Монгол Улсын Үндэсний төв архивын сан хөмрөг дэх Монголын хувьсгалчдын түүхт зөвлөгөөний үндсэн баримт бичгүүд
img

Эх орончдын өдөрт

Монгол Улсын Үндэсний төв архивын сан хөмрөг дэх
Монголын хувьсгалчдын түүхт зөвлөгөөний үндсэн баримт бичгүүд
/1921.03.01-1921.03.03/

Г.Дашням /Ph.D/

      МАН-ын түүхэн замналд онцгой байр суурь эзэлдэг их хурлуудын нэг нь 1924 онд намын III их хурлаас намын анхдугаар их хурал гэж албан ёсоор нэрлэхээр тогтсон Хиагт /Троицкосавск/ хотноо 1921 оны гуравдугаар сарын 1-3-нд хуралдсан Монголын хувьсгалчдын түүхт зөвлөгөөн юм.

     Нийт гурван өдөр хуралдсан дээрх зөвлөгөөний эхний өдөр буюу 1921 оны гуравдугаар сарын 1-ний өдрийг МАХН үүсэн байгуулагдсан өдөр хэмээн тэмдэглэж ирснийг 2004 оны 12 дугаар сарын 9-ний өдөр батлагдсан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын хуулиар “Эх орончдын өдөр” хэмээн өөрчлөн нэрлэж, нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгосноос хойш эдүгээ 15 дахь жилтэйгээ золгож байна.

            1921 оны гуравдугаар сарын 1-3-нд Хиагт хотноо хуралдсан Монголын хувьсгалчдын зөвлөгөөний түүхийг шинжлэн судлахад хэрэглэгдэхүүн болох сурвалж бичиг цөөнгүй. Тэдгээрээс гол тулгуур болох үндсэн эх сурвалж нь Монгол Улсын Үндэсний төв архивын Хосгүй үнэт баримтын сан хөмрөгт хадгалагдаж буй 1921 оны гуравдугаар сарын 1-3-нд Хиагт хотноо хуралдсан Монголын хувьсгалчдын зөвлөгөөний монгол, орос товч тэмдэглэл,1 орос товч тэмдэглэлийн монгол орчуулга,2 мөн монгол товч тэмдэглэлийн хойно хавсаргасан тус зөвлөгөөнөөс баталсан хоёр үндсэн баримт бичгийн нэг болох “Монгол Ардын Намаас түмэнд тунхаглан зарлах бичгийн оршил”3 хэмээх баримт бичиг юм. Тэдгээр баримт бичгийн агуулга, харьцуулсан судалгааг дөхөм танилцуулъя.

                Монгол Улсын Үндэсний төв архивын Хосгүй үнэт баримтын сан хөмрөгт хадгалагдаж буй зөвлөгөөний монгол товч тэмдэглэл, түүний хавсралтыг "Монголын Ардын Намын Төв Хорооны бүх хэргийн шинэ шийтгэн явуулсан данс" хэмээн гарчигласан, 22x34 см хэмжээгээр зүсч дэвтэрлэсэн муутуу цаасан "данс"-анд хар бэхээр тогтуухан, гаргацтай бичжээ.4  /Хавсралт №1-3/

Энэ тэмдэглэлийн хоёр хэсэгт тэмдэглэл хөтлөгч "хэмээмүй" гэж өгүүлбэр төгсгөснийхөө нэгийг нь дарж, нөгөөхийг нь "хэмээв" болгон засаж, мөн хавсралтын хоёр газарт ташааран бичсэн бололтой тус бүр нэг үгийг ухаж авчээ. Зөвлөгөөний эхний өдөр хурлын дарга С.Данзангийн хэлсэн үгэнд бал харандаагаар "улс болон" гэдэг оруулга, гурав дахь өдрийн хуралдаанд "Бэгз" хэмээх нэрийн ард сурагч бэхийн өнгөтэй харандаагаар "Цэвээн" гэдэг оруулгыг хийснээс гадна уг тэмдэглэлийг уншиж танилцсан хүн хоёр дахь өдрийн хуралдааны тэмдэглэл дэх "Ардын Намын цэргийн хэргийг захирах газрыг байгуулан штаб хэмээн нэрийджээ" гэдэг өгүүлбэрийн худам монгол үсгээр бичсэн "штаб" гэдэг үгийн харалдаа дээд талын сул зайд улаан өнгийн бэхээр "штаб" гэж крилл үсгээр тодотгон бичжээ.

Зөвлөгөөний орос товч тэмдэглэлийг харилцан адилгүй (1,3,4-р хуудас 22x35 см, 2-р хуудас 22,5х36 см, 5-р хуудас 21,5х35,2 см) хэмжээтэй 5 хуудас  (1,5-р хуудсыг шугамгүй, 2,3,4-р хуудсыг тууш шугамтай) цаасан дээр босоо байрлалтайгаар, сурагч бэхийн өнгөтэй харандаагаар (зарим хүн хорон харандаагаар бичсэн нь хожим сэлбэн засах явцад урвалжид орж, сурагч бэхийн өнгөтэй болсон хэмээн хэлдэг явдал буй  Г.Д.) хоёр талд нь бичжээ.5   /Хавсралт №4/

Энэ тэмдэглэлийн хоёр дахь өдрийн хуралдаанд оролцогсдын нэрсийн жагсаалтад Ж.Цэвээний нэрийн ард "и женщ Бадмажап" гэж, гурав дахь өдрийн хуралдаанд тус хурлаас сонгогдсон Төв Хорооны гишүүдийн бүрэн эрхийн тухай өгүүлсэн хэсэгт "Уместно поставить слово "не определять" (Заметка переводчика)" гэсэн тэмдэглэлийг орчуулагч бал харандаагаар хийжээ .

Зөвлөгөөний орос товч тэмдэглэлийн монгол орчуулгыг 22x34 см хэмжээтэй 4 хуудас тууш шугамтай цаасан дээр хөндлөн байрлалтайгаар, бал (хорон?) харандаагаар хоёр талд нь бичжээ.6  Орчуулагч тэмдэглэлийг орчуулах явцдаа бал харандаагаар зарим оруулга, засвар хийсэн байна. /Хавсралт №5/

     Зөвлөгөөний тэмдэглэлийг монгол, орос хэлээр хөтөлсөн нь уг зөвлөгөөний баримт бичигтэй Коминтерний болон ЗОУ-ын төлөөний хүмүүс танилцах шаардлагаас үүдсэн бололтой. Орос тэмдэглэл, түүний монгол орчуулгын бичгийн хэлбэр, хэл найруулгыг ажиглавал буриад хүн бичсэн гэж хэлж болмоор. Зөвлөгөөний гурван өдрийн хуралдаанд Ц.Дамбадорж, Д.Дашцэвэг, Ж.Дэжид-Осор, Ц.Баламсуу нар бичээч (нарийн бичгийн дарга -Г.Д .)-ид сонгогдон ажиллаж байсан. Монгол, орос тэмдэглэл, орос тэмдэглэлийн монгол орчуулгыг нэг цаг хугацаанд буюу ойролцоо үед бичсэн байх бөгөөд хурлын орос тэмдэглэл хөтлөгч, түүнийг орчуулагч нь монгол тэмдэглэлтэй танилцаж, түүнд байгаа оруулгыг хийсэн бололтой. Монгол тэмдэглэлд хийсэн оруулгыг орос тэмдэглэл, түүний орчуулгатай адил сурагч бэхийн өнгөтэй болон бал харандаагаар хийжээ. Монгол тэмдэглэлд оруулга хийгчид уг тэмдэглэлд орхигдсон утга санаа, үг хэллэг бүрийг нэмж оруулах зорилт тавьсангүй, зөвхөн уншиж танилцах явцдаа монгол тэмдэглэлийн утга санааг тодотгоход шаардлагатай ганц нэг үг, хүний нэрийг нэмсэн байна. Энэ нь монгол, орос товч тэмдэглэл нь тус тусдаа хөтлөгдсөн, биеэ даасан хүчин төгөлдөр эхүүд болохыг харуулна.

      Зөвлөгөөний монгол, орос товч тэмдэглэлд хурлын нэр, бүрэлдэхүүн, зохион байгуулалтын асуудлыг нэлээд зөрүүтэй тэмдэглэжээ. Монгол тэмдэглэлд, "Хурлын бичиг" "Монгол Ардын Намын хурлын бичиг" хэмээснийг орос тэмдэглэл, түүний орчуулгад "Протокол совещания членов Монгольской Народной Партии", "Протокол совещания членов Монгольской Народно-Революционной Партии", "Хурлын тогтоол", "Монгол Ардын Хувьсгалт Намын гишүүдийн хурлын тогтоол" гэжээ. Тухайн үеийн монгол хэлэнд "хурал" "зөвлөгөөн" (совещания) гэдэг үг нь утгын хувьд ижил байв. Харин гуравдахь өдрийн хуралдааныг өмнөх хоёр өдрийн хуралдаанаас ялгаж, тусгай өөр тэргүү өгсөн нь тодорхой учир шалтгаантай юм. Тодруулбал, Эхний хоёр өдрийн хуралдаан нь МАН-ын гишүүд, Ардын журамт цэрэг, зарим хошуудын төлөөлөгчид оролцсон хувьсгалчдын өргөтгөсөн зөвлөгөөн байж,  хэлэлцсэн гол асуудал нь Монгол орны улс төрийн байдалд дүн шинжилгээ хийж, улс орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх нийт ард түмний хэрэг байсан бол гурав дахь өдрийн хуралдаан нь дан намын гишүүдээс бүрдэж, намын зохион байгуулалт, мөрийн хөтөлбөр зэрэг зөвхөн намын өөрийнх нь дотоод асуудлыг хэлэлцжээ. 

     1922 оны эхээр "Бошгийг халах”  “Хувьсгалт" гэдэг үгтэй холбогдон намын нэрийн тухай асуудал сөхөгдөхөд, уг асуудлыг хэлэлцсэн Намын Төв Хорооны тэргүүлэгч гишүүдийн 4-р хурлын тогтоолд, Бидний Ардын Намыг Хиагтын газраа үүссэн анхан дор гадаадад нэвтрүүлэх бичигт тус хороог Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо хэмээн зарласан"7 гэжээ. Ийнхүү Хиагт хотноо хуралдсан тус хурлаас дотоодод нэвтрүүлэх бичигт "Монгол Ардын Нам", гадаадад нэвтрүүлэх бичигт "Монгол Ардын Хувьсгалт Нам" гэж бичиж байхаар тогтоосон нь хурлын тэмдэглэлд тусгалаа олжээ. 1921 оны  гурав дугаар сарын 1-ний өдрийн хурлын орос тэмдэглэлийн эхэнд "Монгол Ардын Нам", "Ардын Нам" (Нар- партий) гэж бичиж байснаа хурлын төгсгөлд тэр өдрийн хуралд оролцогсдын нэрсийг жагсаан бичихдээ "Список членов Монгольской Народно-Революционной Партии, участвовавших на совещании 1 марта 1921 года" (1921 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн хуралд оролцсон Монгол Ардын Хувьсгалт Намын гишүүдийн нэрс) хэмээн бичиж, түүнээс хойших тэмдэглэлд ямагт "Хувьсгалт" гэдэг тодотголтой бичих болсноос үзвэл, дээр дурдсан шийдвэрийг чухам эл өдрийн хуралдаанаас гаргасан бололтой.

      Монгол тэмдэглэлд, 1921 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанд "Монгол Ардын Намын төлөөлөгчид ба гишүүн нар, мөн намын захирал ба төлөөлөгчид болон хэдэн хошууны төлөөлөгч нар, Олон улсын хоорондох Эв хамтын олон намуудын Алс Дорно дахь хорооны газраас томилон гаргасан хүмүүсийн хамт арван долоон хүмүүн нар" хуралдсан гэжээ. Орос тэмдэглэл, түүний монгол орчуулгад "Монгол Ардын Намын гишүүд" хэмээн тэмдэглэгдэгсдийг энд "Монгол Ардын Намын төлөөлөгчид ба гишүүн нар" гэж заагтай тэмдэглэсэн нь сонирхолтой юм. Энэ нь 1920 оны 6-р сарын 25-нд "Монгол Ардын Нам"-ыг тулгар байгуулахад анхлан гишүүн болж, улмаар ЗОУ-д намын төлөөлөгчөөр томилогдон ажилласан С.Данзан, Д.Сүхбаатар, Д.Лосол нарыг хожим намын хэрэгт хүчин туслалцах болсон Б.Пунцаг, Далай, Ц.Дамбадорж, Д.Бадарчин нарын зэрэг нөхдөөс ялган тэмдэглэсэн хэрэг бололтой. Орос тэмдэглэлд, С.Данзанг "Ардын Намын бүрэн эрхт төлөөлөгч", "Ардын Хувьсгалт Намын бүрэн эрхт төлөөлөгч" гэж удаа дараа цохон тэмдэглэсэн нь ийм сэтгэгдэл төрүүлж байна. И.Сороковиков "Ардын Намыг 12 хүртэлх хүнтэй төлөөлөгчдийн хороо толгойлж байв. Нууц ажлын шаардлагаас болж төлөөлөгчдийн тэрхүү хороог албан ёсоор эмхлэн байгуулаагүй юм.Тийнхүү эмхлэн байгуулах ажлыг хоёр сарын дараа гуйцэтгэж хорооны даргаар Данзанг, нарийн бичгийн даргаар Сүхбаатар сонгогдсон билээ"8 гэжээ. 1920 оны эцэс, 1921 оны эхээр гаргасан хэд хэдэн баримт бичигт С.Данзан "Председатель Чрезвычайной делегации Монгольской Народно-Революционной Партии" (Монгол Ардын Хувьсгалт Намын онц эрхт төлөөлөгчдийн дарга ), "Председатөль Заграничного бюро Монгольской Народной Партии" (Монгол Ардын Намын хилийн чанад дахь товчооны дарга ) гэж гарын тэмдэг тавьсан байдаг.Монгол тэмдэглэлд, "намын захирал ба төлөөлөгчид" хэмээсэн нь утгын хувьд ташаарал болно. Зүй нь "намын цэргийн захирал ба төлөөлөгчид" гэж байвал зохино. Ардын журамт цэргийг анх байгуулахдаа намын нэрийн өмнөөс байгуулж байсан, тиймээс ч орос тэмдэглэл, түүний орчуулгад "представителей командования и войсковых частей Нарпартии" "Ардын намын цэргийн удирдах бүрэлдэхүүний ба цэргийн ангийн төлөөлөгчид" гэж зөв тэмдэглэсэн байна.

     Эндээс үзвэл, монголын хувьсгалчдын эхний хоёр өдрийн хуралдаан нь; а) "МАН -ын төлөөлөгчид б) "МАН"-ын гишүүд в) намын цэргийн удирдах бүрэлдэхүүний болон, г) намын цэргийн салбар ангиудын төлөөлөгчид д) орон нутгийн (зарим хошуудын-Г.Д.) төлөөлөгчид д) Коминтерний Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын газрын албан хаагчдын бүрэлдэхүүнтэй хуралджээ. Жич, Нийслэл Хүрээнд суух Зөвлөлт Орос Улсын Гадаад хэргийн ардын комиссариатын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон боловч цагийн самуунаас шалтгаалан Монгол Улсын хил нэвтэрч чадалгүй Троицкосавск хотод сууж ажил хэргээ явуулж байсан О.И.Макстеник ЗОУ-ыг төлөөлөн уг хуралдаанд оролцсон нь дамжиггүй бизээ. Эхний өдрийн хуралдаанд 17 хүн оролцсоныг монгол, орос тэмдэглэлд адил тэмдэглэжээ. Тэгэхдээ монгол тэмдэглэлд, хуралдаанд оролцогсдын нэрсийг тусгай жагсаан бичсэн гэсэн боловч тэр цэс нь алга байна. Орос тэмдэглэлд тэдгээр 17 хүн нь "таслах эрхтэй" оролцсон гэсэн. Монгол тэмдэглэлд энэ тухай дурдсангүй, тухайн үед манай хувьсгалчид өөрсдийн хуралдаанд оролцогсдод "таслах эрх", "зөвлөх эрх" олгодог практик байгаагүй бизээ. Харин орос тэмдэглэл, түүний орчуулгад 3 дахь өдрийн хуралдаанд оролцогсдыг мөн "таслах эрхтэй" хэмээсэн атал 2 дахь өдрийн хуралдаанд оролцогсдыг монгол тэмдэглэлд нэгэнтээ "хуралдах эрхтэй" гэж тэмдэглэсэнчлэн, "...имеющих право участия на Совещании" "хуралд суух эрхтэй" гэж тэмдэглэсэн нь сонирхолтой. Энэ нь зөвлөгөөний монгол, орос тэмдэглэлийг тусдаа хөтөлсөн боловч Коминтерний нөхдийн хурал, зөвлөгөөн зохион байгуулах туршлага манай хувьсгалчдын үйл ажиллагаанд тусгалаа олж байсны илрэл гэлтэй.

       Монгол, орос тэмдэглэл нь нийт 3 өдрийн хуралдаанд чухам аль нутгийн, хэн хэн оролцсоныг тогтооход бие биеэ нөхвөрлөх чанартай. Эхний болон төгсгөлийн өдрийн хуралд 17, 26 хүн оролцсоныг адил тэмдэглэсэн байх боловч монгол тэмдэглэлд байхгүй хуралдаанд оролцогсдын нэрсийн жагсаалт орос тэмдэглэлд бий. Тэгэхдээ гурав дахь өдрийн хуралдаанд оролцогсдын нутгийн харьяаллыг тус бүрт нь зааснаараа онцлог. Монгол, орос тэмдэглэлд, хоёр дахь өдрийн хуралдааныг "хуралдах эрхтэй" 19 хүний бүрэлдэхүүнтэй нээсэн хэмээн адил тэмдэглэсэн. Гэвч орос тэмдэглэлийн тэр өдрийн хуралдаанд оролцогсдын нэрсийн жагсаалтад Ж.Цэвээний нэрийн ард орчуулагч бал харандаагаар "и женщ.Бадмажап” гэж нэмжээ. Тэгвэл орос тэмдэглэлийг баримталбал, энэ өдрийн хуралдаанд 20 хүн оролцсон болж байна. Гэтэл монгол тэмдэглэлд, хоёр дахь өдрийн хуралдаанд, "Ардын намын суртал"-ыг дагахаар 24 хүн нэрсээ бүртгүүлснийг нутгийн харьяаллаар нь тэмдэглэжээ. Үүнд, орос тэмдэглэлд бичигдсэн Далайн нэр хасагдаж, Б.Амаржаргал, О.Баярт, Н.Дэндэвдорж, Сэнгэ, Т.Юүрэндамба нарын нэр нэмэгджээ. Ийнхүү монгол, орос тэмдэглэлийг солбицуулан нягталбал, энэ өдрийн хуралдаанд нийт 25 хүн оролцсон байна. Гуравдахь өдрийн хуралдаанд оролцсон 26 хүний дотроос Ц.Лувсан хоёр дахь өдрийн хуралдаанд оролцоогүй аж. Хуралд оролцогсдын тоо зөрүүтэй тэмдэглэгдсэн нь хурлын дундуур Б.Амаржаргал, О Баярт, Н.Дэндэвдорж, Сэнгэ, Т.Юүрэндамба (Ц.Бадамжав) нар нэмэгдсэн, Далай хурлын ажиллагаанд гүйцэд оролцож чадаагүй буюу "Ардын Намын суртал"-ыг зөвшөөрөн дагагсад нэрсээ бичүүлэхэд ямар нэгэн шалтгаанаар нэрээ тэмдэглүүлээгүйтэй холбоотой юм.

       Орос тэмдэглэлд, 1921 оны гурав дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанд "МАХН-ын таслах эрхтэй 26 гишүүн" хуралдсан гэх боловч монгол тэмдэглэлд "МАН-ын 26 хүмүүс ба гишүүн нар" (онцлов. Г.Д.) хуралдсан гэж аанай заагтай тэмдэглэжээ. Хэдийгээр нэр дурдагдсан 26 хүмүүс бүгд "намын хүмүүс"-т тооцогдон намын хуралд суулцсан боловч тэдгээрийн 24 нь "намын суртал"-ыг хүлээн зөвшөөрч, албан ёсоор "намын гишүүн"-д тооцогдох болсноор энэ ялгаа тайлбарлагдах бололтой. Үүнтэй зайлшгүй холбогдуулан авч үзвэл зохих нэгэн баримт ҮТА-т хадгалагдаж байдаг. "Олноо өргөгдсөний арван нэгдүгээр он цагаан сард Алтанбулаг хотод анхан жинхэнэ гишүүн бологсод" хэмээх уг бичигт 26 хүний нэр бичигдсэн нь намын анхдугаар их хуралд оролцсон 26 хүний нэрсээс нэлээд зөрүүтэй байдгийн гадна уг хуралд оролцсон боловч "намын суртал"-ыг дагагсдын нэрсэд нэр дурдагдаагүй хоёр хүний нэг Далайн нэр байдаггүй юм.

       Монгол, орос тэмдэглэлд, зарим хүний нутгийн харьяаллыг зөрүүтэй тэмдэглэжээ. Тухайлбал, монгол тэмдэглэлд Ж.Дэжид-Осорыг Сайн ноён хан аймгийн Сайн ноён ханы хошууны харьяат гэсэн бол орос тэмдэглэлд С.Данзан, Далай нарыг Сайн ноён хан аймгийн Сүжигт бэйс Сандаг-Очирын хошууны харьяат гээд тэдний нэрийн хойноос Далайн нэрийг бичихдээ нутгийн харьяаллыг бичилгүй шууд ижилтгэсэн тэмдгээр тэмдэглэжээ. Орос тэмдэглэлийн орчуулагч түүнийг монголчлохдоо "мөн аймаг ба хошууны" гэсэн үгсээр өмнөх С.Данзан, Далай нартай адилтгажээ. 1934 онд хэвлэгдсэн Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид нарын хамтын бүтээлд, "МАН-ын суртал"-ыг дагаж, нэрсээ бүртгүүлсэн 24 хүний бүртгэлд Ж.Дэжид-Осорыг С.Данзангийн нутгийн харьяаллаас ялгаж, "Сайн ноён хан аймгийн Сайн ноён ханы гол хошуу Дэжид-Осор"10 (онцлов-Г.Д) хэмээн тодотгосон байна. 1929 онд Ж.Дэжид-Осор намын 2-р цэвэрлэгээний бүртгэлд бичихдээ "уул нутаг" гэсэн асуултад "Дотоод Монголын Баарин баруун хошууны Хулстай хэмээх газар", "ямар ямар захиргаа, хэддүгээр хороо, хашаа арван болох" гэдэг асуултад "Богд ханы Ноён уулын хошуу мөн сумын, эдүгээ тус хотын 3-р хорооны 1-р арваны 10-р хаалганы хувийн хашаанд сууна"11 гэж хариулжээ.

    Орос тэмдэглэлд, гурав дахь өдрийн хуралдаанд оролцсон Ц.Лувсанг Их шавийн Эрхмийн отогийн харьяат гэж тодорхой заасан атал монгол орчуулгад түүний нутгийн харьяаллыг "мөн шавийн" гээд "отог"-ийг нь тодорхой бус шалтгаанаар тавилгүй орхижээ. Монгол, орос тэмдэглэлд, С.Данзангийн харьяат хошууны засаг ноёны хэргэмийг "бэйл" "бэйс" гэж зөрүүтэй тэмдэглэсэн. Уг нь тус хошууны засаг ноён нь бэйсийн зэрэг Сүжигт гүн Сандаг-Очир юм. Зөвлөгөөний монгол, орос тэмдэглэлд, эхний болон гурав дахь өдрийн хуралдаан "Дээд шивээ", "Троицкосавск", "Хиагт" хотноо хуралдсан хэмээн тэмдэглэсэн боловч чухам ямар байранд хуралдсаныг заасангүй. Монголын хувьсгалчдын гурван өдрийн хуралдаан нь нэлээд олон цагаар, ажил хэрэгч байдалд явагдаж өнгөрчээ. Өдөр тутмын хуралдааны эхэлсэн, төгссөн цагийг монгол, орос тэмдэглэлд гүйцэд тэмдэглэсэнгүй. Эхний өдрийн хуралдааны эхэлсэн цаг нь тодорхойгүй боловч орос тэмдэглэлд өгүүлснээр шөнийн 23 цаг хүртэл хуралдаад маргааш өдөр нь үргэлжлүүлэн хуралдахаар тогтож завсарлажээ. Монгол, орос тэмдэглэлд тэмдэглэснээр хоёр дахь өдрийн хуралдаан өдрийн 15 цагт эхэлж, орос тэмдэглэлд өгүүлснээр оройн 18 цагт өндөрлөжээ. Гурав дахь өдрийн хуралдаан монгол тэмдэглэлд тэмдэглэснээр өдрийн 12 цагт эхэлж, 16 цагт төгсжээ.

     Монгол, орос тэмдэглэлд зөвлөгөөнд хэлэлцсэн асуудлын агуулгыг тэмдэглэхдээ нэлээд ялгаатай тэмдэглэсэн. Монгол тэмдэглэлээс орос тэмдэглэл нь агуулгын хувьд харьцангуй баялаг. Гэвч энэ нь монгол тэмдэглэлийн үнэ цэнийг бууруулах үзүүлэлт бус. Учир нь, монгол, орос тэмдэглэл нь харилцан бие биеэ нөхвөрлөх чанартай. Жишээлбэл, эхний хоёр өдрийн хуралдаанд С.Данзангийн илтгэлтэй холбогдон асуулт хариулт, санал шүүмжлэл явагдсан, С.Данзан хоёр, гуравдугаар өдрийн хуралдааныг нээсэн, хоёр дахь өдрийн хуралдаанаас Ардын Намын цэргийн штабт тусгай эрх үүрэг олгосон, штабын мэдэлд Ц.Дамбадорж, Д.Дашцэвэг нарыг томилсон, гурав дахь өдрийн хуралдаанд С.Данзан, Д.Сүхбаатар нарын хэлсэн үг, намын хүчнийг хил орчмын нутаг төвлөрүүлэх болсон шалтгаан, шинээр байгуулагдсан Намын Төв Хорооны даргад С.Данзан, гишүүдэд Д.Лосол, Ц.Дамбадорж нарыг санал нэгтэй сонгосон тухай заалт монгол тэмдэглэлд байхгүй бол эхний хоёр өдрийн хуралдааны хэлэлцэх хэргийн нэгдүгээрхийг хэрхэн шийдвэрлэсэн шийдвэр, МАН-ын суртлыг хүлээн зөвшөөрч, намд гишүүнээр элсэгчдийн бүртгэл орос тэмдэглэлд орхигдсон байна.

     Мөн монгол, орос тэмдэглэлийн аль алинд нь тэмдэглэгдсэн зарим заалт бие биеэ тодотгох чанартай байна. Жишээ нь, эхний өдрийн хуралдаанд С.Данзангийн хийсэн илтгэл нь 3 хэсгээс бүрдэж байгаагийн нэгдүгээрт, "освобождение от китайского ига" "хятадын дарлагдлаас ангижирсан удаагийн тухай" асуудал байсан гэж орос тэмдэглэл, түүний орчуулгад тэмдэглэсэн нь монгол тэмдэглэлд, "манай монголчууд харьяат улсын доторх харгис самууныг устган хурааж, өөрсдийн шашин суртлаа, нутаг үндсээ ариутган хамгаалж, тусгаар нэгэн улс болон тогтнох явдлыг гол болгон зүтгэсүгэй" хэмээн нэлээд өргөн утгатайгаар оржээ. "Монгол Ардын Намаас түмэнд тунхаглан зарлах бичиг"-ийг баталсан тухай заалтыг монгол тэмдэглэлд, "Монгол Ардын Намын дүрмийг товчлон арван зүйлээр бичиж батлав" гэж тодотгожээ. МАН-ын цэргийн штабт 5 хүн сонгохоор тогтсоны гурав нь монголоос, хоёрыг нь "улаанаас" залах, монгол гишүүдийн нэгэнд С.Данзанг "түр" сонгосон гэсэн монгол тэмдэглэлийн утга санааг орос тэмдэглэл, түүний орчуулгад "Постановлено организовать Штаб из пяти лиц, трое из них избирается из среди членов Нарревпартии, а двое должны быть привлечены из лиц , командированных Коминтерном. Начальником Штаба избирается Командующий Войсками Нарревпартии т.Сухэбатор, а членами Штаба т.т. Данзан и Беликсайхан, первый из них временно до приглашения специалиста." "Мөн Штаб хэмээхэд 5 хүмүүн сонгож, үүнээс намын гишүүдээс 3 хүмүүн ба үлдсэн 2-ыг Коминтернээс томилогдсон хүмүүсийг татан хандуулж томилохоор тогтов. Штабын даргын тушаал үүрэгт хувьсгалт намын цэргийн жанжин Сүхбаатар, гишүүдэд Данзан ба Билэгсайханыг сонгосон боловч эдгээрээс Данзан хэмээх нь тусгай дадал мэргэжлийг олсон хүмүүн урин ирүүлэх хүртэл түр сонгогдов" гэжээ. Монгол тэмдэглэл дэх "Дэлхий дэх олон улсын намуудын хорооноо найрамдлыг зузаатгах баярын цахилгаан мэдээ" явуулсан тухай заалтыг орос тэмдэглэлд, уг цахилгааныг Коминтерний төлөөлөгч Б.З.Шумяцкийд явуулсан гэж нэр заан бичжээ. Энэ мэт жишээг монгол, орос тэмдэглэлээс төвөггүй түүвэрлэн нэмэгдүүлж болно. Зөвлөгөөний монгол, орос тэмдэглэл нь бүрэн гүйцэд бус эх юм. Тухайлбал, орос тэмдэглэлд Коминтерний зохих байгууллагад, Б.З.Шумяцкийн нэр дээр цахилгаан утас, монгол, орос тэмдэглэлд Монгол Ардын Намаас түмэнд тунхаглан зарлах бичиг, түүний оршлыг хавсаргасан хэмээн тэмдэглэсэн байх боловч монгол тэмдэглэлд хавсаргагдсан "Монгол Ардын Намаас түмэнд тунхаглан зарлах бичгийн оршил"-оос бусад нь алга байна. Түүнчлэн монгол, орос тэмдэглэл нь хэдийгээр бие биеэ нөхвөрлөх чанартай ч нэгэнт товч тэмдэглэл тул аль алинд нь тэмдэглэгдээгүй орхигдсон чухал санаа, зүйл байхыг үгүйсгэх аргагүй.

     Зөвлөгөөний орос тэмдэглэлийн монгол орчуулга нь биеэ даасан тэмдэглэл биш боловч орос тэмдэглэлийн зарим утга санаа, үг хэллэгийг тодруулан ойлгоход туслах хэрэглэгдэхүүн болно. Жишээ нь; орос тэмдэглэлд "Председатель Совещания т Данзан в 3 часа дня открывает заседание в присутствии 19 человек, имеющих право участия на Совещании. Возобновляется прения по докладу тов.Данзана о текущем моменте и об очередных задачах" гэснийг "Хурлын дарга Данзангаас хурлыг өдрийн 3 цагт нээв. Нөхөр Данзангаас цагийн байдал ба удаа дараа гүйцэтгэх зорилтуудын тухай илтгэсэнд илэрхийлэх санал мэдүүлгүүд үргэлжлэн гарав." гэж орчуулжээ. Монгол орчуулгаас үзвэл, зөвлөгөөний хоёр дахь өдрийн хуралдааны эхэнд С.Данзан "цагийн байдал ба удаа дараа гүйцэтгэх зорилтуудын тухай" дахин "илтгэсэн" болж байна. Орос тэмдэглэлийн монгол орчуулгад зарим ийм сайн тал бий боловч орчуулагч орос тэмдэглэлийн зарим чухал санааг монголчлохдоо орхигдуулсан гэм бий. Жишээ нь, гурав дахь өдрийн хуралдаанаас сонгогдсон Төв Хорооны гишүүдийн бүрэн эрх нь Монгол Хиагтыг чөлөөлсний дараа аль болох богино хугацаанд Төв Хорооноос зарлан хуралдуулах дараачийн бага хурал хүртэл хүчинтэй байна гэсэн чухал санааг орхигдуулжээ.

     1921 оны гурав дугаар сарын 3-нд хуралдсан МАН-ын анхдугаар их хурлаас "Монгол Ардын Намаас түмэнд тунхаглан зарлах бичгийн оршил", "Монгол Ардын Намаас түмэнд тунхаглан зарлах бичиг" хэмээх хоёр үндсэн баримт бичгийг батлан гаргасан. Манай түүх судлалд "МАН-аас түмэнд тунхаглан зарлах бичгийн оршил"-ыг хэвлэн нийтэлж, судалгаанд ашиглахдаа 1921 онд хэвлэгдсэн гэж таамагладаг "Монголын Ардын Намын мөрдвөөс зохих уг үндэсний дүрэм оршив" хэмээх чулуун барын товхимолд хэвлэгдсэн хувилбарыг баримталдаг.12 Гэтэл хэвлэн нийтлэлд баримтлах эхийг тогтооход эн түрүүнд нягтлан үзвэл зохих хэд хэдэн хувилбар бий. Үүнд, хурлын монгол тэмдэглэлд хавсаргасан эх, Ж.Цэвээний бичсэн "Тунхаглан зарлах бичгийн ноорог эх" хэмээн нэрлэгдсэн хувилбар,13 1921 оны долдугаар сард Нийслэл Хүрээг чөлөөлсний дараа АЗГ-ын Дотоод яамнаас Түшээт хан аймгийн чуулган дарга, жанжин нарт илгээсэн бичигт хавсаргасан тунхаглан зарлах бичиг болон түүний оршлыг данснаа хэвтүүлсэн хуулбар,14 Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид нарын 1934 онд хэвлэгдсэн "Монгол Ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүх" зохиолд хэвлэгдсэн хувилбар болно.15  Ж.Цэвээний бичсэн хэмээх энэ оршлыг "28x38 см хэмжээтэй хоёр том хуудас шугамгүй цагаан цаасан дээр сурагч бэхийн өнгөтэй будгийн харандаагаар худам монгол үсгээр мөрийн хооронд уужим зай гарган нэлээд тогтонгуй сийрүүлэн хуулсан", "сийрүүлж хуулах үедээ зарим үгийг ташаа гаргасан, буруу бичиж балласан, ганц нэг үг алгассан газар тохиолдох боловч харин хянаж уншсан дараачийн хүн алдсаныг нь засаж, орхисныг нь оруулах зэргээр хурц үзүүртэй бал харандаагаар залруулсан байна".16 Сонирхолтой нь энэ бичиг болон зөвлөгөөний орос тэмдэглэлийг бичсэн харандааны өнгө ихээхэн төстэй байна. Энэ бичиг нь ихээхэн анхаарал татахуйц хувилбар мөн хэдий ч намын анхдугаар их хурлаас баталсан эх биш юм. 1921 оны долдугаар сард Түшээт хан аймагт илгээсэн бичигт хавсаргасан тунхаглан зарлах бичиг, түүний оршлын хуулбар нь цаг хугацааны хувьд нэлээд эртнийд тооцогдох нь баттай ч түүнийг данснаа хэвтүүлэхдээ илэрхий ташаарсан, бүтэн утга санааг орхигдуулсан газар цөөнгүй. 1934 онд Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид нарын хамтын бүтээлд хэвлэгдсэн хувилбар нь архивын эхээс утгын хувьд онцын зөрөөгүй, гагцхүү төгсгөлд нь "Энэ болбоос цөм капитал ёсны эрх дор бүхүй улсууд бүгд ашигт ханахгүйн бэлхэн гэрч нь мөн” гэхийг “монголын ард түмэн бүгдээрээ мэдэж өөрийн эрх чөлөөг олж авахын төлөөнөө нэгэн хүчээр тэмцэн хөдөлбөл зохино хэмээн үүний тул тунхаглан зарлав хэмээжээ"17  гэсэн үг бий. Энэ хувилбарт буй эдгээр бөлөг үгс нь бусад аль ч эх, хувилбарт байдаггүй, зөвхөн уг номноос хожим дам хуулбарлан хэвлэсэн эмхтгэлд байдаг.18 Бидний санахад, хурлын монгол тэмдэглэлийн ард хавсаргасан тунхаглан зарлах бичгийн оршил нь хэвлэн нийтлэлд баримталбал зохих эх болно. Хурлын монгол тэмдэглэлд, "... Ардын Намын оршил бичиг, эрмэлзэх зүйлүүдийг зохиож, хуралд өргөсөн нь хурлын олон гишүүн нар нэгэн дуунаар сайшаан, энэхүү оршил бичгийг хүлээв... Оршил ба эрмэлзэх зүйлүүдийг тусгай жагсаан бичив" гэжээ. Хурлаас хэлэлцэн баталж, хурлын тэмдэглэлд хавсаргасан оршил бичиг нь дээр дурдсан архивын эх мөн болно. Уг эх бичгийг хурлын тэмдэглэл хөтлөгч сийрүүлэн бичиж, түүнийг нь тухайн цаг үед нь хянан нягталж, зохих засвар, оруулгыг хийсэн байна.

    Хурлын монгол, орос тэмдэглэлд хавсаргасан "МАН-аас түмэнд тунхаглан зарлах бичиг" бидэнд хүрэлцэн ирсэнгүй. Судалгаанд баримтлах эхийг тогтооход эн түрүүнд нягталбал зохих уг бичгийн 3 хувилбар бий. Эдгээр нь Н.Билигсайханаас намын анхдугаар их хурал нээгдэхээс өмнөхөн Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошууны тамгын газарт илгээсэн захидалд хавсаргасан "тунхаглан зарлах бичиг"-ийг дам хуулбарласан хуулбар,19 "Монгол Ардын Намын мөрдвөөс зохих уг үндэсний дүрэм оршив" товхицод хэвлэгдсэн хувилбар,20 "Монголын үнэн" сонины 1921 оны 3-р сарын 25-ны өдрийн №6-д нийтлэгдсэн хувилбар болно.21 Манай түүх судлалд "Монголын үнэн" сонинд нийтлэгдсэн хувилбарыг хэвлэн нийтлэх ажилд эх болгодог. Гэтэл уг хувилбарт дээрх хоёр хувилбар болон 1921 оны 7-р сард Ардын засгийн газраас олон хошуудад илгээсэн "тунхаглан зарлах бичиг"-т байхгүй зарим үг хэллэг нэлээд хувьсгалт байр сууринаас томьёологдон орсон байдаг. Тэдгээрийг "Монголын үнэн" сониныг эрхлэн гаргаж байсан хүмүүс тухайн цаг үеийн байдалд нийцүүлэн нэмсэн бололтой. Н.Билигсайханы захидалд хавсаргасан "тунхаглан зарлах бичиг"-ийн хуулбар нь намын анхдугаар их хуралд хэлэлцүүлэхээр бэлтгэсэн эх мөн боловч хурлаас хэлэлцэн баталсан эцсийн бичвэр биш болно. Иймд, өнөөгийн нөхцөлд "Монголын Ардын Намын мөрдвөөс зохих уг үндэсний дүрэм оршив" товхицод хэвлэгдсэн хувилбарыг хэвлэн нийтлэх ажилд баримтлах эх болгох нь зүйтэй мэт санагдана. Энэ хувилбар нь намын анхдугаар их хуралд хэлэлцүүлэхээр оруулсан хувилбараас утгын хувьд онцын зөрөөгүйгээс гадна түүнийг хэвлэсэн чулуун барын үсгийн хэв "Монголын үнэн" сонины үсгийн хэвтэй их л төстэй байдаг.

     Мөн МАН-аас түмэнд тунхаглан зарлах бичиг, түүний оршлыг тухайн цаг үед нь орчуулсан орос орчуулга нь тэдгээр баримт бичгийн утга санаа, нэр томъёо, зарим үг хэллэгийг тодруулан ойлгоход үнэт сурвалж болдогыг онцлон тэмдэглүүштэй. Дээр дурдсанаас үзэхэд, Монголын хувьсгалчдын түүхт зөвлөгөөний дэлгэрэнгүй тэмдэглэл болон хурлын үндсэн баримт бичиг, түүнтэй зайлшгүй холбон авч үзвэл зохих эх, хувь, хуулбар, хувилбар, өөр редакц, орчуулгын хэрэглэгдэхүүнийг дотооддоо болон ОХУ-ын зохих архивын сан хөмрөгөөс нэмж сурвалжлах, нэгэнт олдсон хурлын монгол, орос товч тэмдэглэл, орос тэмдэглэлийн монгол орчуулга, МАН-аас түмэнд тунхаглан зарлах бичгийн оршлыг сурвалж судлал, бичвэр судлалын үүднээс дахин задлан шинжилж, түүний үндсэн дээр тодорхой судалгааны хамт хэвлэн нийтлэх ажлыг цаашид лавшруулан хийх шаардлагатай байна.

Эшлэл

  1. МУҮТА, УТНОНББА. ХҮХ-2, Д-1, ХН-1, Х.1-7;  ХҮХ-2, Д-1, ХН-3, Х.1-5.
  2. МУҮТА, УТНОНББА. ХҮХ-2, Д-1, ХН-4, Х.1-4
  3. МУҮТА, УТНОНББА. ХҮХ-2, Д-1, ХН-1, Х.8-16
  4. МУҮТА, УТНОНББА. ХҮХ-2, Д-1, ХН-1
  5. МУҮТА, УТНОНББА. ХҮХ-2, Д-1, ХН-3, Х.1-5
  6. МУҮТА, УТНОНББА. ХҮХ-2, Д-1, ХН-4, Х.1-4
  7. “Уриа” сонин 1921.03.29, №15
  8. Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид “Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүх” Хоёрдахь хэвлэл. УБ 1979 он. тал 243
  9. Гадаад харилцааны төв архив. Х-2, Д-1, ХН-1
  10. Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид “Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүх” Хоёрдахь хэвлэл. УБ 1979 он. тал 17
  11. МУҮТА, УТНОНББА. Х-3, Д-1, ХН-67, х.30
  12. “Монгол Ардын Намын мөрдвөөс зохих уг үндэсний дүрэм оршив”.  Чулуун бар. тал 1-17
  13. МУҮТА, УТНОНББА. ХҮХ-2, Д-1, ХН-3, х.6-7
  14. МУҮТА, ТБА. Х-41, Д-1, ХН-3, х.196-198
  15. Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид “Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүх” Доод дэвтэр. УБ 1934 он. тал 19-27
  16. Лха.Бат-Очир “МАН-аас түмэнд тунхаглан зарлах бичгийн оршлын ховор нэгэн орчуулгын тухай”  /МАХН-ын түүхийн асуудал. №13 УБ 1979 он. тал 132-133/
  17. Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид “Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүх” Доод дэвтэр. УБ 1934 он. тал 27
  18. “МАХН-ын түүхийн зарим чухал баримтууд” /1920-1921/ УБ 1946 он. тал 28-33
  19. МУҮТА, ТБА. Х-41, Д-1, ХН-3, х.196-198
  20. “Монгол Ардын Намын мөрдвөөс зохих уг үндэсний дүрэм оршив”.  Чулуун бар. тал 18-20
  21. “Монголын Үнэн” сонин. 1921.03.25. №6

 

1. “Монголын Ардын Намын Төв Хорооны бүх хэргийн шинэ шийтгэн явуулсан данс” хэмээх данс. МУҮТА.  УТНОНББА. ХҮХ-2, Д-1, ХН-1, Х-1

 

2.  Монголын хувьсгалчдын түүхт зөвлөгөөний монгол хэл дээрх товч тэмдэглэл. 1921.03.01-1921.03.03 МУҮТА. УТНОНББА. ХҮХ-2, Д-1, ХН-1, Х.2

 

3.  Монгол Ардын Намаас түмэнд тунхаглан зарлах бичгийн оршил. МУҮТА. УТНОНББА. ХҮХ-2, Д-1, ХН-2, Х.1А

 

4. Монголын хувьсгалчдын түүхт зөвлөгөөний орос хэл дээрх товч тэмдэглэл. 1921.03.01-1921.03.03 МУҮТА. УТНОНББА. ХҮХ-2, Д-1, ХН-4, Х.1

 

5. Монголын хувьсгалчдын түүхт зөвлөгөөний орос хэл дээрх товч тэмдэглэлийн монгол орчуулга. МУҮТА. УТНОНББА. ХҮХ-2, Д-1, ХН-4.

 

Монгол Ардын Намын анхдугаар их хурал хуралдсан байр. Хиагт хот. /1970 он/  МУҮТА.КГЗДАБА. К-46212

 

Монгол Ардын Намын анхдугаар их хурал хуралдсан танхим. Хиагт хот. /1972 он/ МУҮТА.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook