Монгол улсын архивын албаны үүсэл
img

Энэ өв соёлыг хэдэн зуун жилээр нандигнан хадгалж, хамгаалж, хойч үедээ өвлүүлэх үүрэгтэй эрх бүхий байгууллага нь бидний өвөг дээдсийн нэрлэж заншсанаар хуучины данс харааны газар буюу өнөөгийн архив юм.

Бид архивын алба үүссэн түүхээс цухас төдий дурдъя.

Монгол улсын архивын алба үүссэн түүхийн судлагдсан байдлыг тоймлон дурдвал Х.Магсаржав “Монгол улсын орчин цагийн архивын албаны хураангуй түүх” УБ.,2007, Г.Норовсамбуу “Монголын эрт, эдүгээгийн төрийн бичиг, архивын товчоон”, “Монгол улсын соёлын түүх” 3-р боть, “Монгол улсын архивын албаны түүхэн хөгжилт, орчин үе” УБ.,2001, “Түүхийн эрхи” УБ.,2007, Ц.Дүүдий “Түүхийн мөр баларшгүй”, “Орчин үеийн архивын үүсэл, хөгжил, уламжлал, шинэчлэл-80” УБ.,2007, С.Ичинноров “Түүхийн үнэний мөрөөр” УБ.,2000 гэх зэргээр архивын албаны үүсэл хөгжил, судалгаа үргэлжлэн хийгдэж байна.

“Архив бол улс үндэстний түүхийн илэрхийлэл, аливаа улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, улс үндэстнийх нь өөрсдийнх нь оршин тогтнохын бодит илэрхийлэл болж байдаг.”1 хэмээн Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди цохон хэлсэн байдаг.

1921 оны 11 дүгээр сард Судар бичгийн хүрээлэн байгуулагдсанаар тус улсын түүх, соёлын дурсгал, түүний дотор үсэг бичгийн өвийг сурвалжлан цуглуулах, хадгалан хамгаалах, эмхлэн цэгцлэх, судлан боловсруулах ажлын эхлэл тавигджээ.

Судар бичгийн хүрээлэнгийн анхны дүрэмд, “Хүрээлэнгийн газраа дэлхий дахины бичиг судрын сан ба музей хэмээх сонин зүйлийг хурааж, олон хүнд үзүүлэн таниулахад тус болно хэмээхээс гадна Монгол газрын элдэв хуучин ном судрыг олж бүрэн бүтэн хамгаалах”2 явдал нь тус Хүрээлэнгийн үндсэн үүргийн нэг хэмээн заасан.

1924 онд батлагдсан “Судар бичгийн хүрээлэнгийн эрхлэх үйлдвэрийн товчоо” хэмээх тус байгууллагын удаахь дүрэмд, “Монголын хэл дээр ба бусад олон улсын хэл дээр бүхий монгол үндэсний олон аймаг ба монгол улс төрийн түүхэнд хамаатай эх бичиг, судрын зүйлийг цуглуулмуй”, “бусад зүйлийн эх түүхэнд холбогдох хуучин дурсгалын гэрч тэмдэг юмсыг олон цуглуулах ба сахин хамгаалмуй”3 хэмээн Монголын түүхэнд холбогдох бичиг үсгийн дурсгалуудыг цуглуулах, сахин хамгаалах талаар тодорхойлж өгчээ.

1924 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Судар бичгийн хүрээлэнгийн тэргүүлэгчдийн хуралдсан 4 дүгээр хурлаас, “Хуучины зүйлийг сахин хамгаалах тухай дүрэм”-ийг батлан гаргаж, уг дүрмийн нэгдүгээр зүйлд, “Монгол Улсын хязгаар дотроо буй бүхий хуучины дурсгал болох зүйл цөм Монгол Улсын өөрийн хөрөнгө болох тул Монгол Улсын ардыг гэгээрүүлэх яамны Судар бичгийн хүрээлэнгийн мэдэлд баймуй”4 хэмээжээ.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook