АРХИВЧДЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
img

Аугаа суут эзэн Чингис хаан Их Монгол Улсаа байгуулж “Tөрийн хэргийг хөх бичиг бичиж, дэвтэрлэн ургийн урагт хүргэсүйгэй!” хэмээн зарлиг буулган төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн эрх зүйн үндсийг тавьжээ. 1927 оны 12-р сарын 05-нд архивын албыг байгуулж, түүхэнд холбогдох сурвалж бичиг, ном судар, данс харааны зүйлсийг бүх аймаг хошууд төдийгүй хилийн чанадаас цуглуулах нөр их ажлыг хийж гүйцэтгэж үндэс сууриа тавьж байсан архивын алба эдүгээ Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар болтлоо өргөжин тэлсэн билээ.

Монгол улсад орчин цагийн Архивын алба үүсч хөгжсөний 91 жилийн ой, Монголын Архивчдын өдрийг тохиолдуулан Архивын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхбаатар нийт албан хаагчиддаа баярын мэнд дэвшүүлэн зарим ажилтан, албан хаагчдыг шагнаж урамшууллаа. Тухайлбал: Үндэсний төв архивын ажилтан Х.Гантуяаг Архивын ерөнхий газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр, Цахим сангийн төвийн архивч-операторч Г.Намуун, Г.Отгонням, Түүхийн баримтын архивын сан хөмрөгч М.Тунгалагсайхан нарыг Архивын ерөнхий газрын “Өргөмжлөл”-өөр тус тус шагнаж урамшуулав.

Мөн ойн хүрээнд Архивын ерөнхий газрын нийт албан хаагчдын дунд танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгуулж 1, 2 дугаар байрыг шалгаруулж Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа. АХА тэмдээний I байранд Лавлагаа үйлчилгээний төвийн ахлах архивч Д.Даваасүрэн, II байранд Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивын сан хөмрөгч Б.Болормаа нар шалгарсан юм.

Түүнчлэн төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн Захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Д.Ганчимэг, Мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтэн Б.Отгонбаяр нар Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

 

Архивын ерөнхий газраас уламжлал болгон зохион байгуулж буй “Бидний бахархал” цуврал уулзалт, ярилцлагын энэ удаагийн зочноор Төрийн соёрхолт, түүхийн ухааны доктор Дэмбэрэлийн Өлзийбаатар оролцлоо.

Тэрээр Архивын ерөнхий газрын даргаар тасралтгүй 13 жил ажиллаж байсан туршлагатай бөгөөд архивын салбарт ажилласан байсан дурсамж туршлагаасаа залуу үеийнхэндээ хуваалцлаа.

Архивын салбарт ажиллаж байсан үе үеийн ахмадууд, МУ-ын өнцөг булан бүрт ажиллаж байгаа архивчид болон Архивын ерөнхий газрын нийт хамт олондоо МУ-д орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний 91 жилийн ой, Архивчдын өдрийн баярын мэндийг дэвшүүлье.

Улс орныхоо түүхийн хуудсыг хамт бичилцэх чин сэтгэлээр жигүүрлэн хэтийн зорилго, үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж гар, сэтгэл нийлэн хөдөлмөрлөх Архивчдын алдар, ажлын амжилт үеийн үед үргэлжлэн хөгжих болтугай.

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook