“МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЕРӨНХИЙ САЙД САЙН НОЁН ХАН Т.НАМНАНСҮРЭН-140” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ БАЙНА
img

“МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЕРӨНХИЙ САЙД САЙН НОЁН ХАН Т.НАМНАНСҮРЭН-140” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ БАЙНА

Сайн ноён хан Т.Намнансүрэн нь 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд сэргээн байгуулагдсан Монгол улсын тусгаар тогтнолыг бататган хамгаалах, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх, нийт монгол угсаатнаа нэгтгэсэн Нэгдсэн Монгол улс байгуулахын төлөө мятаршгүй тэмцсэн тууштай эрх оронч, хүн төрлөхтний хөгжлийн эрчимт гольдролд нэгдэн, Монгол Улсын бүхий л салбарт шинэчлэл хийх үйлсийг тэргүүлэгч, шинэтгэгч, дэвшилт ардчилсан үзэлтэн, XX зууны Монгол төрийн нэрт зүтгэлтэн юм.

Архивын ерөнхий газар нь Сайн ноён хан Боржигон овогт Төгс-Очирын Намнансүрэнгийн мэлмий гийсний 140 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей болон “Сайн ноён хан" сантай хамтран “МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЕРӨНХИЙ САЙД, САЙН НОЁН ХАН ТӨГС-ОЧИРЫН НАМНАНСҮРЭН-140” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зураг, баримтат кино, эд өлгийн үзэсгэлэнг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монголын Үндэсний музейд нээж, гадаадын 60 гаруй, дотоодын 1000 гаруй иргэдэд толилууллаа.

Тус үзэсгэлэнд Сайн ноён хан аймгийн ноёд, тайж нарын гэрийн үеийн бичмэл, Сайн ноён хан хошууны нутгийн зураг, Сайн ноён хан Т.Намнансүрэнг төрийн албанд томилсон, чөлөөлсөн, шагнасан зарлигууд, Богд хаанд айлтгасан айлтгал, буулгасан зарлиг, Хаант Орос улсад айлчилсан айлчлал, түүний гэр бүл, төрөл төрөгсдөд холбогдох олон сонирхолтой ховор баримт бичиг, гэрэл зураг, баримтат киноноос гадна түүний хэрэглэж байсан дөрвөд бадамтай, дөрвөн хөлтэй тулга, Хаант орос улсаас Монгол Улсын Бүгд ерөнхийлөн захирах сайд, Бүрэн эрх барих Элчин сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэнд дурсгасан мөнгөн хайрцаг /1914.11.11/ зэрэг биет үзмэрүүд багтсан юм.
Мөн бидний дараагийн арга хэмжээ болох “МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЕРӨНХИЙ САЙД САЙН НОЁН ХАН Т.НАМНАНСҮРЭН-140” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнтэй хамтран өнөөдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Шинжлэх Ухааны Академийн хурлын танхимд зохион байгуулж байна.

Энэхүү хурлыг Архивын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхбаатар нээж үг хэлсэн бөгөөд МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга, МУ-ын Их Хурлын дарга М.Энхболд, МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд, Ерөнхий сайдын зөвлөх Ц.Тогоо нар уламжилсан юм.

Мөн тус хурлаар Чингийн төр ба Халхын Сайн Ноён нарын харилцаа, Улсын их хурал ба Сайн ноён хан Т.Намнансүрэн, Монгол Улсын хууль цаазын шинэтгэлд Т.Намнансүрэнгийн оруулсан хувь нэмэр, Сайн ноён хан Т.Намнансүрэн ба лам нарын харилцааны асуудал, ОХУ-ын Эрхүү мужийн Улсын архивт хадгалагдаж буй Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн Хаант Орос улсад хийсэн айлчлалд холбогдох зарим баримт гэх зэрэг маш сонирхолтой 21 илтгэл хэлэлцүүлэгдэж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook