Улсын баярын ёслолыг явуулах дүрэм”-ийн тухайд
img

Бидний өвөг дээдэс эртнээс Төрийн баяр, ёслол,  эрийн гурван наадам хийж ирсэн уламжлалтай ард түмэн. Чухам хэдий үеэс тэмдэглэдэг болсон, ямар учиртай тухай өгүүлэхэд бидний энэ бэсрэгхэн мэдээнд хамруулан үзэх   боломжгүй өргөн хүрээг хамрах юм.

Бидний хөндөж буй Улсын баярын тухай асуудал өнөөдрийг болтол нэг мөр болоогүй маргаантай байгаа сэдвийн нэг.

Засгийн газрын 1922 оны долоодугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар хуралдаанаар жил бүр “Улсын баярын ёслолыг явуулах дүрэм хэмжээ” баталсан хэмээдэг.

Уг тогтоолд холбогдох болов уу хэмээн Монгол улсын Үндэсний төв архивт хадгалагдаж буй “Ёслол баярын зүйл”, “Монгол ардын намын төв хорооны төлөвлөн зохиосон Монгол ардын Улсын баярын ёслолыг явуулах дүрэм хэмжээ” хэмээх ямар нэгэн тамга тэмдэггүй, гарын үсэггүй төсөл хэлбэртэй дараах баримтыг толилуулж байна.

Богдын Зарлиг нь мөн мутарын тэмдэг тавиагүй төсөл хэлбэртэй, уг дүрмийн агуулга дотор гарч буй БАЯРЫН ЗАРЛИГ хэмээхийн төсөл болов уу. Дараах хоёр дүрмийн төсөл нь агуулгын хувьд бараг ижил боловч оршил хэсэг нь бага зэргийн өөр, хоёр дахь дүрэм нь “Монгол ардын намын төв хорооны төлөвлөн зохиосон Монгол ардын Улсын баярын ёслолыг явуулах дүрэм хэмжээ” гэсэн толгойтой эхний хоёр баримтаасаа бичвэр нь өөр, “Ёслол баярын зүйл”, “Зарлиг”  нь бичвэр нь ижил байгаагаараа онцлог юм.

“Зарлиг. Миний дээд үеэс монголчуудын багш болоод, соён засаж ивээн хамгаалсаар эдүгээд хүрч ирэв. Одоо цагийн байдал болвоос дотоодыг засах, гадаадад нэвтрэлцэх хамаг засгийн бодлого эртний цаг лүгээ тун адил үгүй. Би төрөлхөөсөө эрхэм суурин хэтэрхий гавьяаг хүсэхгүй. Гагцхүү өршөөх нигүүлсэхүйг үндсэн болгох болой. Засгийн ёс маш өнө, их л шудрага төвшин, хэрэг болох тул таны олон бүгдээрийн үнэнхүү сэтгэлээр бишрэн хүндэлж улируулан өргөмжилснийг хүлээж, Монгол улсын хааны суурийг эзлэв. Би басхүү цагт нийлүүлэн тухай зүйд тохиолдуулахыг бодох тул тийнхүү шар, хар, дээдэс, доордос олны зөвлөлдөн тогтоосныг дуртайяа зөвшөөрөн улсын байдлыг шинэчлэн халж, засгийн бодлогыг өөрчлөн тогтоов. Энэ нь миний нэгэн биеийн эрхэм хүндийг үл санан тусгайлан түмэн иргэн нь тийш өршөөн адил хамгаалах туйлын таалал мөн буюу. Зуны сүүл сарын шинийн зургаан нь улсын засгийг тогтоосон өлзийт өдөр болох бөгөөд нийтийн баяр ёслолыг явуулахын тул би төрийн ордонд заларч олон сайд, лам ноёд, бичиг цэргийн түшмэдийн ёслон мөргөхийг хүлээн авч, улсын бүхнээр баяр ёслолыг төгсгөв. Үүнээс Монгол улсын төр шашиныг улмаар бататган дэлгэрч хамаг бүгдээр туйлын жаргаланг олж эдлээд, өнө удаан буяныг олтугай хэмээн үүний тул ЗАРЛИГ буулгав.”

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook