас учрыг тодорхойлох зэргээр гүйцэтгэн шийтгүүлбээс зохихын тулд үүнийг Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо, харьяат аймгийн яамнаа хуваан явуулаад хүрсэн доор тус бүр толилон байцаан үзэж,  дээр дурдсан хэргийг тухай бүр нэгэн адил гүйцэтгэн шийтгэн зааварлах ба хариу ирүүлэх зэргээр гүйцэтгүүлэх ажааму хэмээмү хэмээжүхүй. Үүний тул илгээв.

Монгол Улсын арван долдугаар он есөн сарын хорин дөрвөн. Дугаар №734.

Дарга төлөөнөө

Нарийн бичгийн дарга Доосүрэн

МУ, ҮТА, УТНОНББА, Х-4, Д-2, ХН-246

 

 

Мэдээг бэлтгэсэн: МАЗУГ-ын эрдэм шинжилгээний ажилтан Г. Сэр-Од

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook