“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-т
img
МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЙГУУЛЛАГЫН АНХНЫ ДАРГА
ДАМДИНЫ ПАГМАДУЛАМ
 

        1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын ялалтын үр дүнд Монголын эмэгтэйчүүд нийгмийн амьдралд идэвхтэй оролцох нөхцөл бололцоо бүрэлдэж, өөрсдийн эрх ашгаа хамгаалах биеэ даасан байгууллагатай болсон юм. Тэрхүү байгууллагын анхны дарга нь их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадулам байлаа.

         Түүхийн хуудас сөхвөл, Д.Пагмадулам нь хуучин Амгаланбаатар хотод төрж, өссөн нэгэн ажээ. Эцэг нь мужаан ард Дамдин, эх нь Балжид гэдэг хүн байв. Тэднийх Их шавийн Барга отгийн харьяат өрх байжээ. Д.Пагмадулам багадаа гэрээр монгол бичиг, хятад ярианы хэл заалгасан тул шаггүй монголтой, хятадаар ойр зуур ярьдаг, бас манж хэлээр ч ном уншдаг, тухайн үедээ чамгүй боловсролтой бүсгүй байжээ. Д.Пагмадулам тэр үеийн бичгийн боловсролтой хүний уншвал зохих зүйлийг төлөв үзсэн учир номтой залуусын тоонд багтаж, олонд ойшоогддог байжээ.

           Д.Пагмадулам Монголын олон нийтийн байгууллагыг үүсгэн байгуулж, бэхжүүлэхэд өөрийн зохих хувь нэмрээ оруулсан, олон нийтийн байгууллагын зүтгэлтэн юм. Тэр 1923 оны 12 сард МАН-д орлогч гишүүнээр элсч, 1925 онд намын 1661 тоот бат илэрхийлэлтэй байв.

       1924 оны 3 сарын 19-нд Д.Пагмадулам, Бадамжав, Бадамцэрэн, Хаснавч, Кобунэ Ринчино нарын намын гишүүн таван бүсгүй Намын Төв Хорооны Ц.Дамбадорж, КИМ-ийн төлөөлөгч Зоригт /Старков/, ЗОУ-ын Элчин төлөөлөгч Юдингийн эхнэр эдгээр гурван хүнийг урьж хамтран хуралдаж, МАН-ын Төв Хорооны Суртлын хэлтсийн дэргэд “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг”-ийг байгуулсан байна. Тасаг нь зохион байгуулалтын хувьд эрхлэгч, нарийн бичгийн дарга, сургагч нэжгээд, суртлыг дэлгэрүүлэгч хоёр орон тоотойгоос гадна бүсгүйчүүдийн хэргийг удирдах үүрэг бүхий зөвлөлийн хуралтай байв. Зөвлөлийн гишүүдэд эрхлэгч, нарийн бичгийн дарга, сургагчаас гадна бүсгүй гишүүн хоёр, орлогчийн хамт байв. Бүсгүйчүүдийн тасаг анх байгуулагдахад эрхлэгч ба нарийн бичгийн даргаар Д.Пагмадулам, сургагчаар Ц.Дамбадорж, зөвлөлийн гишүүдэд Хаснавч, Кобунэ Ринчино, зөвлөлийн орлогч гишүүдэд Бадамжав, Бадамцэрэн нар сонгогдон ажиллажээ.        

        “Бүсгүйчүүдийн тасаг” нь Монголын эмэгтэйчүүдийн дунд явуулах соёл гэгээрэл, хүмүүжлийн ажлыг удирдан зохион байгуулах үүрэг гүйцэтгэж байсан. Тэрхүү тасаг хожмын Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын эх үүсвэр болсон тул Д.Пагмадуламыг Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын анхны дарга гэж үзэж болно. “Бүсгүйчүүдийн тасаг” нь төрөөс Монголын эмэгтэйчүүдийн талаар явуулах бодлогыг боловсруулж, зөвлөлийн хурлаараа тусгай илтгэл бэлтгэж хэлэлцдэг байжээ. 1924 онд, тийм нэгэн хурал дээр Д.Пагмадулам “Гадаад Монголын бүсгүйчүүдийн байдлын тухай”, Гармаа, Бадамжав нар “Буриад Монголын бүсгүйчүүдийн байдлын тухай” илтгэл тавин хэлэлцүүлж байв.

           “Бүсгүйчүүдийн тасаг” нь байгуулагдсаныхаа дараа соёл боловсрол, хүмүүжлийн олон ажил зохиох болсны нэг нь “Бүсгүйчүүдийн сургууль” нээн, хотын доторх намын гишүүн эмэгтэйчүүдийг бичиг үсэгт сургах ажлыг зохион байгуулж байсан явдал юм. Мөн улс төрийн оройн сургууль байгуулж, Монголын түүх, намын түүх, дэлхийн байдал зэрэг хичээлийг зааж байв. “Бүсгүйчүүдийн сургууль”-д анх 20 шахам бүсгүйчүүд сурч байсан бол 1925 оны наймдугаар сард суралцагчдын тоо ная гаруй болсон аж. Сургуульд суралцагчдын тоо өсөхийн хэрээр орон тооны ганц багш нь хүрэлцэхгүй болсон учир тасгийн эрхлэгч  Д.Пагмадулам өөрөө ирж хичээл заадаг болжээ. Зарим эмэгтэйчүүд бүр хүүхдээ дагуулан ирж хамт хичээллэхийн зэрэгцээ бас намын гишүүн бус бүсгүйчүүд ч цөөн боловч ирж хичээллэдэг байсныг бодолцвол эмэгтэйчүүдийн сургууль тухайн үедээ хүмүүсийн сонирхол, анхаарлыг ихэд татаж байжээ. “Бүсгүйчүүдийн сургууль”-д хэл бичиг, тоо бодлогын зэрэгцээ  бага насны хүүхдийг хэрхэн асарч хүмүүжүүлэхийг заадаг байжээ. Сургуульд багш хүрэлцэхгүй байсныг Д.Пагмадулам зохих газарт уламжилж, нэг багш нэмэн авч ажиллуулжээ. 1924 онд гарсан нэг мэдээнд, “Бүсгүйчүүдийн сургууль”-д суралцагч эмэгтэйчүүд “Бичиг үсэг сурах ажилд нийтээр их хичээн оролцож байна. Нам, эвлэлийн гишүүн 72 эмэгтэйгээс 12 нь бичиг мэддэг байсан бол 1925 оны эхээр цөм уншиж, бичиж чаддаг болов” гэсэн байна. Уг сургуулийн зорилго нь эмэгтэйчүүдийг бичиг үсэгт сургахын хамт тэдэнд нам, засгийн бодлого, шийдвэрийг сурталчлан ойлгуулах, улмаар тэдний дотроос нам, эвлэлийн ажилтан нарыг бэлтгэх явдал байв. “Бүсгүйчүүдийн тасаг”-аас эрхлэн хотын нам, эвлэлийн гишүүн эмэгтэйчүүдийг сард 1-2 удаа хуралдуулан, нам, төрийн бодлого, цаг үеийн чухал асуудлыг танилцуулан, түүнийг хэрэгжүүлэх талаар заавар, зөвлөгөө өгөхийн хамт тэмдэглэлт үйл явдал, цаг үеийн ажлыг тохиолдуулан кино зэрэг уран сайхны үзүүлбэр үзүүлэх, тусламж хандив цуглуулах ажил зохиодог байжээ. Жишээ нь, 1924 онд “Бүсгүйчүүдийн тасаг” зуд турханд нэрвэгдэгсдэд туслах хөдөлгөөн өрнүүлж, мянга гаруй янчааны хандив цуглуулж байв.

      1925 оноос эхлэн “Бүсгүйчүүдийн тасаг”-аас эрхлэн “Монголын эмэгтэйчүүдийн санал” сэтгүүлийг гаргаж, мөн ондоо гурван дугаарыг хэвлэн тархаажээ. Энэ сэтгүүл бол хожмын “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн эх үүсвэр юм.

        “Бүсгүйчүүдийн тасаг” нь намын гишүүн эмэгтэйчүүдийг зохион байгуулж, намын баяр ёслолд нийтээр жагсах, индэр дээрээс үг хэлэх, хурлын газар баяр хүргэх зэргээр улс төрийн үйл ажиллагаанд оролцдог байв. Тухайлбал, Д.Пагмадулам 1924 онд МАХН-ын III их хуралд оролцож, Монголын эмэгтэйчүүдийн өмнөөс баяр хүргэж үг хэлжээ. Тэр хэлсэн үгэндээ, “Манай улс ...  ардын засгийг байгуулах хүртэл харьяат улсын олон бүсгүйчүүдийг ер эрдэм гэгээрэл элдэвт боловсруулж, эрх чөлөөг эдлүүлсэн зүйлгүй, ямагт харанхуй мунхгаар халхлан төөрүүлж явсан нь үнэхээрийн гашуудалтай бөгөөд одоо ардын засгийг байгуулаад, олон бүсгүйчүүдийг эрдэм соёлд боловсруулан, эрх чөлөөг эдлүүлэн, эрэгтэй эмэгтэй хэмээн ялгаварлахгүй болгон эртний бүдүүлэг суртлыг устгасан учир, бидний бүсгүйчүүдээс ардын намын гишүүн болж, үзэл суртал лугаа танилцаж, эрдэм боловсролын зүйлийг оролдож, бидний бүсгүйчүүд бүгдээр баярлавч барахгүй бөгөөд одоо үүнээс урагш бидний бүсгүй гишүүдийн хүсэж горилсон зүйлийг улмаар бататган дэлгэрүүлж, эрх чөлөөг эдлүүлэх зэргийг намын нөхдөд итгэхээс гадна ялангуяа Хүрээ, хөдөөний олон бүсгүйчүүдэд нэгэн адил эрх чөлөөг эдлүүлэн, эрдэм соёлд боловсруулан, улсын хэрэгт хэр чинээгээр зүтгэцгээхийг эрмэлзсэн саналыг туйлд хүргэхийг ихэд итгэж горилно. Бүх Монголын бүсгүйчүүд эрдэм боловсролд дэвшин хөгжиж, эрх чөлөөг эдэлтүгэй” хэмээн, 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал Монголын эмэгтэйчүүдэд эрх чөлөөтэй аж төрж, сурч гэгээрэх замыг нээж өгснийг тэмдэглээд, Монголын бүсгүйчүүдийн ирээдүйд итгэж байгаагаа илэрхийлсэн байна.  

      1925 оны намар Д.Пагмадулам өөрийн нөхөр Д.Нацагдоржийн хамт ЗОУ-ын Ленинград хотноо сургуульд суралцахаар оджээ. Тэд Ленинград хотод хүрэлцэн очоод Д.Нацагдорж Н.Г.Толмачевын нэрэмжит Цэргийн улс төрийн академийн дэргэдэх нэг жилийн курст, Д.Пагмадулам Дорно дахины хэлний дээд сургуульд элсэн суралцжээ.

    Д.Пагмадулам 1926 оны зун сургуулийн амралтаар нутагтаа ирсний дараа мөн оны намар Герман улсад суралцахаар Д.Нацагдоржийн хамт явсан байна. Тэрбээр, Герман улсын Берлин хотноо гадаадын иргэдэд зориулсан герман хэлбичгийн сургуульд суралцаж байгаад, 1927 оны 6-р сард Лайпциг хотод шилжиж, 1928 оны 11 сар хүртэл бүсгүйчүүдийн нэгэн хувийн дунд сургуульд суралцахын зэрэгцээ гэрээр хөлсний багшаар герман хэлбичиг заалгаж байгаад, 1929 оны хавраас хүн эмнэлгийн лабораторийн сургуульд орж суралцжээ.

      Гэвч төдий л удалгүй мөн ондоо Коминтерн, ЗХУ-аас манай улсад үзүүлж байсан нөлөө, даралт шахалт, зүүнтнүүдийн алдаатай бодлогын уршгаар Герман, Франц улсад суралцаж байсан монгол сурагчдыг гэдрэг татахад өөрийн нөхөр Д.Нацагдоржийн хамт Герман улсаас татагджээ. Д.Пагмадулам нутагтаа буцаж ирсний дараа сэтгэл санаа тогтворгүй болж, хүмүүст уруу татагдан архи, тамхинд орж, 1930 онд Д.Нацагдоржоос салжээ. Түүнээс хойш амьдрал нь уруудсаар түүхийн баримт, тухайн үед амьдарч агсан хүмүүсийн дуртгал, дурсамжинд нэр нь бараг тэмдэглэгдэхээ больжээ. Хэдийгээр Д.Пагмадуламын амьдралын сүүлчийн жилүүд тухайн үеийн хэлмэгдүүлэлтийн уршгаар эрээнтэй бараантай өнгөрсөн хэдий ч тэрбээр 1920-иод оны үеийн Монголын боловсролтой цөөн тооны эмэгтэйчүүдийн нэг, Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг үүсгэн байгуулахад оролцож, анхны даргаар нь ажиллаж байсан Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын ууган зүтгэлтний нэг байв.

Д.ПАГМАДУЛАМЫН НЭГЭН ХОВОР ГЭРЭЛ ЗУРАГ

       Д.Пагмадуламын намтар судлалд шинээр нэхэн тодруулах асуудал болон дахин нягтлавал зохих харилцан зөрүүтэй мэдээ сэлт агуулсан, дурсамж, дуртгал, санал дүгнэлт цөөнгүй бий.

Бид сүүлийн жилүүдэд Д.Пагмадуламын намтарт холбогдох нэлээд тооны баримт шинээр илрүүлсэн юм.Тэдгээрээс Д.Пагмадуламын нийгэм улс төрийн үйл ажиллагаанд холбогдох нэгэн сонирхолтой гэрэл зургийг толилуулж байна. 

        Толилуулан буй гэрэл зургийг Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойд зориулж, Архивын салбарт хамтран ажиллах Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын шугамаар Улаанбаатар хотод 2011 оны 9- р сард хамтран гаргасан “Монгол-Оросын харилцаа-XX зуун” сэдэвт архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнд  Орос улсын Нийгэм, улс төрийн түүхийн төв архиваас ирүүлсэн  юм.

         Уг гэрэл зургийн тайлбарт, “  Между 17 июня – 8 июля 1924 г.

Члены монгольской делегации Янжмаа (жена Сухэ-Батора) – в центре и Пагмадулан (жена Нацаг Доржа, одного из основателей  монгольской литературы) в перерыве между заседаниями 5-го конгресса Коминтерна.

        /Коммунист Интернационалын V бага хурлын завсарлагааны үеэр Монголын төлөөлөгч Янжмаа (Д.Сүхбаатарын гэргий) –голд нь, Пагмадулам (Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчийн нэг Д.Нацагдоржийн гэргий) нар. 1924 оны 6 дугаар сарын 17-7 дугаар сарын 8.

  РГАСПИ. Ф.492. Оп.2. Фотография № 89.” гэж бичсэн байна.

             Д.Пагмадуламын намтарт Москва хотноо 1924 оны 6-р сарын 17-ноос 7-р сарын 8-нд хуралдсан Коммунист интернационалын V бага хуралд Монголын төлөөлөгчөөр оролцсон тухай ямар нэгэн тэмдэглэл байдаггүй. Мөн Д.Пагмадулам         1925 онд явагдсан Намын анхдугаар цэвэрлэгээний “МАХН-ын гишүүдийн нэр зэргийн бүртгэл хуудас” хэмээх бүртгэлийн “Хаа хаа гадагш явсан” гэсэн хүснэгтэд, “Үгүй” гэж хариулсан байдаг.                         

        Иймд, Д.Пагмадуламын шинээр толилуулж буй гэрэл зургийг цаашид нягтлан судлах шаардлага судлаачдын өмнө тулгарч байна.  

 

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МАЗУГ-ЫН

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН Г.ДАШНЯМ /Ph.D/

   

 

 

 

 

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook