Хувьсгалчдын харилцаж байсан нууц түлхүүр бичиг
img

Монгол улсын Үндэсний төв архивын Улс төрийн нам, олон нийтийн байгууллагын баримтын архивын /Цаашид УТНОНББА гэж тэмдэглэнэ. Т.С/ хосгүй үнэт хөмрөг болох Монголын хувьсгалын анхны нууц хоёр бүлгэм, МАН үүсч нууц байх үеийн бичиг баримт, хувьсгалчдын харилцааны чухал хэрэгсэл болж байсан нууц түлхүүр бичиг зэрэг ховор чухал эх сурвалж хадгалагдаж байдаг.

Үүнээс монголын хувьсгалчдын харилцаж байсан нууц түлхүүр бичиг болох баримтыг сонгон авч үзлээ. Эдгээр баримт нь ҮТА, УТНОНББАрхив, Х-1, Д-1, ХН-4, 5, 6, 8, 15, 18, 19, ХҮХ-1, Д-1, ХН-15, 16-д хадгалагдаж буй бөгөөд Үндэсний архивын газрын 2003 оны “Архивын хосгүй үнэт баримтыг тодорхойлох, тоо бүртгэл хөтлөх, ашиглуулах журам”-ын 2.4-т заасан үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг хангаж Үндэсний төв архивын хосгүй үнэт баримтад бүртгэгдсэн болно.

Баримтын онцлог нь 5,83x8,27 харьцаатай тууш шугамтай дэвтэрийн цаасан дээр бичигдсэн 14 хуудас, мөн цахилгаан утас нь төрөл бүрийн хэмжээтэй цаасан дээр бэх болон харандаагаар бичигдсэн байна. Мөн эдгээр баримтын ашиглалт болон хадгалалтын явцад гэмтсэн гэмтлийг сэлбэн засчээ.

1920 оны 6 дугаар сарын эцсээр болсон МАН-ын нэг хурлаар хэлэлцсэн асуудлын нэг нь МАН-ын нууц ажлын арга барил, харилцаа холбоог боловсронгуй болгох зорилгоор хувьсгалт нууц ажлын нэн чухал хэрэгслэл 400 гаруй үгтэй нууц үгийн түлхүүр бичиг боловсруулсныг хэлэлцэн баталсан хэмээн судлаачид өгүүлсэн байдаг ч уг түлхүүр бичигт холбогдолтой ямар нэгэн хурлын тэмдэглэл архивт хадгалагдаж үлдээгүй байна.

Нууц түлхүүр бичиг нь зохиомж, агуулгын хувьд өргөн, цаг үеийн нөхцөл байдал, хувьсгалчдын харилцааны үйл ажиллагаатай нягт уялдан зохицсон нэр томъёог сонгон хэрэглэж байсан гэж С.Ичинноров цохон тэмдэглэжээ. [1]

Нууц түлхүүрийн зохиогчийн тухайд бол МАН-ыг үүсгэн байгуулагчид, ЗОУ-д явсан анхны 7 төлөөлөгч болон тэдэнтэй холбогдолтой хэмээн үздэг боловч эдүгээ түүх бичлэгийн хувьд дахин нягтлах шаардлагатай байх.

Тухайлбал С.Ичинноров “Д.Сүхбаатар 1919 оны эцсээр Зүүн Хүрээний бүлгэмийн гишүүн Б.Пунцагийг Хиагтад очиж ажиллахад нь Зөвлөлт Орос Улсын байдал Оросын цагаантан-Колчак, улаан цэрэг хоёрын аль нь дийлж байгааг мэдээлж янагш захиа явуулаарай. Цагаантан дийлбэл “Овъёос үнэтэй байна. Овъёос явуулж чадахгүй нь” гэж нууц томъёоллоор мэдэгдэж байхыг даалгасан сонирхолтой мэдээ байдаг. “Би … улаан цэргийн ялалтыг Сүхбаатарт сонсгохоор “овъёос үнэтэй байна” хэмээн гурван удаа цахилгаан явуулсан” гэж Пунцаг бичсэн байдаг. Энэ нь хожим зохиосон нууц түлхүүрийн томъёололтой утга санаа зохиомж адил байгаа нь нууц түлхүүрийг зохиогчийн нэг нь Д.Сүхбаатар болохыг нотлохын зэрэгцээ тэдний харилцаанд нууц нэр томъёог 1919 оны эцсээс хэрэглэж тэр нь нууц түлхүүрийг зохиох үндэс болжээ гэж үзэж болно. Нууц түлхүүр нь ганц нэг хүний бус хамтын бүтээл болох нь эргэлзээгүй. Хувьсгалчид нууц түлхүүр бичгийг боловсруулж эзэмшихийн тулд тус тусын хувилбарыг авч явах их хөдөлмөр гаргажээ. Ялангуяа анхны долоо Зөвлөлт Орос Улсад очсон хойно Нийслэл Хүрээнд үлдсэн нөхөд нууц түлхүүрт зарим нэг нэр томъёог нэмж оруулан, Зөвлөлт Орос Улс (ЗОУ)-д явсан нөхөддөө хүргүүлэхээр МАН-ын гишүүн Г.Гүрсэдийг 1920 оны эцсээр хойш явуулсан боловч Өвөр Хиагт хүрээд цааш хил нэвтэрч чадаагүй эргэж иржээ”.[2] хэмээн түлхүүр үг зохиогчийн тухайд дурдсан байна.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook