Архивын техник хэрэгсэл хүлээн авлаа
img

Монгол Улсын Архивын ерөнхий газар болон БНХАУ-ын Төрийн архивын удирдах газрын хамтын ажиллагааны хүрээнд АЕГ-т архивын шинэ техник хэрэгслийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2015 оны долдугаар сарын 23-ны өдөр боллоо.

БНХАУ-ын Төрийн архивын удирдах газраас Монгол Улсын Архивын ерөнхий газарт цаас зүсэгч машин, гар аргаар ном дарагч машин, цаас зүсэгч гар машин, баримтын сканнер, хавтгай сканнер зэрэг архивын техник хэрэгслийг буцалтгүй тусламжаар олгосон юм.

Тус ёслолын ажиллагаанд Монгол Улсын Архивын ерөнхий газрын удирдлагууд болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Ян Чин Дон /Элчин зөвлөх/,  Соёлын зөвлөх Ли Вэй, 1-р нарийн бичгийн дарга Дэ Бө, Элчин сайдын зөвлөх Ван Чиан нар оролцлоо. Ёслолын ажиллагааг нээж АЕГ-ын дэд дарга Г.Билгүүн хэлсэн үгэндээ “Монгол Улс болон БНХАУ архивын салбарт хамтран ажиллаад 23 жил болж байна. Энэ хугацаанд олон ажлыг амжилттай зохион байгуулсан. Манай архивын байгууллага нь олон улс болоод хөрш 2 орны архивын байгууллагатай нарийн, нягт уялдаатай хамтран ажилласаар ирсэн бөгөөд Монгол Улс болон Хятад Улсын архивын удирдах байгууллагуудын хоорондын харилцаа эрчимжиж байгаа” хэмээв. Мөн БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Ян Чин Дон “Өнөөдрийн үйл ажиллагаа бол хоёр орны архивын салбарт амжилттай хамтран ажиллаж байгаагийн нэг илрэл. Эдгээр тоног төхөөрөмж нь 160 мянган юаны буюу 64 орчим сая төгрөгийн үнэтэй бөгөөд БНХАУ-ын архивын удирдах газраас үзүүлж байгаа сэтгэлийн бэлэг гэдгийг онцлон хэлмээр байна. Энэхүү тоног төхөөрөмж нь Монгол Улсын архивын үйл ажиллагаанд багахан ч гэсэн хэрэг болно хэмээн итгэж байна. Хоёр орны архивын салбар дахь цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсье” гэв.

Архивын ерөнхий газар нь 2014 оны долдугаар сард БНХАУ-ын Төрийн архивын удирдах газартай хамтран ажиллах гэрээ байгуулахаар албан ёсны айлчлал хийж байсан бөгөөд энэ үеэр хоёр улс архивын салбарт хамтран ажиллах 2015-2016 оны төлөвлөгөөг хэлэлцэн тохирсон билээ. Мөн үеэр Монгол-Хятадын харилцааны тухай архивын баримт бичгийн эмхэтгэлийг хамтран бэлтгэж нийтлүүлэх, Монгол Улсын архивчдын төлөөллийг БНХАУ-ын архивын үйл ажиллагаатай танилцуулах, архивын техник хэрэгслийн хангамжийг сайжруулахад БНХАУ-ын талаас туслалцаа үзүүлэх зэрэг асуудлыг харилцан тохиролцсон юм. Үүний дагуу архивын техник хэрэгслийг БНХАУ-ын Элчин сайдын яамаар дамжуулан Архивын ерөнхий газарт ийнхүү хүлээлгэн өглөө.

Төрийн архивын удирдах ажилтны зөвлөгөөн 27 дахь удаагаа болж байна
img

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газраас “Төрийн архивын удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг 2015 оны зургадугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Тус зөвлөгөөн нь 1957 оноос эхлэлтэй бөгөөд төрийн 35 архив буюу 21 аймаг, нийслэлийн архив, салбар төрөлжсөн архивын дарга болон АЕГ-ын удирдлага, мэргэжилтнүүд, улсын байцаагч, ҮТА-ын архив, төвийн эрхлэгч нар оролцож байгаа юм

Энэ удаагийн зөвлөгөөнийг Архивын салбарын өнөөгийн байдал, шинэчлэл, орчин үеийн архивын чиг хандлага, цахим архив сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Эдгээр асуудлын хүрээнд АЕГ-аас төрийн архивуудын 2014 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, төрийн архивт хөмрөг үүсгэгч байгууллагад зэрэглэл тогтоох, нөхөн бүрдүүлэх эх үүсвэрийн жагсаалт боловсруулах арга зүй, “Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн III үе шатны хэрэгжилтийн явц, архивын цахим мэдээллийн сан байгуулж буй ажлын явц, цаашдын зорилтын талаар хэлэлцэж байна.

Орон нутгийн архивуудын 53 хувь нь аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд, 29 хувь нь музей, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн байранд архивын баримтыг хадгалж байгаа нь архивын баримтын хадгалалт, хамгаалалтын нөхцөл горим алдагдаж, архивын зориулалтын байртай болох асуудал хурцаар тавигдаж байгаа талаар урд урдын зөвлөгөөний үеэр яригдаж байв.

Тэгвэл 2014 онд төрийн архивуудаас удирдлага зохион байгуулалтын талаар дорвитой арга хэмжээ авч ажилласан тухай тус зөвлөгөөний үеэр онцоллоо. Тухайлбал, 2014 онд Төв аймаг, Говь-Алтай аймгийн архивын тасаг Архивын шинэ байртай болсон байна. Мөн Нийслэлийн архивын газар, Говь-Сүмбэр аймгийн архивын тасаг, Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын мэдээллийн төв зэрэг нь архивын байрны хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулжээ.

Түүнчлэн төрийн архивууд архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажилтай холбоотой хөмрөгийн баримтанд иж бүрэн нягтлан шалгалт дахин боловсруулалтын ажлыг сүүлийн жилүүдэд эрчимтэй хийж байгаа нь сайшаалтай байгаа тухай зөвлөгөөнд оролцогсод хэлж байна.

Тоон үзүүлэлтээс сонирхуулбал: Нийт төрийн архивын хэмжээнд цахим хэлбэрт шилжүүлсэн баримтын тоо өмнөх онуудынтай харьцуулбал эрс өссөн ба 1797 хөмрөгийн баримтыг иж бүрэн цахим хэлбэрт шилжүүлэн, ашиглалтад оруулж, иргэдэд лавлагаа мэдээллээр хөнгөн шуурхай үйлчлэх боломжтой болсон.

Архивын баримтыг байгууллага, иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг хангах, шинжлэх ухаан, нийгэм, танин мэдэхүйн зорилгоор ашиглуулах үйл ажиллагаа нь төрийн архивуудад сайн байна.

Өмнөх зөвлөгөөнөөр төрийн архивуудын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай хэмээн дүгнэж, төрийн архивын орон тоог нэмэх, мэргэжлийн боловсон хүчнээр бэхжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, харьяа салбар, орон нутгийн байгууллагуудыг орон тооны архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтантай болгох, төрийн архивын байрны нөхцөл, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, төрийн албан хаагчдын албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн стандартын талаарх мэдлэгийг сайжруулах, төрийн болон байгууллагын албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх, цахим сан бий болгох ажлыг эрчимжүүлэх, архивын мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах зэрэг асуудлыг хэлэлцэж байв. Зөвлөгөөнөөс “Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг сайжруулах талаарх зарим арга хэмжээний тухай” зөвлөмж гаргаж, Улсын Их Хурал, Засгийн газар, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагад хүргүүлсэн байдаг.

Улсын баярын ёслолыг явуулах дүрэм”-ийн тухайд
img

Бидний өвөг дээдэс эртнээс Төрийн баяр, ёслол,  эрийн гурван наадам хийж ирсэн уламжлалтай ард түмэн. Чухам хэдий үеэс тэмдэглэдэг болсон, ямар учиртай тухай өгүүлэхэд бидний энэ бэсрэгхэн мэдээнд хамруулан үзэх   боломжгүй өргөн хүрээг хамрах юм.

Бидний хөндөж буй Улсын баярын тухай асуудал өнөөдрийг болтол нэг мөр болоогүй маргаантай байгаа сэдвийн нэг.

Засгийн газрын 1922 оны долоодугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар хуралдаанаар жил бүр “Улсын баярын ёслолыг явуулах дүрэм хэмжээ” баталсан хэмээдэг.

Уг тогтоолд холбогдох болов уу хэмээн Монгол улсын Үндэсний төв архивт хадгалагдаж буй “Ёслол баярын зүйл”, “Монгол ардын намын төв хорооны төлөвлөн зохиосон Монгол ардын Улсын баярын ёслолыг явуулах дүрэм хэмжээ” хэмээх ямар нэгэн тамга тэмдэггүй, гарын үсэггүй төсөл хэлбэртэй дараах баримтыг толилуулж байна.

Богдын Зарлиг нь мөн мутарын тэмдэг тавиагүй төсөл хэлбэртэй, уг дүрмийн агуулга дотор гарч буй БАЯРЫН ЗАРЛИГ хэмээхийн төсөл болов уу. Дараах хоёр дүрмийн төсөл нь агуулгын хувьд бараг ижил боловч оршил хэсэг нь бага зэргийн өөр, хоёр дахь дүрэм нь “Монгол ардын намын төв хорооны төлөвлөн зохиосон Монгол ардын Улсын баярын ёслолыг явуулах дүрэм хэмжээ” гэсэн толгойтой эхний хоёр баримтаасаа бичвэр нь өөр, “Ёслол баярын зүйл”, “Зарлиг”  нь бичвэр нь ижил байгаагаараа онцлог юм.

“Зарлиг. Миний дээд үеэс монголчуудын багш болоод, соён засаж ивээн хамгаалсаар эдүгээд хүрч ирэв. Одоо цагийн байдал болвоос дотоодыг засах, гадаадад нэвтрэлцэх хамаг засгийн бодлого эртний цаг лүгээ тун адил үгүй. Би төрөлхөөсөө эрхэм суурин хэтэрхий гавьяаг хүсэхгүй. Гагцхүү өршөөх нигүүлсэхүйг үндсэн болгох болой. Засгийн ёс маш өнө, их л шудрага төвшин, хэрэг болох тул таны олон бүгдээрийн үнэнхүү сэтгэлээр бишрэн хүндэлж улируулан өргөмжилснийг хүлээж, Монгол улсын хааны суурийг эзлэв. Би басхүү цагт нийлүүлэн тухай зүйд тохиолдуулахыг бодох тул тийнхүү шар, хар, дээдэс, доордос олны зөвлөлдөн тогтоосныг дуртайяа зөвшөөрөн улсын байдлыг шинэчлэн халж, засгийн бодлогыг өөрчлөн тогтоов. Энэ нь миний нэгэн биеийн эрхэм хүндийг үл санан тусгайлан түмэн иргэн нь тийш өршөөн адил хамгаалах туйлын таалал мөн буюу. Зуны сүүл сарын шинийн зургаан нь улсын засгийг тогтоосон өлзийт өдөр болох бөгөөд нийтийн баяр ёслолыг явуулахын тул би төрийн ордонд заларч олон сайд, лам ноёд, бичиг цэргийн түшмэдийн ёслон мөргөхийг хүлээн авч, улсын бүхнээр баяр ёслолыг төгсгөв. Үүнээс Монгол улсын төр шашиныг улмаар бататган дэлгэрч хамаг бүгдээр туйлын жаргаланг олж эдлээд, өнө удаан буяныг олтугай хэмээн үүний тул ЗАРЛИГ буулгав.”

Хувьсгалчдын харилцаж байсан нууц түлхүүр бичиг
img

Монгол улсын Үндэсний төв архивын Улс төрийн нам, олон нийтийн байгууллагын баримтын архивын /Цаашид УТНОНББА гэж тэмдэглэнэ. Т.С/ хосгүй үнэт хөмрөг болох Монголын хувьсгалын анхны нууц хоёр бүлгэм, МАН үүсч нууц байх үеийн бичиг баримт, хувьсгалчдын харилцааны чухал хэрэгсэл болж байсан нууц түлхүүр бичиг зэрэг ховор чухал эх сурвалж хадгалагдаж байдаг.

Үүнээс монголын хувьсгалчдын харилцаж байсан нууц түлхүүр бичиг болох баримтыг сонгон авч үзлээ. Эдгээр баримт нь ҮТА, УТНОНББАрхив, Х-1, Д-1, ХН-4, 5, 6, 8, 15, 18, 19, ХҮХ-1, Д-1, ХН-15, 16-д хадгалагдаж буй бөгөөд Үндэсний архивын газрын 2003 оны “Архивын хосгүй үнэт баримтыг тодорхойлох, тоо бүртгэл хөтлөх, ашиглуулах журам”-ын 2.4-т заасан үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг хангаж Үндэсний төв архивын хосгүй үнэт баримтад бүртгэгдсэн болно.

Баримтын онцлог нь 5,83x8,27 харьцаатай тууш шугамтай дэвтэрийн цаасан дээр бичигдсэн 14 хуудас, мөн цахилгаан утас нь төрөл бүрийн хэмжээтэй цаасан дээр бэх болон харандаагаар бичигдсэн байна. Мөн эдгээр баримтын ашиглалт болон хадгалалтын явцад гэмтсэн гэмтлийг сэлбэн засчээ.

1920 оны 6 дугаар сарын эцсээр болсон МАН-ын нэг хурлаар хэлэлцсэн асуудлын нэг нь МАН-ын нууц ажлын арга барил, харилцаа холбоог боловсронгуй болгох зорилгоор хувьсгалт нууц ажлын нэн чухал хэрэгслэл 400 гаруй үгтэй нууц үгийн түлхүүр бичиг боловсруулсныг хэлэлцэн баталсан хэмээн судлаачид өгүүлсэн байдаг ч уг түлхүүр бичигт холбогдолтой ямар нэгэн хурлын тэмдэглэл архивт хадгалагдаж үлдээгүй байна.

Нууц түлхүүр бичиг нь зохиомж, агуулгын хувьд өргөн, цаг үеийн нөхцөл байдал, хувьсгалчдын харилцааны үйл ажиллагаатай нягт уялдан зохицсон нэр томъёог сонгон хэрэглэж байсан гэж С.Ичинноров цохон тэмдэглэжээ. [1]

Нууц түлхүүрийн зохиогчийн тухайд бол МАН-ыг үүсгэн байгуулагчид, ЗОУ-д явсан анхны 7 төлөөлөгч болон тэдэнтэй холбогдолтой хэмээн үздэг боловч эдүгээ түүх бичлэгийн хувьд дахин нягтлах шаардлагатай байх.

Тухайлбал С.Ичинноров “Д.Сүхбаатар 1919 оны эцсээр Зүүн Хүрээний бүлгэмийн гишүүн Б.Пунцагийг Хиагтад очиж ажиллахад нь Зөвлөлт Орос Улсын байдал Оросын цагаантан-Колчак, улаан цэрэг хоёрын аль нь дийлж байгааг мэдээлж янагш захиа явуулаарай. Цагаантан дийлбэл “Овъёос үнэтэй байна. Овъёос явуулж чадахгүй нь” гэж нууц томъёоллоор мэдэгдэж байхыг даалгасан сонирхолтой мэдээ байдаг. “Би … улаан цэргийн ялалтыг Сүхбаатарт сонсгохоор “овъёос үнэтэй байна” хэмээн гурван удаа цахилгаан явуулсан” гэж Пунцаг бичсэн байдаг. Энэ нь хожим зохиосон нууц түлхүүрийн томъёололтой утга санаа зохиомж адил байгаа нь нууц түлхүүрийг зохиогчийн нэг нь Д.Сүхбаатар болохыг нотлохын зэрэгцээ тэдний харилцаанд нууц нэр томъёог 1919 оны эцсээс хэрэглэж тэр нь нууц түлхүүрийг зохиох үндэс болжээ гэж үзэж болно. Нууц түлхүүр нь ганц нэг хүний бус хамтын бүтээл болох нь эргэлзээгүй. Хувьсгалчид нууц түлхүүр бичгийг боловсруулж эзэмшихийн тулд тус тусын хувилбарыг авч явах их хөдөлмөр гаргажээ. Ялангуяа анхны долоо Зөвлөлт Орос Улсад очсон хойно Нийслэл Хүрээнд үлдсэн нөхөд нууц түлхүүрт зарим нэг нэр томъёог нэмж оруулан, Зөвлөлт Орос Улс (ЗОУ)-д явсан нөхөддөө хүргүүлэхээр МАН-ын гишүүн Г.Гүрсэдийг 1920 оны эцсээр хойш явуулсан боловч Өвөр Хиагт хүрээд цааш хил нэвтэрч чадаагүй эргэж иржээ”.[2] хэмээн түлхүүр үг зохиогчийн тухайд дурдсан байна.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook